Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь гэрэл зурагчдын чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготойгоор Швейцар улсын Уулархаг нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих сантай (FDDM) хамтран “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийг гурав дахь удаагаа Монголын гэрэл зурагчдын дунд зарлан хэрэгжүүлсэн билээ.
Тус хөтөлбөрт энэ жил гэрэл зурагчдаас Б.Бямба шалгаран, гурван сарын хугацаатай Швейцарын Вале мужид байрлаж, гэрэл зургийн урлангийн хөтөлбөрт хамрагдан олон улсын гэрэл зурагчидтай хамт тэндхийн хүрээлэн буй орчин, байгаль, нийгэм, хүмүүсийн гэрэл зургийг дурандаа буулгаж, куратор Алфио Томмасинитай хамтран ажилласан. Гурав дахь удаагийн СМАрт урлангаар хангах хөтөлбөрийн хүрээнд гэрэл зурагчин Б.Бямбын анхны бие даасан “Нууц мэдрэхүй” үзэсгэлэн нь 2022 оны арваннэгдүгээр сарын 11-25-ныг дуустал “Улаан гэр” бүтээлч орон зайд олон нийтэд нээлттэйгээр дэлгэх болно.
ГЭРЭЛ ЗУРАГЧИН Б.БЯМБА
Батхуяг овогтой Бямба нь чөлөөт гэрэл зурагчин бөгөөд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Түүний урын санд хөрөг зураг болон гэр хороолол, хотын захын өдөр тутмын амьдрал, гудамжны зураг зонхилно. “Хаалганы монолог” хэмээх сүүлд хийсэн бүтээлдээ тэрээр гэр хороололд байх өвөрмөц, гоёмсог хаалгануудаар дамжуулан оршин суугчдыг нь дүрсэлсэн байдаг. Түүнчлэн Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан (FDDM), СМАрт хөтөлбөр, Риверберо болон Монголын Урлагийн Зөвлөлийн хамтран хэрэгжүүлсэн гэрэл зургийн урлан хөтөлбөрт хамтрагдан Швейцар улсын Поскиавод 3 сарын турш байрласан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд өөрийн анхны “Нууц мэдрэхүй” үзэсгэлэнгээ гаргаж байна.
НУУЦ МЭДРЭХҮЙ
Батхуяг овогтой Бямба нь нүүдэлчин монголчуудын нэг ба завгүй хот Улаанбаатарт амьдардаг. Гэсэн хэдий ч зуны амралтаараа малчин өвөө, эмээтэйгээ хөдөө тал нутагт өнгөрүүлсэн хүүхэд насаа тодхон санадаг. Тэрээр Загал Цагаан морио 4 настайдаа унаж сурсан ба хөдөө тал нутаг, цэнгэг агаар, цагаан идээ, таван хошуу мал гээд дурсамжуудаа хэзээ ч мартдаггүй.
Хотод төрж өссөн хүү нисэгч болж, дэлхийг тойрно хэмээн мөрөөддөг байсан ч эцэг эхийнхээ ятгалгаар уул уурхайн инженерийн ангид элсэн орж төгсжээ. Их сургуулиа төгсөөд ажлын талбарт гарахдаа удалгүй тус салбарын тогтвортой бус байдлыг анзаарчээ. Томоохон уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас болж байгаль орчин сүйрч, амьд амьтад устаж алга болоход хүрч байгааг харах нь түүнд хэцүү байв. Эдгээр үйл ажиллагаа нь нутгийн хүмүүсийн эрх чөлөөтэй зорчих, нүүдэллэх эрхийг боогдуулж, тэдний хот сууринд шилжиж дөрвөн хананд хашигдан, зуун зуунаар хадгалагдан ирсэн соёл уламжлалаа алдахад хүргэж байгааг харж байлаа.
Иймээс тэрээр амьдралаа өөрчилж, өөрийн сэтгэл санаа, сэтгэгдлээ гэрэл зургаар буулгахаар шийджээ. Түүний анхны зургууд нь сүүлчийн нүүдэлчид болон өвөг дээдсийгээ буулгасан байдаг. Ингэхдээ тэрээр хүн байгалийн мөнхийн холбооны тухай бодох болж, “бид чинь зүгээр нэг хэврэгхэн өвс мэт” гэдгийг ойлгожээ.
Гэрэл зургийн нөлөөлөх хүчийг мэдэрснээр Бямба нь тогтвортой хөдөө аж ахуйг хэрэгжүүлдэг газар, улстай танилцахыг хүснэ. Мөн нэг өдөр түүний хамаатан саднаас зарим нэг нь гээсэн өв соёлоо сэргээхээр илүү дэвшилтэт арга хэрэгслээр тоноглогдон хөдөө орон нутагтаа буцаж ирнэ гэдэгт тэр итгэнэ.
Тохиолдлоор, магадгүй хувь заяагаараа тэрбээр Тогтвортой уулын урлаг төслийн талаар сонсжээ. Өөр өөр уулархаг нутгийн хөдөө аж ахуйтай танилцах сонирхлынхоо үүднээс тэрээр энэхүү урлагийн солилцооны хөтөлбөрт бүртгүүлж 30 насандаа анх удаа Европын зүг хүлгийн жолоо атгав. Цюрихт байх хэсэгхэн хугацаандаа бид хамтдаа Гайшн Өртөөний Граубюнденээр дайрсан юм. Тэгэх замдаа Мортерачийн мөсөн голыг хараад тэр “бид ямагт өөрчлөгдөж байгаа, бидний яс ч гэсэн нэг өдөр чулуужиж, уулын оройгоос уруудан өнхрөх болно” гэв. Төв Азиас эхэлсэн түүний аялал Поскиавод хүрлээ. Поскиаво бол түүний Европт ирээд танилцсан анхны тосгон нь юм. Тэрээр энд гурван сарын турш байрлаж, анхныхаа бие даасан үзэсгэлэнг гаргасан болно.
Альпийн соёлтой аль болох бүрэн танилцахыг зорьсон Бямба ирсэн даруйдаа нутгийн иргэдтэй танилцав. Нутгийн малчид түүнд ойр санагдсан тул хэлний бэрхшээл ч амархан замхрав.
Уулын бүсэд төрж өссөн хүмүүст энэ нутаг нь ямар чухал болохыг тэр ойлгож, нутгийн иргэдийн ирээдүйг зорьж, өнөөдөр тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдэж байгааг хальсандаа буулгасан. Тэр хоньчдыг дагаж малд нь хамт явна. Малчид усны хомсдол, чонын аюултай хэрхэн хослон амьдарч байгааг ажиглана. Органик тариалан эрхэлдэг хүмүүсийн зорилго бол зөвхөн ашгийн төлөө бус харин өөрсдийн болон байгаль орчны ирээдүйн сайн сайхны төлөөх итгэл найдвар юм.
Энэ тосгонд түүний авсан яруу найраг мэт гэрэл зургуудаас бид малчид, жимс, эмийн ургамал тариаланчдыг харах болно. Эдгээр хүмүүс газар дэлхийтэйгээ нягт холбоотой байж, эм, хоол хүнс болох жимс жимсгэнэ, ургамалд талархана. Тэрээр шинэ ертөнцийг нээх авч, биологийн олон төрөл зүйлийг эрхэмлэх хөдөө аж ахуйн суурь мэдлэг нь хаана ч ижил гэдгийг ойлгоно. Тэрээр газар дэлхийтэйгээ ойр байж нэгэн хэсэг нь болж ууссан хүмүүстэй биднийг танилцуулна. Зурагчин маань эдгээр хүмүүсийг харахамтлах-үнэрлэх-сонсох-хүрэх мэдрэхүйгээс гадна зүрх болон тархинд байх нууц нэгэн мэдрэхүйтэй гэдэгт итгэжээ.
Урьдчилан таамаглаагүй үйл явдал, золиос, шаргуу хөдөлмөр шаардсан үйл ажиллагааг даван туулахын тулд өнөөдрийг хүртэл тууштай байж, бүтээлч зөн совингоороо мөрөөдөж буй тусгаар тогтнол, эрх чөлөө рүү дахин хөтлөгдөнө.
Алфио Томмасини, үзэсгэлэнгийн куратор, Поскиаво, 2022 оны 7 сар
Холбоотой мэдээ