АНУ, ОХУ хоёр ойрын хугацаанд цөмийн гэрээний асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай Төрийн депарментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс Мягмар гаригт мэдэгдлээ. Хоёр улсын хооронд байгуулсан цөмийн зэвсгийн хяналтын гол гэрээг өнгөрсөн оны хоёрдугаар сард таван жилээр сунгасан.
Дэлхийн хамгийн том хоёр цөмийн зэвсгийг зохицуулах цорын ганц гэрээний дагуу тив хоорондын тусгалын цөмийн зэвсгийг хязгаарласан байдаг. Гэрээнд зааснаар хоёр улс 1500 цөмийн цэнэгт хошуу дээд тал нь байрлуулах эрхтэй. Үүнд тив хоорондын баллистик пуужин, шумбагч онгоцоор харвах баллистик пуужин, бөмбөгдөгч онгоц зэрэг багтана.
Удахгүй хийх хэлэлцээрийн хүрээнд хоёр улс цөмийн зэвсэгтэй холбоотой байгууламжуудаа газар дээр нь шалгах шаардлагатай болно. Шалгалт хийсний дараа л хэлэлцээ хийнэ гэж АНУ мэдэгджээ. Дайнаас хойш ОХУ ба АНУ-ын дипломат харилцаа муудсан ч Москва энэ гэрээнд оролцох сонирхолтой байгаагаа мэдэгдсээр байгаа нь эерэг үзүүлэлт гэж Вашингтон үзэж байна. Хамгийн сүүлд талууд 2021 оны аравдугаар сард хуралдсан.
ОХУ-ын цэргийн албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногт Украинд тактикийн цөмийн зэвсгийг хэрхэн, ямар нөхцөлд ашиглах талаар ярилцсан гэж АНУ-ын Тагнуулын алба дүгнэжээ. Гэхдээ энэ нь бүрэн итгэж болохуйц мэдээ биш, зөвхөн дүн шинжилгээ гэж эх сурвалж мэдээлж байна. Мөн тагнуулын албаны дурдсан дээрх хэлэлцүүлэгт ОХУ-ын ерөнхийлөгч Путин оролцоогүй аж.
Эх сурвалж: CNN