Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 522 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрийн зээлийн эрэлт өнгөрсөн наймдугаар сараас хойш огцом нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцааг тогтоох чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөрийн хэмжээг 70 хувиас хэтрэхгүй (сарын татварын дараах орлоготой харьцуулан) байхаар хязгаарлах шийдвэр гаргасан байна. Дээрх шийдвэр ирэх оны эхний өдрөөс хэрэгжих бөгөөд нийт 36 ББСБ хамрагдах аж.
Технологид суурилсан зээл олголт буюу финтекийн зээл олголт 40 хувиар өсч, ББСБ-уудын нийт 1.6 сая зээлдэгчийн 88.8 хувийг финтекийн зээлдэгч эзэлжээ. Тодруулбал, ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрч, харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.9 сая болсны 92.2 хувийг финтекийн зээлийн харилцагч нар эзэлж байгаа аж. Финтекийн нэг зээлдэгчид нийт 237.5 мянган төгрөг ногдож буй юм байна.
Финтек зээл нь орон зайнаас үл хамааран бага дүнтэй хэрэглээний зээлийг иргэдэд олгох давуу талтай ч энэ төрлийн зээлийг хэт хавтгайруулж олгосноор иргэдийг өрийн дарамтад оруулах эрсдэл үүсэх магадлалтай юм.
Холбоотой мэдээ