Хотын дарга аа, захиргаагаа Яармаг руу нүүлгэе, эсвэл…

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

Хотын дарга аа, захиргаагаа Яармаг руу нүүлгэе, эсвэл…

Хотын дарга аа, захиргаагаа Яармаг руу нүүлгэе, эсвэл…

Хотын шинэ захиргаа баригдаж, ашиглалтад орсноос хойш хоёр жил, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл өгснөөс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар албатуудынхаа хамтаар нүүсэнгүй, хоёр ч наадмыг өнгөрөөв.

Яармагийн дэнжид 97 тэрбум төгрөгөөр боссон шилэн, шинэ барилга ханхайсаар…

Уг нь жил гаруйн өмнө буюу 2021 оны тавдугаар сард Засгийн газар өргөтгөсөн хуралдаан хийх үеэр Ерөнхий сайд “Төвлөрлийг сааруулахын тулд төрийн байгууллагууд гэр хороолол руу нүүж, хотоос гарч, манлайлал үзүүлэх хэрэгтэй.  Хамгийн түрүүнд хотын захиргаа Яармагт баригдсан шинэ байр руугаа нүүнэ. Энэ асуудал наадмын дараа бүрэн шийдэгдэнэ” гэж мэдэгдсэн байдаг.

Судалгаагаар нийслэлийн төр захиргааны байгууллагууд өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуй нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим автомашин зорчдог тул нийслэлийн төр захиргааны байгууллагыг Яармаг руу нүүлгэж, ачааллыг бууруулах зорилгоор 2016 онд шинэ байр барьсан.

Нийслэлийн харьяанд 30 гаруй байгууллага, агентлаг бий. Тэр бүгдийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албатай хамт нэг дор байрлаж үйл ажиллагаа явуулахаар Яармагийн шинэ байрыг төлөвлөж барьсан. Гэвч шинэ байрандаа эдгээр газрууд нүүж очоогүй учраас нийслэлийн захиргаа Төрийн ордны баруун талд байрладаг шилэн хар барилгад, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба нь мөн зүүн тийш харсан барилгад, Нийслэлийн газрын алба нь Тусгаар тогтнолын ордны хойно орших барилга дотор гэхчлэн хэдэн арван газар салангид байршиж байна. Агентлагууд өөрийн гэсэн байргүйгээс түрээсийн төлбөрт их хэмжээний төлбөр төлдөг нь цаад агуулгаараа татвар төлөгчдийн мөнгө гарын салаагаар урсаж байна гэсэн үг юм.

Одоо Яармаг дах шинэ хотын захиргааны байранд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар л байршиж буй.

“Хотын захиргаа нүүсэн үү” гэх асуултад албаныхан “Нүүж байгаа, агентлагууд эхнээсээ очсон” гэдэг тайлбар дагуулдаг ч ачир дээрээ гол газрууд нь нүүгээгүй, нүүхийг ч хүсэхгүй байна.

Учир нь, Яармагт шинэ суурьшлын бүс бий болж, орон сууцны барилгууд хэдэн арваараа баригдсанаар төвлөрөл бий болсон. Гэхдээ 100 орчим тэрбум төгрөгөөр барилга барьчихаад түгжрэлээс эмээн нүүхгүй суух нь наанадаж урсгал зардлын алдагдлыг ч нэмэгдүүлж байна. Юун Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, бүсээ чангалан зүтгэх.

Иймээс хотын дарга нийслэлийн төр захиргааны байгууллагаа нүүлгэхгүй гэж үзэж буй бол хуучин байрандаа агентлагуудаа татаж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэ. Хэрэв шинэ байрандаа очих бол яаралтай нүүж, Ерөнхий сайдын хэлдгээр өөрсдөөсөө манлайллыг үзүүлмээр байна.

Нүүсэн нэртэй, өөрөө хойно нь сугарч үлдэж болохгүй.

Хүн амын 50 хувь нь буюу 1.6 сая орчим иргэн амьдарч буй Улаанбаатар хотын иргэдийн хувьд түгжрэлгүй, утаагүй орчинд амьдрах нь тулгамдсан асуудал болсон.

Иймээс хотын дарга нь Яармагийн замаар өдөр бүр явж, ажил гэртээ хүрч гэмээнэ шийдэл гарц ч олж магадгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж