Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

Намрын халуун өдрүүд

Банзрагчийн Дэлгэрмаа

Энэ жилийн намар эмэгтэйчүүдийн сенсациар дүүрэн.

Хичээлийн шинэ жил эхэлж Ж.Соронзон ахайн үйл явдлаар донсолсон 9 дүгээр сар, “хатан ижий” Д.Сарангэрэлийн улны сенсац 10 дугаар сард нийгмийг бухимдуулж, Б.Болор-Эрдэнэ хэмээх залуу дэд сайдын болчимгүй үгс 11 дүгээр сарын голлох сонин болов. Ямартай ч гурвуулаа албан тушаалаасаа огцров. Манай нийгэм нэг талаар олны танил, улс төрчдийн эсхүл албан тушаалтнуудын үйлдэлд маш их мэдрэмтгий болсон мэт.

Нэг. “Соронзон”-гийн кэйз. Үүнийг өнгөц харахад, нэгэн сэтгүүлчийн “өдөөн хатгалга”-д Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн өгсөн бүдүүлэг, дээрэлхүү хариултаас  үүдэлтэй манай нийгэмд өрнөсөн “солонгос драм”. Харин асуудлын гүн рүү өнгийвөл, монголд сүүлийн 15 жилд бий болсон нийгмийн давхраадын хэт ялгарал,  боловсролын тогтолцооны гажуудал зэрэг  нарийн бөгөөд  эмзэг сэдэв харагдана.

Эдгээрийг эс дурдан ганцхан зүйлийг л хэлье. Монгол Улсын тусгаар тогтнол. Орос Украин руу халдан довтолсон явдлыг дэлхий нийтээр буруушааж, НҮБ-ын хэмжээнд авч хэлэлцсэн. Монголын хувьд “төвийг сахих” байр суурьтайгаа илэрхийлээгүй ч ямар ч атугай санал хураалтад түдгэлзсэн цөөн хэдэн орны нэг болсон.

Геополитик гэхээс илүү умард хөршийн эрчим хүч, шатахууны хэт хамааралд орсон Монголын хувьд ийм шийдвэр гаргахаас өөрцгүй байсан бизээ. Манай эрх баригчдад 2021 оны 8 дугаар сарын  “шатахууны хомсдол” том дохио болох ёстой байсан. Харамсалтай нь “попролт” ихэдсэн Засгийн газар зах зээлийн дохио санамжийг үл анхаарч гүрийсээр. ОХУ-ын зүгээс дэлхийн хоригт орсон хэдий ч өөрийн оронд зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд (бизнес форум, спортын уралдаан тэмцээн,  соёл урлагийн арга хэмжээ г.м.) монголын төлөөлөгчдийг урьсаар, манайхан ч түүнд оролцож Белорусийн хамт эдгээр арга хэмжээг  “олон улсын” шинжтэй болгоно.

Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан, одоо ч Евразийн Эдийн засгийн Холбоо гэх ОХУ дангаар 80 хувийг эзлэх байгууллагын гишүүн орон болох Казахстан, Кыргыз, Армен зайгаа бариад “төвийг сахиж” байхад, бид л урьсан болгонд очиж оролцох болов. Ялангуяа, олныг бухимдуулсан цэргийн хэд хэдэн хамтарсан хээрийн сургуулилтад  татгалзсангүй. Өнгөрсөн өвлөөс эхэлсэн дайн  хавар дамнан, зун хүнд хэлбэртээ орж, намар нь  хоёр тал туйлдаж, олон улсын байгууллага, дэлхийн бүхий л удирдагчид дайны хор уршгаар бий болсон эрчим хүчний хямрал, үнийн хөөрөгдөлтэй хэрхэн өвөлжих талаар толгой гашилгаж байна.

Ийм дэвсгэр дээр “3 дугаар сургуулийн үйл явдал” өрнөсөн. Ж.Соронзон хувь хүнээрээ энэ сургуулийг өдий зэрэгтэй болгосон, хамаг амьдралаа зориулсан, маш сайн менежэр байсныг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ захирлын албаа нэр төртэй өгөөд явахын оронд   яагаад ингэтлээ зууралдах болов? Яагаад тус сургуулийг оросын өмч болгох хүртэл тэмцэнэ вэ? Ийм эх оронч бус болох шалтгаан нь юу юм бол? Ямар учраас “no war” залуусын хөдөлгөөнийхнийг огт өөр “сэдвээр” шүүж ял оноож байна вэ? Ямартай ч “Соронзонгийн кэйз” монголын нийгэм оросын өдөөсөн дайныг эсэргүүцсэний илэрхийлэл  болов уу.

Хоёрдахь кэйз. “Сарангэрэл сайдын ул”. Манайд улс төрийн халаа сэлгээний асуудал буюу үе солигдох тухай яриад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Үнэхээр “зурагдсан пянз” гэдэг шиг цөөн хэдэн хүн л үе үеийн Засгийн газарт сайдаар ажилладаг ч үнэн. Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар 5 удаа, саяхан ЗГХЭГ-ын дарга, Д.Дорлигжав (Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Эрдэнэт УБҮ-ийн Ерөнхий захирал,  Мэргэжлийн хяналтын сайд, Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга, Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд), Ч.Хүрэлбаатар (Сангийн яамны ТНБД, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд) түүнчлэн С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн  гэх зэргийн сонгуулиас сонгуульд яамдаа сэлгэгч  хэсэг  бий.

Д.Сарангэрэл У.Хүрэлсүхийн улс төрийн акц буюу нялх биетэй эмэгтэйг дүн өвлөөр төрөх газраас гэрийн шаахайтай гаргаснаас үүдсэн бүрэлдэхүүний  огцролтод өртөн Эрүүл мэндийн сайдын сэнтийгээс буусан нь саяхан.

Д.Сарангэрэл улс төрч болон хувь хүнийхээ хувьд, МАН-ын эмэгтэйчүүдийн манлайлагчдын нэг болохыг үгүйсгэх аргагүй. Гагцхүү нийгмээрээ ковидын үеийн хориг, хил, боомтын хорио, түүнээс улбаатай үнийн хөөрөгдөл, ЖДҮ дуулиан, эдийн засгийн хямралд нэрвэгдэж буй энэ цаг үед дахин сайд болсонд дургүйцсэний илэрхийлэл юм. Хашир туршлагатай улс төрч тэрбээр сайдын сэнтийд дахин залрах  нь илүүц  байсан болов уу. “Сарангэрэлийн кэйз” бол  “…одоо энэ хэд болноо…” л гэсэн нийгмийн дохио байснаас  “ул”-андаа бус буюу.

Гуравдахь кэйз “Обуна”. 80-аад оныхон засагт гарлаа гэж манай Ерөнхий сайд бахархалтайгаар мэдэгдэхэд шинэ үеийнхэн засаглаж, зарим хүн одоо л дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж бий боллоо хэмээн хүлээсэн ч … горьдлого талаар өнгөрч байх шиг…

МАН-ын ээлжит Их хурлыг үндэсний телевизээр шууд, бүрэн дамжуулж, “ах дүү намуудын мэндчилгээ” болох Социнтерний гишүүн зарим орны хамгийн зүүн жигүүрийн намууд болон Кубын коммунист намын мэндчилгээнд  МАН-ын Генсек ихэд сэтгэл хангалуун, нүүр бардам алга ташина.

Ардын хувьсгалаас уламжилсан 100 жилийн ойнуудыг ковидын нөхцлөөс үүдэн, жил ухрааж 2022 онд тэмдэглэв. Бас нэлээд хэдэн аймаг, сумын түүхэн ой тохиолдов. Эгээ л Хойд Солонгосыг санагдуулам… цэрэг, цагдаагийн  жагсаалаар эхэлж, пионерийн улаан бүч зүүсэн хүүхдүүд намын магтууг  дуулна.  Шинэ үе…? Хаанахын Gen-Z үе?

Гэтэл шинэ үеийн төлөөлөл нэгэн хүүхэн “шидэт саваа”-гаар дохиход  манай нийгэм тэр чигээрээ хуваагдав. Олон улсын нэгэн хуралд Цахимын дэд сайд хэмээх Б.Болор-Эрдэнэ панелистаар оролцохдоо монголын төрийн албан хаагчдыг гутаав.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны статистикаас харахад, 208 мянга гаруй төрийн албан хаагчдын дундаж нас 39 аж. 1991 онд дэлхийн газрын зурагнаас алга болсон ЗХУ-ад сургууль төгсөгчдийн хэдэн хувь нь өдгөө төрийн албанд ажиллаж, “зөвлөлт сэтгэлгээ”-гээр ажилдаа хандаж улс орны хөгжилд саад тотгор учруулж байна вэ?

1990 онд монголчууд бид улс төрийн болон эдийн засгийн тогтолцооны шинэчлэл хийхэд үнэхээр “зөвлөлт мэдлэг, сэтгэлгээ”-гээр явж болохгүй, зах зээлийн нийгмийн мэдлэг, мэдээлэл дутмаг байсан болохоор бүхнийг эхлэн шинээр суралцсан. Бүгд л англи хэл эзэмших, өрнө дорны шилдэг сургууль, дамжаанд хамрагдан шинэ нийгмийг бүтээхээр хичээн мэрийж байсан. Тэгэж шинэ үеийн улс төрчид бий болсон. Энэ хугацаанд Жайка, Данида, Азийн сан, Конрад Аденауэрын сан, Фридрих Эбертын сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн зэрэг Япон, АНУ, ХБНГУ г.м. улсын шугамаар төрийн албан хаагчдаа дахин бэлтгэж сургасан.

Тиймээс ч тэр үеийн төрийн албан хаагчид бичиг хэргийн соёлтой, төрийн ажлын туршлагатай, цалин хангамж сайнгүй  байсан ч улс орноо хөгжүүлье хэмээх тэмүүлэл, сэтгэл зүрхтэй байсан юм. Харин ийм хүмүүсийн дийлэнх цагийн эрхээр солигдсон бөгөөд сонгуулиас сонгуульд энэ нам, тэр сайдын хүн гэдэг нь давамгайлах болсон нь ч үнэн.

Нөгөө талаас, энэ 30 жилийн хугацаанд боломжтой айлын болон авьяас чадвартай хүүхдүүд урьд өмнөх үеэ бодоход дэлхийн шилдэг сургуулиудын үүд хаалга нээлттэй болсны ачаар тэдгээрт суралцаж, төгсөгчид цөөнгүй болсон. Гэвч хэт намчирхсан төрийн албанд тэдгээр  залуус ажиллахгүй байгаа нь гачлантай.

“Обунагийн кэйз” бол түүний хэлсэн үг биш,  30 жил зах зээлийн эдийн засагт хөлөө олох гэж амьдралын төлөө тэмцсэн бүхэл бүтэн үеийг үгүйсгэсэн, түүхээ мэдэхгүй, мэдэхийг ч үл хүсэгч залуу үеийн зарим төлөөлөлд үзүүлсэн реакц, Монголд сүүлийн арваад жил бий болсон  сүржин намчирхалт, хэт улс төржилтийн улмаас боловсролтой, чадварлаг залуучууд төрд ажиллахгүй байгаагийн үр дагавар, илрэл юм.  Нөгөөтэйгүүр, төрийн удирдах ажлын туршлагагүй хүмүүсийг шууд удирдах ажилд томилж буй буруу практикийн тод томруун жишээ.

Дашрамд, сошиалд харьцангуй “боловсон” хүмүүс мэдээлэл солилцож, сэтгэгдлээ хуваалцдаг болов уу. Манайхан сэтгэгдлээ бичихдээ, бусдыг гутаан доромжилсон, бүдүүлэг хараал үгс, ялангуяа эмэгтэй хүнийг элдвээр доромжлохоо болимоор байна…

Алдаа гаргасан хүний алдааг л шүүмжлэе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж