АНУ-ын цөмийн шумбагч онгоцны мэдээллийг худалджээ

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын цөмийн шумбагч онгоцны мэдээллийг худалджээ

АНУ-ын цөмийн шумбагч онгоцны мэдээллийг худалджээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цөмийн инженер Жонатан Тоббе шумбагч онгоцны нууцыг гадаад улсад худалдахыг завдсан хэргээр хорих ял сонсчээ. Тэрбээр эхнэр Диана Тоббегийн хамт хоёрдугаар сард тэнгисийн цэргийн цөмийн хөдөлгүүртэй холбоотой мэдээллийг худалдахаар тохиролцсон гэдгээ хүлээсэн юм. Энэ хэргийн улмаас Жонатанд 19 жил гурван сар, Дианад 21 жил найман сарын хорих оноов.

Эхнэр Диана нь нөхрөө маш нууц зэрэглэлтэй мэдээллийг худалдах үед хамт байлцаж, ажиглагчаар оролцсон гэж шүүх үзжээ. Тэрбээр эхэндээ өөрийгөө гэм буруугүй гэж баталж байсан ч нөхөр нь хэргээ хүлээсний дараа хуйвалдаанд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Жонатан Тоббе төрийн нууц агуулсан санах ойн картуудыг бохь, сэндвич зэрэг эд зүйлсийн дотор хийж нуусан байсан. Тэр нууц мэдээллээ өгөхийн тулд олон км замыг туулж явсан ба төлбөрөө криптовалютаар авчээ. Мөн бүх мэдээллээ 51 багц болгон хуваагаад тус бүрт нь 100 мянган ам.доллар авахыг хүссэн байна. Жонатан болон гадаад улсын төлөөлөгчид хоорондоо солилцсон цахим шуудан нь Алис Хилл, Боб Бернс гэсэн нууц нэрээр явжээ.

Гадаадын худалдан авагч нь чухам хэн байсныг АНУ-ын эрх баригчид хараахан тогтоогоогүй байна. “The NY times” сонинд мэдээлснээр Бразил улс байж магадгүй аж. Одоогийн байдлаар Хятад, Франц, Энэтхэг, ОХУ, Их Британи, АНУ гэсэн зургаан улсад цөмийн шумбагч онгоц бий. АНУ өмнө нь шумбагч онгоцныхоо технологийг Их Британитай л хуваалцаж байжээ.

Эхнэр нөхөр хоёр гадаад руу зугтах, хэлний мэдлэгээ сайжруулах талаар ярилцдаг байсныг мөрдөн байцаагчид олж илрүүлсэн. Тэд хоорондоо францаар ярьдагаас нь үзвэл Европын оронд нууцыг худалдсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Диана Тоббе хэлэхдээ нөхөр нь Дональд Трампийг үзэн яддаг учраас л эх орноосоо дүрвэхийг хүссэн гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж