"Хоёр орны соёлын харилцааг улстөржүүлэх нь зохисгүй"

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

"Хоёр орны соёлын харилцааг улстөржүүлэх нь зохисгүй"

"Хоёр орны соёлын харилцааг улстөржүүлэх нь зохисгүй"

Турк Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё Налайх дүүрэгт байрлах Мэргэн Тоньюукукын дурсгалт газар музей барих шав тавих ёслолд оролцсон. Тус музейг Туркийн тал 6.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барихаар болсон. Олон нийтийн зүгээс энэ шав тавих ёслолыг шүүмжилсэн. Харин үүнд мэргэжлийн түүхчид ямар байр суурьтай байгааг хүргэе.

Түүхч Д.Анхбаяр:

-Турк улсын эрдэмтэд 20-иод жилийн өмнө Архангай аймгийн Хашаат суманд Куль-Тегины онгон буюу Зүүн Түрэгийн хожуу хаант улсын нэрт их хаадын нэг Билгэ хаанд зориулж босгосон тахил шүтээний цогцолборыг нээж, Монголын талд хүлээлгэн өгсөн. Одоо Тоньюукукын дурсгалт газар музей барьж, Монголын талд хүлээлгэн өгөх гэж байна.

Жишээлбэл, Япон улсын тусламжаар Хархорум хотын музейг барьсан бол ЗХУ-ын үед одоогийн Лениний музейг бэлэглэж байсан.

Энэ жишгээрээ хоёр улсын соёлын харилцааны асуудал. Үүнийг улстөржүүлэх нь зохисгүй. Турк улсын ямар ч судлаач, улстөрч Монгол Улсыг Түрэгийн нутаг гэж огт хэлж байгаагүй. Монгол угсааны Түрэгийн түүх таван боть ном, Монголын эртний түүхийн таван боть номонд бичиж, тэмдэглэсэн байдаг.

Профессор, түүхч Д.Түмэн:

-Монголын соёлын өвийг хамгаалах үүднээсээ музей байгуулах нь зөв. Монголчууд өөрсдөө бие даагаад музей байгуулж чадахгүй бол бусад орны тусламжийг авч, хамтран ажиллах нь зүйтэй. Туркууд Түрэгийг өөрсдийн өвөг дээдэс гэж боддог. Тэр үүднээсээ түүхэн дурсгалт газраа хамгаалж, музей барих санаачлагыг гаргаж байгаа болов уу.

Мэргэн Тоньюукукын дурсгалт газрыг 1940-өөд оноос олж, нээсэн. Түрэг хэлний бичээс шүү дээ.

Манай ахмад археологичид энэ дурсгалт газрын талаар өөрсдийн бүтээл номондоо тэмдэглэж ирсэн. Археологич н.Сэр-Оджав агсны "Монголын эртний Түрэгүүд" гэх ном 1950-иад онд гарч байсан.

Энэ төслийг Монгол Улсын Засгийн газар буюу Соёлын яам хариуцаж, Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших Мэргэн Тоньюкукийн хөшөөний 65.58 кв.км хамгаалалтын бүс дотор 20 га талбайд музейн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ музей, түүний дагалдах барилга байгууламжийн бүс, музейг даган хөгжих худалдаа үйлчилгээний бүс, амралт зугаалгын бүс гэж хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөг нь гарган ажиллах гэнэ.

Хуучнаар БСШУЯ болон ТИКА-ын хамтын ажиллагааны хүрээнд 1994 онд хоёр талын байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд 1997 оноос хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний ажлууд буюу уг дурсгалт газрын зураг болон геофизикийн зэрэг судалгаа хийж, дурсгалуудыг сэргээн засварлаж, хадгалан хамгаалж ирсэн.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Баянцогтын тал” гэх газарт оршин буй Мэргэн Тоньюкукын цогцолборыг музей болгон хөгжүүлэх нь соёлын өвийг хадгалж, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын зорилтуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Түүнчлэн, Монгол орны өнцөг булан бүрд хадгалагдаж байгаа үнэ цэнтэй бусад соёлын биет өвийг энэ жишгийн дагуу хөгжүүлэх сайн туршлагыг бий болгож байгаа нь төслийн ач холбогдлыг улам бүр өргөж байна” гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж