Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны баталсан шинэ хуулийн дагуу тус улс дахь бүх томоохон хэмжээтэй машины зогсоолыг нарны зайн хавтангаар бүрхэх болжээ. Тус хуулийг сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн хүрээнд батлав. Дор хаяж 80 автомашины багтаамжтай одоо байгаа болон шинээр баригдах зогсоолуудыг бүгдийг нь нарны зайн хавтангаар бүрхсэн байхыг шинэ хуулийн дагуу шаардана.
Ингэхдээ 80-400 автомашины зайтай зогсоол бол нарны хавтанг таван жилийн хугацаатай, 400-аас дээш машины талбай бол гурван жилийн хугацаатай тус тус байрлуулах аж.
Энэхүү арга хэмжээ нь 11 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж Францын засгийн газар үзжээ. Цаашдаа авто зам, төмөр зам, тариалангийн талбай дээгүүр нарны цахилгааны станц барих тухай судалж байна. Шинэ хууль батлагдахаас өмнө 2500 м/кв-аас дээш талбайтай авто зогсоолуудад нарны хавтан байрлуулж байсан.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон есдүгээр сард сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө зарласан. Дайны улмаас Европын орнууд дотоодын эрчим хүчний хангамжаа сайжруулахаар хичээж буй тул ийм алхам хийжээ. Мөн хувь хүмүүс болон үйлдвэрүүдэд эрчим хүчний хэрэглээгээ багасгахыг уриалсан кампанит ажлыг тус улсад өрнүүлээд байна. Энэ хүрээнд Эйфелийн цамхагийн гэрлийг нэг цагийн өмнө унтрааж байгаа аж. Францын засгийн газар эрчим хүчний уналтын эсрэг 45 тэрбум евро зарцуулахаар төлөвлөжээ.
Нарны зайн хавтангийн сүүдэрт автомашин байрлуулах нь цоо шинэ сэдэл санаа биш юм. Их Британийн ногоон эрчим хүчний томоохон хөрөнгө оруулагчдын нэг “Renewables Infrastructure” групп Францын харъяа Корсика арал дээрх Борго хотод мөн төсөлд хөрөнгө оруулж байжээ.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ