Байр суурь: Сургалтын хөтөлбөрт уран зохиолын хичээлийн агуулга багассан"

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

Байр суурь: Сургалтын хөтөлбөрт уран зохиолын хичээлийн агуулга багассан"

Байр суурь: Сургалтын хөтөлбөрт уран зохиолын хичээлийн агуулга багассан"

Монгол Улсад утга зохиол, ном хэвлэлийн салбарт 951 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 6457 хүн ажиллаж, 124.5 тэрбум төгрөгийн зах зээлийг бий болгож байна. Хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрт хамгийн олон хүн ажиллаж байгаа бол цахим номын худалдааны чиглэлд 20 хүн ажиллаж байгаа гэх судалгааг өнөөдөр /2022.11.10/ Үндэсний төв номын санд болж буй “Утга зохиол судлал, шүүмж, хамтын ажиллагаа, бодлого” форумын үеэр танилцуулав. Утга зохиол, ном, хэвлэн нийтлэгчдийн 100 гаруй төлөөлөл тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж байна. Ингээд хэвлэх үйлдвэр, зохиолч, судлаачдын байр суурийг хүргэе.

"СУРАХ БИЧГИЙГ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС БИЧДЭГ"

"Монсудар" хэвлэлийн газрын захирал Р.Энхбат:

-Ном бүтээхэд зөвхөн зохиолч бус олон хүний оролцоо байдаг. Жишээлбэл, хэвлэлийн газар гэхэд зохиолч, орчуулагч, номын редактор, зураачидтай хамтран ажилладаг. Бид мэдээж зохиолчдоо хүндэтгэж ажилладаг ч тус тусдаа ажилласаар ирсэн. Энэ бүхэн салбарын хөгжилд сайнаар нөлөөлөхгүй байна. Хэлэлцүүлгийн үеэр бид хамтран ажиллавал маш их үр өгөөжтэй гэдгийг салбарын төлөөллүүд онцлов. Манай боловсролын салбар өнөөдөр ямар ч агуулгагүй болчихлоо. Дан ганц энэ салбар гэлтгүй нийгмээрээ хэлбэр дээр тогтож байна. Бид хэлбэр бус агуулга дээр тогтохын тулд хүүхдүүдэд багаас нь олон төрлийн контентыг бэлтгэж өгөх ёстой. Хүмүүжлийг зөвхөн сурах бичгээс авах нь өрөөсгөл. Сурах бичгийг нь хэсэг бүлэг хүмүүс бичдэг. Тэр нь сайн, муу болсон нь хамаагүй хэрэглэдэг жишиг тогтсон.

Ямар ч сайн сурах бичиг байсан ч хичээлээс гадуур цаг үеийн сэдвүүдийг тусгасан контент үгүйлэгдэж байна.

Бусад орнуудад цар тахал, дэлхийн геополитикийн асуудлаар хичээлийн материал бэлдэж, контент хийж хичээл сургуульд ашиглаж байна. Боловсролын салбарт өнөөдөр сурах бичгээс өөр материал хэрэглэж болохгүй гэдэг тогтсон ойлголттой. Монголын зохиолчид өнөөдөр хийх ажилгүй болчихсон. Тэд юу хийхээ мэдэхгүй, бүтээл хийсэн ч хүмүүс тоохгүй байна.

"БИД ОДОО АГУУЛГЫН ШАТ РУУ АХИХ ЦАГ БОЛСОН"

Монголын уламжлалын академийн тэргүүн, доктор, профессор Л.Дашням:

-Өмнөх үетэй харьцуулбал Монголын утга зохиолын салбарт олон ахиц гарч, хөгжиж байна. Олон авьяастнууд төрөн гарч, өөр гэсэн өнгө аястай болж буй. Ном бүтээл гэж ярьвал замбараагүй болсон. Юуны ч тухай бичиж, хэвлүүлж байна. Бид одоо тоо бус чанар буюу агуулгын шат руу ахих цаг болсон.

Утга зохиолын салбарт хэн нь илүү хувь нэмэр оруулж, дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг баяжуулах зохиол бүтээл хийж байна вэ гэдгийг таньж, эрмэлзэх цаг болсон. Ингэхдээ үүнийг хэрхэн шалгаруулах вэ гэдгийг сайтар авч үзэх шаардлагатай.

Нэг үеэ бодвол зохиолчийн уран бүтээлийг хянаж, захиргааддаг, улстөржүүлдэг байсан бүхнээс ангижирч, зохиолчдын оюуныг чөлөөлсөн. Энэ бол маш том ололт. Оюун ухаан нь чөлөөлөгдсөн зохиолч хүн Монголынхоо оюуны соёл, өв, баялагийг бүтээж байх ёстой. Тэр утгаараа төрөөс анхаарч, дэмжих хэрэгтэй.

"СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА БАГАССАН"

Доктор, профессор, судлаач С.Байгалсайхан:

-Утга зохиол судлал, шүүмжийн чухал хэлэлцүүлэг болж байна. Судлал шүүмж нь зөвхөн шинжлэх ухааны хүрээлэнгийн хийх ажил биш. Зохиолч, судлаач гэх мэт бүх нийтийн хэрэгцээг хамарсан өргөн хөрс суурийг бий болгож, тодорхой төслүүдийг хэрэгжүүлье гэдэг санал ч гарч байна. Энэ бол шинэ алхам. Олон нийтийн дунд утга зохиол судлал, шүүмж байхгүй байна гэдэг. Нөгөө талдаа энэ бүхэн устаж алга болоогүй.

Шүүмж судлал, судалгааны ажлууд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгддэг. Олон нийтэд хүрч чаддаггүй. Шүүмж судлалыг хэвлэдэг сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаггүй. Тийм учраас судлаачид "Цог" сэтгүүлд шүүмжээ бичиж, төсөл болгоё гэдэг саналыг хэлж байна.

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт уран зохиолын хичээлийн агуулга багассан. Монгол хэлний хичээлийн цаг нэмэгдсэн. Тийм учраас Элсэлтийн ерөнхий шалгалтад уран зохиолын хичээлийн асуултаас илүүтэй монгол хэлний асуултыг оруулдаг болсон. Гэтэл хүүхдүүд маань эх хэлээрээ ярьж чадахгүй байна гэж шогширцгоодог. Монгол хэл бол Монголын түүх, газар зүй, урлаг соёл, утга зохиол, дуу хөгжим тэр чигээрээ багтаж байдаг. Тиймээс сурагчдад уран зохиолын ном бүтээлийг уншуулж, хөгжүүлэх цагийг нь нэмэхэд анхаарч, өөрчлөлт оруулах нь зүйтэй.

"УРАН ЗОХИОЛЫГ ӨМНӨХ НИЙГМИЙН ҮЛДЭГДЭЛ ГЭЖ ХАНДАЖ БАЙНА"

МУИС-ийн харьяа Улаанбаатар их сургуулийн багш Х.Сүглэгмаа:

-Дэлхийд Монголын уран зохиолчдын байр суурь, зохиол бүтээл, дэг сургууль өндөр түвшинд байдаг гэдгийг академич Ц.Дамдинсүрэн болон түүний шавь Л.Хүрэлбаатарын судалгааны өвийн жишээн дээр танилцууллаа. Утга зохиолын салбарыг ярихаар өнөөдөр устаж үгүй болсон юм шиг байдлаар ханддаг. Нийгэмд ч гэсэн энэ байдлаар хүлээж авдаг болсон.

Тэр утгаараа уран зохиолыг өмнөх нийгмийн үлдэгдэл гэж хандаж байна. Гэтэл тийм биш юм. Зохиолч, хэвлэн нийтлэгч, судлаач, шүүмжлэгчид нэгдэн, төрийн ямар бодлого үгүйлэгдэж байна, үндэсний өв соёлын бодлогын хүрээнд нөлөөлөх байр суурь эзэлж байгаа эсэхээ хэлэлцэж байна.

Уран зохиол бол Монголын нийгэм, соёл, түүхийн үндэс суурь нь юм. Тэр утгаараа дэлхийд уран зохиол судлалыг төрийн бодлогын түвшинд авч явдаг. Уран зохиолыг ард түмэн гэр бүл болоход, хүүхдээ хүмүүжүүлэхэд,  нийгмээ бий болгоход, хувь хүний соёл, итгэл үнэмшилтэй, үндэсний бахархалтай байх вэ гэдгийг бий болгоход нөлөөлж байх ёстой. Тэр уран зохиолын ном бүтээлээр дамжин өөрийн итгэл үнэмшилтэй болж, өв соёлтой иргэн болж төлөвшдөг. Тэр хүрээнд төрөөс анхаарч, нэгсэн бодлогын зохицуулалт хэрэгтэй байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж