ЧУУЛГАН:Төрийн үйлчилгээнийхэнд урамшуулал олгохгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

LiveЧУУЛГАН:Төрийн үйлчилгээнийхэнд урамшуулал олгохгүй

ЧУУЛГАН:Төрийн үйлчилгээнийхэнд урамшуулал олгохгүй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна. Мөн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. 

Яг одоо санал гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Нэгдсэн төсвийн зарлагын өсөлтийн хэмжээг 2024 онд 1 их наяд 926,4 тэрбум төгрөг, 2025 онд 727,1 тэрбум төгрөг гэснийг 2024 онд 951,5 тэрбум төгрөг, 2025 онд 1 их наяд 156,9 тэрбум төгрөг гэж, ДНБ-нд эзлэх хувь 2024 онд 3,4 гэснийг 1,7 , 2025 онд 1,1 гэснийг 1,8 гэж өөрчлөх саналыг ажлын хэсгээс гаргасныг  УИХ-ын 38 гишүүний саналаа дэмжлээ.

 

16 : 39
2022-11-10

УИХ-ын дарга Ш.Занданшатар:

Байнгын хорооны саналаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад 53.2 хувь нь дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараагийн асуудал. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулъя.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны Л.Мөнхбаатар:

Энэ асуудал дээр горимын саналтай байна. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг хэлэлцэх эсэхийг нь шийдээд Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хорооноос Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулсан ажлыг хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгээс найман зарчмын зөрүүтэй санал, дөрвөн найруулгын саналыг бэлтгэсэн. Ингээд 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Гэхдээ үүний дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэ хуулийн төсөлтэй хамт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг дагуулаад өргөн барьсан. Түүнээс гадна Мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Мэдээлэл авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлсэн. Гэтэл энэ хугацаанд Мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь батлагдаад гарчихсан. Мөн Засгийн газар хуулийн төслөө хүчингүй болгох биш шинэчлэн найруулахаар ажиллаж байгаа юм байна лээ. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсэгт Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол хуулийн төслийг байнгын хороонд буцаана гэсэн заалт бий. Үүнийг баримтлаад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт байнгын хороогоор дахин явуулах горимын санал гаргаж байна.

 УИХ-ын дарга Ш.Занданшатар:

-Анхны хэлэлцүүлэгт буцаах саналыг 58.7 хувь дэмжлээ. Энэ хуулийг анхны хэлэлцүүлэгт буцаалаа.

Ийнхүү чуулган өндөрлөлөө.

15 : 54
2022-11-10

Төрийн үйлчилгээний алба хаагчдад урамшуулал олгохгүй

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн албаны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Гишүүдээс гарсан саналуудыг тусгасан. Энэ хүрээнд нэгдүгээрт, бүх сум ялгаваргүй орж байгаа. Хоёрдугаарт, зөвхөн Тамгын газрын ажилтан гэдэг нь больсон. Суманд ажиллаж буй төрийн захиргааны жинхэнэ албан хаагч  л бол энэ хөнгөлөлтөд хамрагдана. Тийм учраас босоо тогтолцоотой гэдэг халамж, улсын бүртгэл, татвар, даатгал бүгд энд багтаж байгаа. Гуравдугаарт, нийслэлийн алслагдсан дүүргүүд үүнд хамрагдах ёстой гэж гишүүдээс санал гаргасан. Үүний дагуу Багахангай, Багануур дүүрэг орсон. Харин өнөөдөр Налайх дүүргийн асуудал зарчмын зөрүүтэй саналаар явж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Орон нутагт төрийн үйлчилгээнийхэн тамгын газраасаа цалин авч байгаа. Боловсролынхон яамнаасаа, эрүүл мэндийнхэн яамнаасаа авдаг. Орон нутгийн Төрийн захиргааны албан хаагчид  алагчилгүй нэмэгдэл авч байгаа. Тэгвэл төрийн үйлчилгээний алба хаагчид яаж байгаа вэ? Нэмэгдэлд орсон уу?

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Энэ хуулийн төслийн үзэл баримтлал нь суманд ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдын нийгэм хамгааллын асуудлыг шийдэх нэг хэлбэр. Тиймээс төрийн үйлчилгээний албатай холбоотой асуудал энд ороогүй. Багш, эмч, соёлын ажилтнууд өөрсдийн хуулиар явж байгаа.

УИХ-ын дарга Ш.Занданшатар:

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй томъёолол Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн. Төслийн нэгдүгээр зүйлийн 51.3. Сум болон нийслэлийн алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны алба хаагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох бөгөөд олгох журмыг Засгийн газар батална гэсэн санал хураахад 53.1 хувь дэмжиж, санал дэмжигдлээ.

Төслийн хоёрдугаар зүйлийн 2023 он гэснийг 2024 болгох санал гаргажээ. Санал хураахад 58.0 хувь дэмжиж, санал дэмжигдлээ.

14 : 00
2022-11-10

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Цар тахалтай холбогдуулан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаанд царцаасан. 2023 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх явцад ипотек зээл дээр ажлын хэсэг ажилласан байх ёстой. Ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууя. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сунгах талаар ямар шийд гаргасан бэ. Эсвэл эргэн төлөлт нь хийгдэх юм уу?

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг: 

Covid-19-ийн хууль арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болохоор ипотекийн зээл төлөгдөх ёстой. Ипотекийн зээлийн төлөлт явагдахгүй бол цааш энэ зээл олгогдох асуудал хүндэрнэ. Эх үүсвэргүй болно. Тиймээс ипотекийн зээл явах ёстой. Гэхдээ хөдөө орон нутаг руу ипотекийн зээлийн бодлогыг чиглүүлвэл яасан юм бэ? Хамгийн алс орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч, малчид, сумынхандаа ипотекийн зээл авах боломжийг нээж өгөх ёстой гэж харж байгаа юм. Улаанбаатараас хөдөө орон нутагт шилжиж байгаа иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ гээд бид нар хөнгөлөлтүүд өгсөн. Ипотекийн зээлийг сум, аймаг, Улаанбаатар гэсэн эрэмб, дараатай явуулбал нийслэлийн түгжрэлтэй холбоотой асуудлыг шийдэхэд, Улаанбаатар руу чиглэсэн нүүдэл суудлыг сааруулах чиглэлд үр дүнтэй ажиллах болох болов уу гэж харж байгаа юм. Тиймээс үүнийг үргэлжлүүлэх нь зөв. Ипотек зээл авсан 100 гаруй мянган өрх байна. Цаашид авах сонирхолтой 200-300 мянган айл өрх байгаа. Энэ өрхүүд Улаанбаатар, аймгийн төв, сум сууринд байгаа. Тиймээс эхний ипотекийн зээл авсан хүмүүс дараагийн зээл авах гэж буй хүмүүстээ боломж олгож, үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. Дараагийнх нь хүмүүс энэ боломжоо ашиглан тохьтой, тухтай орчинд амьдрах биз ээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Сүүлийн 4-5 жилийн хугацаанд бараг 400 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлэн дээр эргэлдэж, 100 мянга гаруй иргэн орон сууцандаа орсон. Цаана нь 240 гаруй мянган иргэн байна. Бид төсөв хэлэлцэх үедээ төсвийн хүрээний мэдэгдэл дээр барилгын салбар түүнтэй холбоотой үнийн зөрүүг тусгах асуудал орж ирж байна. Банк, барилга гээд бие биетэйгээ холбоотой. Олон нийтийн саналыг бид төсөв хэлэлцэхдээ авч байгаа. Олон нийт, хэвлэл мэдээллийн уур амьсгалыг харахад ипотекийн зээлийг төр зүгээр нээлттэй орхи, төлөх нь төлөөд яваг, төлөх боломжгүй нь банктайгаа яриад тодорхой хэмжээнд хойшлуулах нь төрөөс баримтлах мөнгөний бодлого дээр нээлттэй орхи гэсэн хүсэлт яваад байгаа юм. Долдугаар сарын 1-н хүртэл автоматаар бүгдийг нь сунгах бус нээлттэй орхих хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Олон хүмүүс ч хэлж байна. Монголбанкныхан үүн дээр мэдээлэл өгөөч. Хэчнээн хүн хүсэлтээ хүргүүлсэн бэ? Эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Анх шийдвэр гарснаас хойш 31 сар өнгөрөөд байна. Анх шийдвэр гаргахдаа төлөх нь төлж байж болно гэсэн. Төлөхгүй нь хойшлуулж болно гэсэн. Анх шийдвэр гарахад 20 орчим хувь нь төлөхгүй байр суурьтай байсан ч одоо нэмэгдсээр 50 орчим хувьд хүрлээ. Хоёрдугаарт, ипотекийн хөтөлбөр эхний санхүүжилтээрээ дараагийнхаа санхүүжүүлэх эргэлтийн сангийн маягтай. Одоо төлбөр орж ирвэл дараагийн эх үүсвэр болно. Энэ утгаараа энэ жил бага байна гэдэг нь төлбөр орж ирэхгүй байна гэсэн үг. Өнөөдрийн гаргаж буй эх үүсвэрийн 80 хувийг нь Монголбанк, 20 хувийг нь банк гаргаж байна. Монголбанк өөр дээрээ өргөдөл аваад шийддэггүй. Банкууд шийдээд явдаг. Хөнгөлөлттэй санхүүжилтээр ая тухтай орон сууцанд амьдрах нөхцөл бүрдүүлж байгаа нь төрийн бодлого. Тэр утгаараа олон оронд ийм бодлого хэрэгждэг. Монголын хувьд Монголбанк оролцоод явж байгаад олон улсын байгууллагууд шүүмжилдэг. Төсвийн шинжтэй арга хэмжээг төв банк нь хийж байна гэдэг. Тиймээс Covid-19-ийн хууль дуусч байгаа учир Монголбанк үүнийгээ шилжүүлэхэд бэлэн байна. Засгийн газрын агентлаг, төрийн өмчит банк, санхүүгийн байгууллага аль нь ч байж болно. Энэ бол бодлого гэхээсээ илүү тогтолцоо болсон оператор.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Мөнгөний бодлого, төсөвтэйгээ уялдах ёстой. Төсөв батлагдаад явж байна. Хэчнээн сайн мөнгөний бодлого байсан ч төсөв буруу явбал бодлого буруудна. Мөнгөний бодлого хэрэгжих гол үндсэн шалтгаан нь Засгийн газрын үйл ажиллагаа. Дэмжлэг ч гэж хэлдэг. Төсвийн орлогоо зөв оновчтой төлөвлөж, нөөц бололцоогоо зөв дайчлах хэрэгтэй, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Зарлагаа эрэмбэлж, илүү дутуу зардал гаргахгүй байх ёстой. Өрийн менежментээ зөв удирдаж, төсөв алдагдалгүй байх ёстой. Гадаад худалдаа, экспортын баялагийн мөнгө Монголдоо орж ирэх ёстой. Энэ ханш, инфляц, эдийн засгийн доройтлоос болж Монгол Улс, монгол хүний нэр хүнд унаж байна. Хэд хэдэн асуулт байна. Чанаргүй зээлийн хэмжээ 11 хувьд хүрчихжээ. Оны төгсгөлд 14 хувьд хүрнэ гэж байна. Өнөөдөр яг хэд байна вэ? Хоёрдугаарт, төлбөрийн тэнцлийн хямрал АНУ-аас үүдэлтэй болно гэж байна. Төлбөрийн тэнцлийг хангах чиглэлд мөнгөний бодлогоор ямар ажлууд хийгдэх вэ? Лайбер гэдэг үзүүлэлтийг хэрэглэхээ больж байгаа, тийм ээ. Лайберыг нь 3.5 гээд Соберыг 3.0 гээд орж ирж байна. Энийг арай өндөр байгаа юм биш үү гэж би бодож байна. Та нар юу гэж бодож байна вэ? Гадны банкны талаар би өмнө нь хэлсэн. Топ-100 банкны нэг, гадаад салбартай, Монголд ирээд тодорхой хугацаанд ажиллах ёстой гэсэн шаардлагууд байна. Энэ шаардлагууд саад болоод байна уу эсвэл Монголын эдийн засаг жижигдээд байна уу? Өмнө нь тодорхой хариулт авч чадаагүй. 2023 онд банкны салбарын тогтворгүй байдал үүсч болзошгүй гэж байна. Үүнийг юу гэж харж байна вэ?

 Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Чанаргүй зээлийн хэмжээ аравдугаар сарын сүүлийн байдлаар 11.7 хувь. Энэ бол есдүгээр сартай харьцуулахад хоёр нэгж хувиар өссөн үзүүлэлт. Өсөлт өссөн гол шалтгаан активин чанарын үнэлгээ. Активин чанарын үнэлгээ хийгдээд тодорхой хэмжээний тохируулга хийгдэх болсон. Муу зээлүүд дахин үнэлэгдэн гарч ирсэн. Энэ үнэлгээг хийгээд арилжааны банкны бүх баланс тохируулгыг нь наймдугаар сарын 31-нд хийсэн. Тэгэхээр активин чанарын үнэлгээ наймдугаар сард хийгдээд тохируулга банкны санхүүгийн тайланд хийгдсэн. Цаашид огцом нэмэгдэхгүй гэж харж байгаа. Банкнуудын зээл гаргалт удаашралттай байгаа нь зээлийн чанар муудахгүй гэж үзэж байгаа. Активин чанарын үнэлгээг нээлттэй мэдээллэсэн. Системийн таван том банк дээр хийгдсэн.

Олон улсын байгууллагуудын зүгээс дэлхийн санхүүгийн хямрал нь санхүүгийн салбарт муу нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Гэхдээ бид Covid-19, олон улсын хурцадмал байдлын нөлөөг оруулчихсан активин чанарын үнэлгээ хийчихсэн учир урьдчилаад оношоо тогтоосон гэсэн үг. Зөвлөмж, чиглэл хүргүүлсэн. Гадаад байдал одоогийнхоос муудахгүй л бол ерөнхийдөө гайгүй гэж төв банк үзэж байна. Лайбер, хүүгийн хооронд бараг зөрүү байхгүй. Лайбер бол өнөөгийн хүү. Дараагийн хүү нь урагшаа, хойшоо зургаан сарын дундаж.

Монголд 12 банк байгаа нь бүгд дотоодынх. Гадны банкны салбар, бие даасан банк орж ирэхэд төв банк бүх талаар нь дэмжихэд бэлэн байгаа. Хамгийн гол нь манай эдийн засаг жижигхэн учир сонирхол бага байх шиг байна. Гадны банкууд орж ирэх хөшүүргийг төрийн зүгээс бодлогоор дэмжихгүй бол орж ирэх магадлал бага. Английн “Standart Chartered” томоохон банк Монголд төлөөлөгчийн газраа нээж байсан. Оюутолгой холбоотой бүх төлбөр тооцоог хийхээр орж ирээд байж байсан ч заавал Монгол Улсын газар нутаг дээр байх шаардлагагүй гэсэн. 

12 : 36
2022-11-10

Ж.Ганбат: УИХ МАН-ын улаан булан шиг ажиллаж байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл, бусад дагалдах хууль, тогтоомжийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбат:

-Ардчилсан намын бүлгээс энэ төсвийг татаж ав гэдэг шаардлагатай тавьсан. Хэзээ ч ийм их мөнгийг улсын төсөв нэрээр зарцуулж байгаагүй. УИХ МАН-ын улаан булан шиг ажиллаж байна. УИХ утгаараа байхгүй болчихлоо. Энэ их мөнгийг ямар ч хараа хяналтгүй зарцуулж байна. Иргэдийн амьдрал доройтож байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ хуралдсангүй. УИХ-ын дарга санал суудалтайгаа зууралдахаа боль. Өдөр болгон дефолт руугаа ойртож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдолтой асуулт асуухыг шаардан түүний үгийг тасалсан юм.  

 

 

12 : 29
2022-11-10

Зарчмын зөрүүтэй долоон асуудлаар санал хураалаа

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Зарчмын зөрүүтэй долоон асуудлаар санал хураалаа. Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслийн зарчмын зөрүүлтэй асуудлаар санал хураахад, Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 55 гишүүнээс 33 нь дэмжлээ. Мөн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн төслийг 34 дэмжлээ.    

12 : 23
2022-11-10

"Нууц гэрээг ил болгон гээд Ч.Хүрэлбаатар зарласан шүү"

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Нүүрсний пирамид нуран унаж байна. Засгийн газар арваннэгдүгээр сардаа багтаагаад ярилцах хэрэгтэй. Дөрвөн offtake гэрээг ил болгон гээд Ч.Хүрэлбаатар та зарласан шүү. УИХ дээр нээлттэй сонсгол хиймээр байна. Бид арваад жил төмөр замыг гацаасан хүн нь Х.Баттулга гээд яваад байсан гэтэл тээвэрлэлт дээр цөм цөм хийгээд яваан байна шүү дээ. 

10 : 50
2022-11-10

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Алдагдалгүй төсөв баталж болдоггүй юм уу? Улсын хөрөнгө оруулалтыг чуулганаар ярьж байх ёстой. "Эрдэнэт" гэж улсын үйлдвэрийн газраар янз янзын юм санхүүжүүллээ. Улсын төсөв санхүүжүүлэх ёстой юмыг яагаад компани санхүүжүүлээд байгаа юм. Энийг ярих ёстой. Сүүлдээ жорлон хүртэл санхүүжүүлсэн. Энд сууж байгаа хүмүүс шинэ төсөв ярих боломж байхгүй. Парламент төсвөө ярьдаг байя. Ирээдүй рүү чиглэсэн алдагдалгүй төсөв баталдаг байя. Алдагдал чинь өмнөх жилээсээ өссөн. Ирээдүйн өв сан байхгүй болсон. Цаашдаа ингээд яваад байвал энэ парламент чинь төсөв баталж чадахгүй. Энэ орон зайг баталгаатай болгохын тулд алдагдалгүй төсөв батлаад явья. Ингэвэл ирээдүй л хожно. Өр чинь хуримтлагдсаар байгаад дефолт болно. 

  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Сангийн яам дорвитой, хөнжлийнхөө хэрээр зөв алхам хийсэн гэж бодож байна. Төсвийн алдагдал жил бүхэн л ярьдаг. Харин ч энэ төсөв дээр шинэ хөрөнгө оруулалтыг тэвчиж, 1,5 их наядын алдагдлыг 1,4 болгож бууруулсан. Сөрөг хүчин ч бай, эрх баригч ч бай тохирсон бодлоыг л яриад явах ёстой. Төсвийн алдагдалд манайхаас шалтгаалахгүй олон зүйл байна. Сангийн яамтай хамтарч төсвийн алдагдлыг бууруулах, олон жил дуусдаггүй төсөл хөтөлбөрийг 2024 онд дуусгахаар тусгасан нь цаг үеэ олсон асуудал гэж үзэж байна. 

11 : 19
2022-11-10

"Хөгжлийн банкны өрийг Засгийн газрын баталгаа гаргаж төлөх нь"

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Хөгжлийн банкны ирэх онд төлөх өрийг Засгийн газрын баталгаа гаргаж төлнө гэдэг батлагдах тийшээ явж байна. Энэ бол зээл төлөхгүй байх тийшээгээ л явах юм болно. Энэ Засгийн газрын баталгаа чинь асар өндөр хүүтэй бонд гаргах болно. Ороод харвал бондын өгөөж чинь асар өндөр болчихлоо. 10 их наядын хөтөлбөр гээд арилжааны банкуудад зээлийн хүү олгоод байгааг тодорхой болго гэж байнгын хороогоор хэлсэн. 60 тэрбум төгрөг гэдэг ЖДҮ-ийг дэмжих сангийн нэг жилийн зээл байсан. Тиймээс энийг шалгууртай болго. Ер нь энэ асуудлыг ажлын хэсэг гаргаад шалга. Би ахлахад бэлэн байна. Энэ мөнгийг зөвхөн хүүгийн зөрүүнд өгдөг боллоо. Улам л үнэ өсөөд, доройтоод байна. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: 

-Таны саналыг хүлээж авсан. Зээлийн асуудлыг бодит эдийн засгийн салбарт шилжүүлдэг байх санал тавьсан. Тодорхой хуулийн төслүүдийг өргөн барихаар ажиллаж байгаа. 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд 2021 онд 2 их наяд төгрөгийн зээлийг банкуудын эх үүсвэрээр олгосон. Зээлийн чанар нь 98,8 хувьтай байгаа гэх мэдээллийг ирүүлсэн.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Төсөвт дагалдаж гаргах тогтоолд тусгайлан заасан тодорхой чиглэл байгаа юм уу. Би энэ мөнгийг хасья гэсэн шүү дээ. Экспортыг дэмжих бол тодорхой болгомоор байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Худалдах, худалдан авах гэрээг УИХ-д танилцуулна гэснийг дэмжиж байгаа. Гэхдээ Монгол Улсад гарч байгаа хамгийн том хулгай бол нүүрснийх гэдгийг бид мэднэ. Зөвхөн нүүрсний том асуудал нь тээвэрлэлт байна. 2021 оны хоёрдугаар сард нүүрсний үнэ 500-600 ам.доллар болоход нэг тонн нүүрсийг тээвэрлэх зардал 400 ам.доллар болсон гэж сонссон. Бидэнд энэ талаар мэдээлэл алга. Маш том хулгай. Ийм мэдээлэл ирээд байна. Үүнийг хаанаас баталгаажуулах вэ? УИХ маань энэ асуудалд анхаарал тавих юм уу, үгүй юм уу? Нууц бол нууцаас гаргамаар байна. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: 

-Төрийн өмчийн мэдээллийг ил тод байлгах үүднээс нэгдсэн цахим мэдээллийн системийг бий болгох асуудал тавьж байна. Тэр системд бүх мэдээллийг нь тавьж байя. Гадны улс орнуудад заавал мэдээлэх үүрэг бүхий систем байдаг. Ингэж байж хөрөнгийг нь хянадаг, ил тод байлгана. Уул уурхайн компаниудын бүх дамжлага, зарлага, орлого нэгдсэн системд ил тод бүрдүүлдэг байя гэж байгаа юм. Төрийн өмчийн компаниудыг цаашид олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөе гэсэн байр суурьтай байгаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж