Д.Амарбаясгалангийн стратегийн ГУРВАН АЛДАА!

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалангийн стратегийн ГУРВАН АЛДАА!

Д.Амарбаясгалангийн стратегийн ГУРВАН АЛДАА!

Манаачаар нь манаж яваа хуулийг нь зөрчүүлэн байж, давхар дээл нөмөрсөн нь МАН-ын түмэн алдааных нь эхлэл байв. Сайдын суудал тоотой, цагаан байрных нь горилогч хар мянгуулаа. Хашгирсан болгоны амыг албан тушаалаар хаах боломжгүй. Тиймээс МАН доторх зөрчлийг Засгийн танхимд оруулж ирсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд улс төр талаасаа “амаргүй” байдал үүсгэв. “Давхар дээлээ” булаацалдсан МАН-ын хэрүүл хямрал дээр тос нэмээд зогсохгүй том  зорилгодоо гай дагуулж мэдэхээр харагдаж байна.

Уг нь, Л.Оюун-Эрдэнийн засгийн “Шинэ сэргэлтийн бодлого”, эрчим хүчний төслүүд, нээлтэй гадаад харилцаа нь олон нийтээс багагүй дэмжлэгтэй, хүлээлтэй байгаа билээ. Тэрбээр өнөөдрөөс нэг жилийн өмнө “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж байсан агаад өнгөрсөн 365 хоногт чамгүй үр дүнтэй ажиллажээ. Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замыг ашиглалтад оруулж, Ханги-Мандалын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлж, Оюутолгойн хэрүүлийг эцэслэж, Хөгжлийн банкны хулгай луйвартай тэмцсэн зэрэг Монголд хэрэгтэй том ажил нь “жижигхэн” алдаанууддаа чирэгдэж байгаа нь бас худлаа биш юм.

Том чулууг жижиг чулуугаар хөдөлгөдөг физикийн хууль ёсоор Л. Оюун-Эрдэнийн засагтай хамт Монголд хэрэгтэй энэ төслүүд “төгсөх” бодит эрсдэл байна.

Ийм жижиг чулууг хөшүүрэгддэг газар нь МАН-ын цагаан байр болоод удлаа. Уг нь  тэд намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газраа дэмжин  2024 оны сонгуульд нийгмээс оноо цуглуулж байх ёстой байтал МАН-ын гал тогоо нэг амаараа хүний эрх, эрх чөлөө ярьж, нөгөө гараараа иргэдтэйгээ шүүхддэг, бүр цаашилбал Оросын эрх баригчдын ашиг сонирхлыг Монголд хамгаалдаг газар шиг ажиллаж, ажиглагдах болсон. Товчхондоо, МАН ын хоёр жилийн дараах ялагдал  намын цагаан байранд нь боловсорч байна.

Нэгдүгээр алдаа:

ЗГХЭГ-ын гал тогоог Д.Амарбаясгаланд хариуцуулж буй нь Ерөнхий сайд түүнд итгэсэн, найдсаных. Тэдний энэ эв нэгдэл, хамтрал хаа хүрээд өндөрлөхийг, “хар муур” хэзээ гүйж эхлэхийг одоогоор хэлэхэд эртдэнэ. Ямар ч байсан МАН-ын наяад оны залуус өнөөдөр намдаа ч, төрд ч ачаа хүндийг үүрч яваа нь үнэн. Тэдний хооронд нь яс хаях хүсэл АН-д гэхээсээ МАН-ын ах нарт бий ч үнэн.

Үндсэндээ, нам төрийг дөчин жил хамтад нь удирдсан Ю.Цэдэнбал даргын эрин үе МАН-ын  шинэ үеийн төлөөлөл гэх генсек Д.Амарбаясгалангийн үед эргэн ирж байна. 1990 оны ардчилсан хувьсгалаар нам төрийг заагласан дэвшлээс МАН ухарч, намын генсек нь ЗГХЭГ-ын даргын тамгыг хамтад нь атгасан алдаа байлаа.

МАН-ын дүрмийн 29.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэгийг хориглоно” гэж зааж өгсөн. Тиймээс МАН нэг бол дүрэмдээ өөрчлөлт оруулах эс бөгөөд Д.Амарбаясгалангийн “давхар дээл”-ийг тайлахаас өөр аргагүй. Арванхоёрдугаар сарын 6-нд буюу АН-ын “төрсөн өдрөөр” хуралдахаар товлосон Бага хурлаараа эрх баригчид энэ асуудлыг ярилцана, ярилцахгүй гэж хэвлэлүүд "вангадаж" буй. Гэхдээ асуудлыг нэг тийш нь  ойлгомжтой, тодорхой болгож шийдэхгүй аваас цаашдаа Ардын намын мянган зовлон болж хувирна.

Хоёрдугаар алдаа:

Жилийн өмнөх МАН-ын 30 дахь Их хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-оо танилцуулж байсан билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зарласан “Шинэ сэргэлтийн бодлого” эдийн засагт эерэг хүлээлт бий болгосон. Эсрэгээрээ Д.Амарбаясгалангийн  Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого нь хүний эрхийг зөрчихөд чиглэж ирлээ.

Жишээ нь, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Одбаяр нарын таван иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял оноосонд олон нийт бухимдалтай байгаа. Үүнийг нь өлгөж авах улс төрийн бүлэглэлүүд, тэр тусмаа МАН-ын цагаан байрныхан нэгнээ ам уралдан чичилж, буруутнаар хэн нэгнийг тодруулахаар уралцаж буй нь үнэн. Монголын хамгийн баян “нүүрсний бүлэглэл” яг энэ “өөн” дээр гарамгай ажиллаж буй нь хэнд ч тодорхой ажиглагдаж байна.  Үйл явдлаас, засгийн хоёр ч сайдын тайлбараас харахад Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргаагүй юм байна. Харин түүний өмнөөс МАН-ын гал тогоо болох Хэрэг эрхлэх газар нь баг томилж гомдол гаргасан болохоор улс төрийн энэхүү тэнэг үйлдлийн хариуцлагыг генсек Д.Амарбаясгалан нь үүрэх ёстой юм.

Гуравдугаар алдаа:

Д.Амарбаясгалангийн "Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого" танилцуулахдаа  хувь хүний болон бизнесийн эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийнэ гэж амалсан. Энэ ажлын хүрээнд “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”-г намынхаа дэргэдээ байгуулж, гүйцэтгэх захиралаар хуульч, өмгөөлөгч Б.Баасанжаргалыг  “Бодлогын зөвлөл”-ийн даргаар УИХ-ын гишүүн  Н.Энхболд, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг ажиллуулах болсон. Бодлогын зөвлөлийн гишүүдээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ц.Баярсайхан, Ж.Сүхбаатар, П.Анужин, Т.Аубакир, Ц.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд Монголд зөрчигдөж, үгүйлэгдэж буй хүний эрхийн талаар тэдний нэг нь амаа ангайсангүй.

Монголын хэвлэлийн эрх чөлөө өнгөрсөн нэг жил 22 байраар ухарч, 90 дүгээр бичигдэж буйгаас харвал Д.Амарбаясгалангийн "Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого" хөрсөн дээрээ буусангүй.

МАН хүний эрхийн асуудалд туйлын мэдрэмжгүй, дабль стандартаар ажиллаж буй нь үнэн. Ямар мэдрэмжтэй хүн атлаа Ардын намын генсек Д.Амарбаясгалан  оросуудтай видео уулзалт зохион байгуулж, зарим сэтгүүлчдийг Оросын суртал ухуулга, улс төрийн пропаганда хийлгэхээр фронт руу явуулах билээ.  Дэвшүүлсэн онолоо ойлгодог бол хүний эрх талаасаа энэ түүний хамгийн том алдаа нь байв. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан нэг амаараа хүний эрх тунхаглаж, нөгөө гараараа хүний эрх зөрчиж байна гэсэн үг.

Тэгээд яах ёстой вэ?

Улс төрийн нам үргэлж шинэчлэгдэж байх ёстой. Үгүй бол улс төрийн зах зээлд оршин тогтнох боломжгүй. Ухралт хийж бүр болохгүй. Үндсэн хуулиндаа чөлөөт нийгмийг тунхагласан улс орны хувьд эрх баригчид хамгийн түрүүн нам төрийг хослон барих гэсэн хуучинсаг сэтгэлгээнээсээ салах шаардлагатай. Товчхондоо, төрийн гал тогоо, намын гал тогоо хоёроо ялгаж, салга гэсэн үг.  Нэг нүүрээрээ иргэддээ гомддог, нөгөө нүүрээрээ хүний эрхийг тунхагладаг хоёр нүүрнээсээ ангижрах хэрэгтэй. Эцэст нь МАН эрх барьж болохоор л тэдний алдаа илүү тод харагдаж, эмзэг тусч буй болохоос  АН үүнээс дор нөхцөлтэй байгаа нь бодит үнэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж