Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Nodoublestandart, NoWar, PoliceReform хөдөлгөөнүүдийг санаачлагчдыг яллагдагчаар татах шүүх хурал гурав хоног үргэлжилж, энэ сарын 8-нд шүүх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу Э.Одбаяр нарын таван иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял оноосон билээ. Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, ардчиллыг уландаа гишгэж байна гэж иргэд эсэргүүцэж байна. Тиймээс шүүхийн процесс, шийдвэрийн талаар тухайн хөдөлгөөнийхний болон өмгөөлөгчийн байр суурийг тодрууллаа.
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙ ТӨЛӨӨ ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР ЯЛЛАХ ПРОЦЕСС ЯВАГДСАН
Иргэн Л.ГАНХӨЛӨГ:
-Шүүх хурал 13 сарын турш үргэлжилж, хоёр хоногийн өмнө шийдвэрээ гаргалаа. Өнгөрсөн хугацаанд нийт 14 удаагийн нээлттэй гэх тодотголтой хаалттай хурал болсон. Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө яллаж байна. Хэдийгээр холбогдох хуулийн заалтуудын дагуу яллах дүгнэлт үйлдсэн ч үүнийг бидний зүгээс өнгөлөн далдлалт гэж харж байгаа. МАН-ын давхар дээлтэй дарга нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар шүүхийн шийдвэрт өөрсдийн оролцоотойгоор бидний дуу хоолойг хаах гэж нөлөөлсөн нь ээлж дараалан хийсэн мэдэгдлүүдээс илт.
Мэдээж Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсэн болохоор чинь яллаж байна гэхгүй. Тиймээс зохиомлоор хэрэг үүсгэж ийнхүү зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргалаа.
Цар тахлын хугацаанд хөл хорьж, олон хүний эрхийг зөрчиж эхэлсэн цагаас бид үүний эсрэг дуугарч, үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн. Асуудал байгаа учраас иргэдийн шаардлагаас айж яаран сандарч биднийг дуугүй болгох хүсэл сонирхолтой байна.
Хэрэв яллахгүй бол Засгийн газрын булхай илэрч ганхах эрсдэлтэй болсон.
Бидний зүгээс тэдгээр булхайг ил гаргахыг тасралтгүй шаардаж байсан учраас ийнхүү яллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл өгсөн. Үг хэлсний төлөө тус таван иргэнийг яллаагүй гэж байгаа ч үнэн байдалдаа дахиж дуугарахгүй болгохын тулд ямар ч хамаагүй аргаар ял оноох процесс явагдсан. Тэр ч бүү хэл эрх баригч намын сонирхол нь бусад сөрөг хүчнийг ирэх сонгуульд өрсөлдүүлэхгүй байхын тулд ял төлөвлөж байсан гэхэд болно. Зон олны намын дарга Э.Одбаярт 1.9 жил хорих буюу сонгууль дууссаны дараагаар суллагдах ял төлөвлөөд байсан. Шүүх хуралдааны явцад энэ нь зорчих эрхийг хязгаарлах болсон байгаа.
Зорчих эрхийг хязгаарласнаар бид Сүхбаатарын талбайд, Оросын элчингийн гадна жагсах боломжгүй болж байна. Тиймээс энэ бүхнийг зохион байгуулалттай процесс гэж хардаж байна.
Засгийн газар нь шүүхийн хараат бус байдалд ийнхүү нөлөөлж, зохиомол хэрэг үүсгэж яллаж байгаа учраас бидний зүгээс давж заалдана.
ЗАСГИЙГ ШҮҮМЖИЛСЭН ХЭНД Ч ЗОХИОМЛООР ХЭРЭГ ҮҮСГЭЖ ЧАДАЖ БАЙНА
Иргэн Д.МОНГОЛХҮҮ:
-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шүүхийн шийдвэр гарсны дараа маш ноцтой мэдэгдлийг цахим хуудастаа бичсэн. Э.Одбаярын сошиалд түгээсэн мэдээлэл нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр хүндэд халдсан учир МАН-ын хууль эрхзүйн хэлтсээс хууль эрхзүйн байгууллагад хандаж гомдол гаргасан.
МАН хүний жагсч цуглах, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой асуудлаар гомдол гаргаагүй. Харин ч бид хүний эрхийг дээдэлнэ. Нэг хүний эрх нийтийн эрхээр хязгаарлагдана гэжээ.
Улс төрийн томъёололд нийтийн эрх чөлөөгөөр хүний эрх хязгаарлагддаг философи дэлхийн аль ч орны түүхэнд байхгүй. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь ийм мэдэгдэл цахим хуудастаа тавина гэдэг бол утгагүй. Хууль, шүүхийн байгууллага эрх мэдэлтэй хүмүүсийн талд үйлчилдэг, айлган сүрдүүлдэг жишиг нийгэмд тогтоод байна. Сүрдүүлгийн тод илрэл бол барина, торгоно, хорино гэдэг. Угтаа цагдаа, хуулийн байгууллагынхан иргэний төлөө ажиллах үүрэгтэй. Харин одоо хуулийнхан төрийн талд л ажиллаж байна.
“No war” хөдөлгөөний таван залууд яг ижил зорчих эрхийг хязгаарлах ял оноож байгаа нь учиртай. Хэрэв эдгээр залуус бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байсан бол хорих ял онооно. Гэтэл шүүхээс бүх хүнд ижил зорчих эрхийг хязгаарлах оноож байгаа нь сануулга гэдгийг анхааруулж байна.
Үнэхээр бүлэглэн хэрэг үйлдсэн бол толгойлсон, өдөөн хатгасан, уриалсан гээд бүх хүнд өөр, өөр зүйл заалтын дагуу ял оноох байсан. Өнөөдрийн бодит төрх бол цагдаа, хуулийнхан иргэдээ хэвийн бус байдалд оруулж байж, хэрэгт холбогдуулах, гүтгэх, гэм буруутай этгээд болгож хувиргаж байна. Энэ системийг арилгах зайлшгүй шаардлагатай. Мөн цагдаа нар хүнийг саатуулж байгаа бол хуулийн үндэслэлээ хэлэх ёстой. Гэвч өнгөрсөн хугацаанд бид саатуулагдахад нэг ч цагдаагийн алба хаагч та нарыг энэ хуулийг зөрсөн учраас барьж байна гэж хэлж байгаагүй.
Иргэн бүр хуульч биш, хуулийн мэдлэггүй байдал дээр дөрөөлөх нь хуулийн байгууллагын ажиллах зарчим биш.
Хууль, шүүх нь өөрөө хараат бус байх зарчмаа алдсан байхад хэн дуртай нь үүнд гар дүрж болно гэсэн үг. Тэгэхээр зохиомлоор бусдад хэрэг үүсгэж яллаж айлгадаг энэ системээс гарах болсон. Засгийн газрыг шүүмжилсэн хэнд ч энэ мэт ял оноосоор байвал шүүх засаглал гэж байхгүй болох нь.
Э.ОДБАЯР НАР ДАВЖ ЗААЛДАНА
Өмгөөлөгч Б.Мэргэн:
-Жил гаруйн хугацаанд Э.Одбаяр нарын таван залуугаас гадна хилээр гарч явсан Г.Ган-Очир гэх залуугийн хамтаар 461 дүгээр хорих ангиас хүч хэрэглэн, хууль сахиулагчийг эсэргүүцэж Д.Монголхүүг авч гарсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж ирсэн. Мөн Э.Одбаярыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг болон М.Бас-Эрдэнэ гэх хүнийг гүтгэсэн гэх асуудлаар давхар шалгаад энэ оны хоёрдугаар сард шүүхээр орж нотлох баримтыг бүрэн гүйцэд шалгаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байдаг. Тус шүүх хуралдаан Мягмар гаригт болж, Э.Одбаяр нарын таван хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Прокурорын зүгээс нэг шүүгдэгчээс бусдад нь хорих ял санал болгосон.
Э.Одбаярын хувьд хоёр зүйлчлэл дээр шалгагдаж байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг нэгтгэж бусдаасаа хоёр сарын илүү хугацаагаар ял авсан.
Шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин шүүгдэгч Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.
Өмнө нь, хэд хэдэн удаа зөрчлийн хэрэг үүсгэж, тухай бүрд нь торгох шийтгэл ногдуулж байсан. Харин энэ удаагийн шүүх хурал дээрх заалтын дагуу гэм буруутай эсэхийг тогтоосон.
Түүнээс хүний эрхийг зөрчсөн эсэхийг миний хувьд хэлэх боломжгүй. Ямартай ч Э.Одбаяр нарын зүгээс шүүхийн шийдвэр албажихаар давж заалдана гэдгээ мэдэгдсэн.
МАН ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЯРЬДАГ Ч ҮГ ХЭЛЭХ ЭРХИЙГ БООМИЛЖ БАЙНА
“No war” хөдөлгөөнийхний зүгээс дээрх байр суурийг илэрхийллээ. Мөн үүнтэй холбоотойгоор цахим хуудаст олны танил хүмүүс ч үзэл бодлоо илэрхийлжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн хуудастаа “Дайныг эсэргүүцлээ гээд яллаж байвал энэ нь Монгол Улсад оноож байгаа ял болно.
Засгийн газар гомдлоо татаж авах ёстой. Энэ шийдвэр бол Монголын бие даасан байдал, ардчилсан гэх нэр хүндэд нөхөж баршгүй хохирол учруулна” гэж жиргэжээ.
Харин Бат инженерийн хувьд “Зорчих эрхийг хязгаарлах ял оноож байна гэдэг нь дахин жагсаал цуглаан зохион байгуулах боломжийг хааж байна гэсэн үг.
Монголын шүүх цагдааг МАН удирдаад байна. Хэн нэгний захиалгыг шүүх биелүүлж байна уу?” гэсэн байна.
Мөн бусад олны танил хүмүүс ч үүнд байр сууриа илэрхийлж эхэлжээ. Ямартай ч “No war” хөдөлгөөний залууст оноосон ял нь зүйд нийцэхгүй байгаа талаар иргэд ч бичиж эхэлсэн байна. Харин энэ асуудал цаашид хэрхэн шийдвэрлэгдэх бол..