"Гоёл" наадмаас тодорсон Топ моделиуд

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

"Гоёл" наадмаас тодорсон Топ моделиуд

"Гоёл" наадмаас тодорсон Топ моделиуд

Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй наадам бол "Гоёл". Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулдаг уг наадмыг энэ жил зохион байгуулахаар болжээ. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 30 гаруй жилийн түүхтэй наадмаар Монголын он оны топ модель, шилдэг дизайнерууд, шилдэг моделиуд, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчдыг уламжлал болгон шалгаруулдаг.

Энэ наадмын отгон топоор Д.Долгион тодорч, нийт 20 топ модель төржээ. Хамгийн анх 2001 онд “Топ модель” гэх өргөмжлөл хүртээхэд мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэл, мөн Азийн топ Д.Болормаа нар анхдагч болж байв. Энэ жилийн наадам Шангри-Ла зочид буудалд арваннэгдүгээр сарын 27-нд болох гэнэ.

АНХНЫ ХОС ТОП МОДЕЛИУД

"Мөнхийн залуу" тодотголтой, топ модель Э.Одгэрэл 1967 оны нэгдүгээр сарын 11-ны өдөр төржээ. Түүний хувьд 1986 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд 2001 онд анхны "Гоёл" наадмын топ модель болсон аж. Монголын загварын ертөнц дэх өөрийн байр сууриа хэзээ ч, хэнд ч алдаж байгаагүй. Тэрбээр өдгөө 51 настай ч арван хэдтэй охидтой зэрэгцэн алхаж, одоо ч тайзнаас буугаагүй байгаа түүнийг Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч гэдэг.

Азийн модель" Д.Болормаа 1972 оны нэгдүгээр сарын 29-нд төржээ. Тэрбээр чадварлаг моделиос гадна сайн багш гэгддэг.  Түүний хувьд  14 настайгаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн. 2011 онд топ модель Э.Одгэрэлийн хамт “Гоёл” наадмаас топ модель өргөмжлөл хүртэж байжээ. Өдгөө “Монгол модель” агентлагийн захирлаар ажиллаж, загварын ертөнцөд шилдэг загвар өмсөгчдийг бэлтгэж байна.

2002 ОНЫ ТОП МОДЕЛЬ Д.ЦОЛМОН

Загвар өмсөгч Д.Цолмон 2002 онд топ модель өргөмжлөл хүртэж байжээ. Тэрбээр 1975 оны наймдугаар сарын 12-ны өдөр төрсөн. Анх 17 настайгаасаа загвар өмсч эхэлсэн байна. Түүний хувьд "Том Цолмон" гэсэн тодотголтой, загварын ертөнцийн "акул"-уудын нэг. "Шилмэл загвар" компанид олон жил багшилж байгаад загварын тайзаа орхисон ч гэсэн түүний шавь нар болох топ модель О.Уянга, О.Пүрэвдулам, Э.Сэлэнгэ, Б.Гэрэлчулуун нарын загварын ертөнцөд цахиур хагалж яваа олон чадварлаг моделиуд байдаг нь сайн модель төдийгүй сайн багш байсны илрэл гэж хэлж болно.

2003 ОНЫ  ТОП МОДЕЛЬ Ч.ТУЯАЦЭЦЭГ

Загвар өмсөгч  Ч.Туяацэцэг 2003 онд “Гоёл” наадмаас топ модель өргөмжлөл хүртсэн бөгөөд хамгийн сүүлд “Помогите Нам-2” уран сайхны кинонд тоглож, чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан. Түүнийг дизайнерууд  хамгийн чадварлаг загвар өмсөгч хэмээн үнэлдэг. Тэр дизайнеруудыг хувцсыг тайзнаа амилуулж чаддаг шилдэг загвар өмсөгчдийн нэг юм. Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй тэрбээр загвар өмсөгч хүнд байх ёстой хувирах чадвар, өндөр нуруу, төгс бие хаатай модель гэгддэг. Бор арьс, өөртөө итгэлтэй эршүүд дүр төрх нь түүний бусдаас ялгарах онцлог болдог гэнэ.

2004 НЫ ТОП МОДЕЛЬ Х.УНДРАА

Загвар өмсөгч Х.Ундраа  1998 оноос “Шилмэл загвар” компанийн загварын агентлагт 14 наснаасаа суралцаж эхэлжээ. Тэрбээр  “Гоёл-2004” наадмаас топ модель өргөмжлөл хүртэж байсан юм. Бусад топуудаа бодоход элдэв хов, жив, хэл аманд өртөөд байдаггүй топ Х.Ундрааг загварынхан хамгийн даруухан модель хэмээн үнэлдэг юм билээ.

2005 ОНЫ ТОП МОДЕЛЬ Т.БАЯРЗУЛ

Т.Баярзул. Багаасаа ардын бүжгээр хичээллэдэг байсан бөгөөд даруу зан, донжтой яриагаараа өөрийн имижийг бүрдүүлдэг. Тэрбээр 2005 онд "Топ модель" өргөмжлөл хүртэж байсан. Хувийн амьдрал зохиосноосоо хойш загварынхан дундаа хамгийн нам гүм амьдарч байгаа нэгэн гэж хэлж болно.

2006 ОНЫ ТОП МОДЕЛЬ Д.ПҮРЭВСҮРЭН

 

Загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнгийн үндсэн  мэргэжил болох жүжигчний карьертаа хайртай ч загварын тайзаа орхиж байгаагүй. Тэр аль алийг нь чадварлаг хослуулдаг. 2006 онд "Топ модель" өргөмжлөл хүртсэн. "Ганга гоёл" агентлагаас загварын гараагаа эхэлсэн түүнд "Мобиком" компани хэрэглэгчдийнхээ гар утасны дэлгэц дээр топ моделийн нүцгэн зургуудыг нь байрлуулахын тулд 30 сая төгрөг төлсөн гэгддэг. Д.Пүрэвсүрэн өдгөө дөрвөн хүүхдийн ээж болжээ.

2007 ОНЫ ТОП МОДЕЛЬ Г.УРАНЦЭЦЭГ

Загвар өмсөгч  Г. Уранцэцэг  бол Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг юм. Тэрбээр  1997 оноос загвар өмсч эхэлсэн. 2007 онд топ модель өргөмжлөл хүртэж байв. 1984 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн тэрбээр 12 нас хүртлээ Германд амьдарч байжээ. Түүнийг хэдэн жилийн өмнөөс биедээ хамгийн их мэс хүргэсэн топ гэх болсон юм.

2008 ОНЫ ТОП МОДЕЛЬ Б.АЛИМАА

Загвар өмсөгч Г.Алимаа 1998 онд сурагчийн ширээнээс загварын тайз руу шилжсэн гэгддэг. 2008 онд "Гоёл" наадмаас топ модель өргөмжлөл хүртсэн. Тэрбээр 2008 онд Монголын дизайнеруудын холбоог удирдаж асан Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж байсан түүнийг "Топ"-оор өргөмжлүүлэх үед ихэнх хүмүүс багагүй эсэргүүцэж байсан юм. Гэхдээ түүнийг чадварлаг модель гэдэгтэй санал зөрөх хүн ховор биз ээ.

2009 ОНЫ ТОП МОДЕЛЬ О.УЯНГА

 

О.Уянга 14 наснаасаа загвар өмсч эхэлсэн  бөгөөд 2009 онд топ модель өргөмжлөл хүртэж, олны харааг булаасан. Эелдэг зантай, хүмүүжилтэй, сайн загвар өмсөгч гэгддэг О.Уянга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Тэрбээр 2008 онд “Шүрэн бугуйвч" хэмээх кинонд тоглоод амжсан билээ.

2010 ОНЫ ТОП МОДЕЛЬ Ч.УРАНБИЛЭГ

Загвар өмсөгч Ч.Уранбилэг 2010 онд топ модель өргөмжлөл хүртэж байжээ. Тэрбээр "Дорнын тэргүүн мисс", "Шилдэг фото мисс" гээд гоо сайхны наадмуудад чамгүй амжилттай оролцож байсан. Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирддаг сурагтай. Спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг аж.

 2011 ОНЫ "ТОП МОДЕЛЬ" Э.СЭЛЭНГЭ

Загвар өмсөгч  Э.Сэлэнгэ 2011 онд "Топ модель" өргөмжлөлт хүртсэн. Харин 2006 онд "Монголын сайхан бүсгүй"-гээр шалгарч, "Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн"-д оролцож байсан. "Эра" төвөөс загварын гараагаа эхэлсэн загвар өмсөгч, мисс бүсгүй Сингапурын нэртэй загвар зохион бүтээгчийн хараанд өртсөнөөр олон улсад карьераа эхлүүлсэн. Түүний хувийн амьдралаас дурдвал сайн найзыгаа амьдралынхаа ханиар сонгосон. Түүний нөхөр Б.Одбаяр хэмээх залуу байдаг бөгөөд хувийн компаниа удирдан авч яваа чадварлаг залуу  байдаг аж.

 2012 ОНЫ ТОП МОДЕЛЬ Ч.УНДРАХ 

Загвар өмсөгч Ч.Ундрах  2012 онд "Топ модель" өргөмжлөл хүртсэн. 12 жил загварын тайзнаа хөдөлмөрлөхдөө ил, далд "фронт"-д ижил үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Учир нь тэрбээр өнөөг хүртэл загвар өмсөхийн хажуугаар өөрөөсөө илүү бусдыгаа үзэсгэлэнтэй харагдуулах нүүр будагчийн ажлыг давхар хариуцаж ирсэн юм.

2013 ОНЫ ТОП МОДЕЛЬ О.ПҮРЭВДУЛАМ

Загвар өмсөгч О.Пүрэвдулам 2013 оны топ модель юм. Тэрбээр  МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгсчээ. "Дурлалын ангууч" уран сайхны кинонд гол дүр бүтээсэн уран бүтээлч, мөн электро транс, поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг "Catwalk" охидын хамтлагийн ахлагч билээ. "Asian Model-2011" уралдаанаас “Asian Star Model” өргөмжлөл хүртэж байсныг нь тодотгох хэрэгтэй.

2014 ОНЫ ТОП МОДЕЛЬ С.АРИУНБИЛЭГ

Загвар өмсөгч С.Ариунбилэг"Гоёл-2014″ наадмаас "Топ модель" өргөмжлөл хүртсэн. Тэрбээр "Энэ наадмын тайзнаа 12 жил алхахдаа хэзээ ч шагнал горьдож байсангүй. Гэнэтийн зүйл боллоо" хэмээн топоор шалгарсан мөчдөө сэтгэгдлээ хуваалцаж байсан нь саяхан.

2015 ОНЫ ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ

Загвар өмсөгч,  "Андра модель" агентлагийн захирал Х.Бадамгэрэл загварын ертөнцөд эрт хөл тавьсан ч 2015 онд буюу нэлээд хожуу "Топ модель" өргөмжлөл хүртсэн гэж хэлж болно. Түүний биеийн өндөр 178 см, биеийн харьцаа 86:59:87. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа мисс бүсгүй айлын ууган охин гэдэг.

2016 ОНЫ ТОП Х.УЯНГА

"Гоёл-2016" наадмын "Топ модель"-иор загвар өмсөгч Х.Уянга тодорч байлаа. Тэрбээр өнөөг хүртэл тасралтгүй 16 жил загварын тайзан дээр алхаж байгаа. Загварынхан дундаа хамгийн сайхан хөлтэй модель гэж үнэлэгддэг.

2017 ОНЫ ТОПГҮЙ “ГОЁЛ”

“Гоёл-2017” наадмаас топ модель шалгаруулаагүй. Шалтгааныг нь Дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаа ‘Шаардлага хангах модель байсангүй. Загвар өмсөгч бэлтгэгдээд топ моделийн хэмжээнд хүрсэн цагт тодруулах болно’ гэж тайлбарласан юм. “Гоёл” наадмын 29 жилийн түүхэнд анх удаа топ модель шалгаруулалгүй өнжсөн наадам нь энэ болсон билээ.

2018 ОНЫ ТОП МОДЕЛЬ Т.ХАЛИУНАА

 "Гоёл-2017" наадмын "Топ модель" өргөмжлөлийн эзнээр Т.Халиунаа шалгарч байсан билээ. Анх 13 настайгаасаа загварын тайзнаа хөл тавьсан тэрбээр тухайн оныхоо "Гоёл" наадамд орохгүй гэсэн бодолтой байсан гэдэг. Гэхдээ жил бүр хүсэн хүлээдэг, хүндэтгэдэг наадам нь учраас оролцохоор шийдсэн нь түүнийг топ модель болох замд хөтөлжээ.

ГОЁЛ-2019 ОНЫ ТОП МОДЕЛЬ Н.САРНАЙ

“Гоёл-2018” наадмын “Топ модель”-иор загвар өмсөгч Н.Сарнай тодорсон. Түүний шагналыг Топ модель Х.Бадамгэрэл гардуулж өгсөн билээ. Н.Сарнай нь “Монгол модель” агентлагт харъяалагддаг бөгөөд загварын салбарт 10 гаруй жил ажиллаж буй туршлагатай загвар өмсөгч юм. Түүний гэр бүлийн хүнийг Б.Азжаргал гэдэг бөгөөд төрийн албанд ажилдаг, мөн л загвар өмсөгч залуу.

ГОЁЛ-2020 ОНЫ ТОП МОДЕЛЬ Д.ДОЛГИОН

Тэрбээр "Монголын загварын ертөнцөд Топ модель нь хамгийн том цол. Тийм учраас асар их үүрэг хариуцлага, хичээл зүтгэл дагалддаг юм болов уу" гэдгийг хэлж байв. Түүний хувьд анх “Эра” төвийн загварын дамжаанд орж, гараагаа эхэлсэн. Ер нь л бага байхын л ангийнхаа өндөр нуруутай охидын нэг байсан аж. Маркетинг, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй бөгөөд “Golden International beauty association” Монгол дахь захирлаар ажиллаж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж