Гаалийн татвар төлөх зохицуулалтаа өөрчилье!

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

Гаалийн татвар төлөх зохицуулалтаа өөрчилье!

Гаалийн татвар төлөх зохицуулалтаа өөрчилье!

Монгол Улсад бодит амьдралд нийцээгүй хууль тогтоомж, зүйл заалт, зохицуулалт олон. Хууль санаачлагчид хөгжингүй орны хуулиудыг үг үсэг, цэг таслалгүй тэр чигээр нь хөрвүүлээд, хуулийн төсөл боловсруулж, батлуулдаг гэдэг нь үнэний ортой биз.

Өнөөдөр гаалийн татвар төлөх зохицуулалт иргэдийг ихэд бухимдуулж байна. Монгол Улсад “Ижил төрлийн бараа, бүтээгдэхүүний тоо ширхэг хоёроос дээш бол, тухайн барааны үнийн дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалсантай тэнцэх хэмжээ буюу 4.2 сая төгрөгийн үнэтэй бол татвар төлдөг” зохицуулалт үйлчилдэг.

Гаалийн ерөнхий газраас энэхүү зохицуулалтаа “Иргэн хоёр ширхэг бараа хилээр оруулж ирж байгаа тохиолдолд татваргүйгээр улсын хилээр нэвтрүүлэх боломжтой. Үүнийг төрөөс олгож буй боломж гэж ойлгоорой" гэж хэлсэн нь иргэдийн бухимдлыг улам дэврээв.

Жирийн иргэн гадаадын орноос ирэхдээ тухайлбал, гурван хүүхдэдээ нэг нэг гар утас хямд үнээр худалдан авч, түүнийгээ хилээр нэвтрүүллээ гэхэд гаалийн татвар төлнө гэж бодохоор тоо ширхэгийн хувьд ч “хатуу” зохицуулалт. Арван бараагаа байг гэхэд ядаж таваас дээш гэж тусгасан бол амьдралд арай ойр зохицуулалт болох байсан талаар иргэд хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Нэгэн иргэн “Том хулгайчдаас авлига авч чаддаггүй гаалийнхан “Хайран мөнгө татварт төлснөөс авлигаа өгөөд нэвтэр” гээд сууж байдаг гэж цахим хуудастаа мэдээлсэн бол бас нэг иргэн гааль дээр хоёр ширхэг бараанаас татвар авсан тухай, мөн нэг төрлийн 2-оос дээш хувцас авсан тохиолдолд татвар төлүүлж, төр иргэнээ шулж мөлжиж байна гэв.

Иргэдийг бухимдуулсан дээрх зохицуулалтын талаар Гаалийн ерөнхий газрын ажилтан мэдээлэл өгөхдөө “Цахим худалдаа хөгжиж буй энэ үед иргэд хилийн чанадад зорчоод, биедээ ачаа бараа тээвэрлэж орж ирэх тохиолдол их гарч байна. Ялангуяа шуудан илгээмжээр захиалах захиалгын худалдаа маш их нэмэгдсэн.

Монгол Улсад хийгдэж буй нийт биет худалдааны бараг гуравны нэг орчим хувь нь онлайн буюу цахим худалдаа болсон байна. Цахим үйлчилгээгээр бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотойгоор гаалийн хууль тогтоомж үйлчилж байна.

Хэрвээ та хилийн чанадаас бараа, бүтээгдэхүүн худалдаж аваад, тэр нь онлайнаар худалдаж авсан бараа, бүтээгдэхүүн байгаад, шуудан илгээмжийн байгууллага буюу каргогоор дамжин орж ирсэн тохиолдолд таны нэр дээр орж ирж буй бараа хоёр ширхэг, өөрөөр хэлбэл нэг төрлийн бараа хоёр ширхэг байгаа тохиолдолд та үүнийгээ гаалийн байгууллагад мэдэгдээд, татваргүй авах боломжтой.

Гэхдээ энэ нь өнөөдөр үйлчилж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс доош үнэтэй тохиолдолд татваргүйгээр улсын хилээр нэвтрүүлэх боломжтой. Үүнийг төрөөс олгож буй боломж гэж ойлгох ёстой. Нэг төрлийн бараа хоёроос илүү бол улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн байгууллагад мэдүүлээд, Гаалийн тухай хуулийн дагуу татвараа төлөөд, улсын хилээр нэвтэрч болно гэж ойлгож болно” гэсэн юм.

Иргэдийн хувьд ижил төрлийн тухайлбал, гурван ширхэг оймс, гутал гадаадаас оруулж ирлээ гэхэд төр татвар авч байгаа нь үнэхээр ойлгомжгүй зохицуулалт болохыг хэлж, гаалийн татвар төлөх зохицуулалтаа яаралтай өөрчлөхийг сануулж байна.

Өмнө нь Гаалийн ерөнхий газрын шийдвэрийн дагуу бүх карго компаниар агаарын ачаанд ирсэн “IPhone-14” загварын гар утсуудыг саатуулсан. Тус газраас асуудлыг шуудангийн гааль хариуцан шалгаж байгааг хэлээд, нэг хүн ижил төрлийн барааг хоёр ба түүнээс дээш тоогоор оруулж ирж буй бол гаалийн татвар төлөх зохицуулалт үйлчилдэг. Нягтлах болон аюулгүй байдлын үүднээс шуудангийн гааль шалгаж байна гэж мэдээлсэн билээ.

Гаалийн хууль тогтоомжид:

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ

38.1.15. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж.

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

13.1.24. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж;

УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ

2.1.1. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий, хувь хүний нэр дээр илгээсэн илгээмж.

2.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.24-т заасны дагуу хувь хүний нэр дээр ирсэн дараах илгээмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.2.2.1.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий, хувь хүний нэр дээр илгээсэн илгээмж.

ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭД ЗҮЙЛИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ

5.11. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй бөгөөд 3000000 /гурван сая/ төгрөг болон түүнээс доош үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт №2/-аар, 3.000.001 төгрөг /гурван сая/-өөс дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж