Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн зургадугаар сараас иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийж, 20 гаруй махны үйлдвэрийг лацадсан. Уг асуудлыг шалгах ажил удааширсан тул Шадар сайд С.Амарсайхан НМХГ-ын дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг хүртэл өгсөн. Прокурорын байгууллагын дүгнэлт гарсан ч тухайн лацадсан үйлдвэрүүдийн махыг одоог хүртэл устгаагүй хэвээр байгаа юм.
Гэхдээ тус махыг ямар нэгэн байдлаар худалдаанд гаргах боломжгүйг онцолсон.
Тэгвэл өнөөдөр /2022.11.10/ дулааны аргаар мах боловсруулж байсан найман аж ахуйн нэгжийн махнаас нянгийн хэмжээ хэтэрсэн зөрчил илэрсэн байна. Тиймээс “Өлзийт тал” ХХК-ийн бэлтгэсэн 0.8 тонн махыг нянгийн хэмжээ хэтэрсэн гэдэг үндэслэлээр устгажээ.
Тус компанийн хувьд 500 орчим тонн мах нь чанарын шаардлага хангаагүй гэж үнэлэгдсэн байна.
Өнөөдөр хураагдсан, чанарын шаардлага хангахгүй 800 кг махыг устгажээ. Дараагийн удаад 500 кг махыг устгана гэдгийг албаныхан мэдээллээ.
Харин үлдсэн нь аж ахуйн нэгжээс шүүхэд маргаан үүсгэсэн байна. Тиймээс одоогоор зарим үйлдвэрийн нянтай махыг устгаагүй байгаа аж.
"Эмээлт"-ийн зарим махны үйлдвэрийн лацыг авч, мах экспортлох зөвшөөрөл олгоод гурван сарын хугацаа өнгөрч буй. Өнгөрсөн саруудад МХЕГ-аас экспортын мах бэлтгэх, экспортын мах бэлтгэх эрхгүй үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчлүүд илрүүлсэн. Нийт 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага 49 үйлдвэрт хяналт тавьж ажиллаж байгаа юм. Нэгдүгээрт, дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 6000 гаруй тонн махыг Хятад руу гаргаж эхэлсэн. Хоёрдугаарт, мах экспортлох эрхгүй байж дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байгааг мэдэгдсэн.
Тодруулбал, "Үүлэнгөү" ХХК, "БӨКТ" ХХК, "Натурал грийн фүүдс" ХХК, "Оргилон гүн" ХХК зэрэг аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлжээ.
Гуравдугаарт, стандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ аван хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу устгах эсэхийг шийдэх нь.
МХЕГ-ын шийдвэрээр шаардлага хангаагүй махыг Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Тиймээс шаардлага хангаагүй махыг зөвшөөрлийн дагуу цаашид устгалд оруулах юм байна.
Холбоотой мэдээ