Украины төмөр генерал Валерий Залужный

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Украины төмөр генерал Валерий Залужный

Украины төмөр генерал Валерий Залужный

Орос, Украины дайн эхлээд өнөөдөр /2022.11.10/ 260 дахь өдөртэйгөө золгож байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харвал зүүн зүгийн Донецк муж байлдааны гол цэг болоод байна. News агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйг онцоллоо.


Валерий Федорович Залужный нь ЗХУ-ын Новоград-Волинський хотод 1973 оны долдугаар сард төрсөн. Тэрбээр 1989 онд хотын есдүгээр сургуулийг төгсөж, Машин үйлдвэрлэлийн техникумд элсэн оржээ. 1991 онд техникумаа төгссөнийхөө дараа Одессын хуурай замын цэргийн дээд сургуулийн ерөнхий факультетэд орсон. Тэрбээр 1997 онд сургуулиа онц дүнтэй төгссөн бөгөөд цэргийн албаны бүх л үе шатыг давсан, ясны цэрэг хүн юм.

Тодруулбал, салааны дарга, сургалтын салааны командлагч, байлдааны ангийн захирагч, сургалтын ротын захирагч, кадет ротын захирагч, батальоны захирагч гээд бараг бүх албан тушаал дээр тэр байж үзсэн.

Залужный 2005 онд Украины Батлан хамгаалахын үндэсний академид элсэн орж, 2007 онд алтан медальтай төгссөн байна. Төгссөнийхөө дараа тэрбээр Львов мужийн Яворив хотын 24 дүгээр бригадын штабын дарга, командлагчийн нэгдүгээр орлогчоор томилогдсон. Энэ албан тушаалдаа хоёр жил хагас амжилттай ажилласан. Үүнээс хойш 51 дүгээр бригадын захирагч, Баруун бүсийн шуурхай ажиллагааны командлагчийн нэгдүгээр орлогч, Умардын шуурхай ажиллагааны командлагч гэх мэтээр албан тушаалын шатаар тасралтгүй өгсөв. Украины дөрвөн одтой генерал тэрбээр 2021 оны долдугаар сарын 27-ноос хойш ерөнхийлөгч Зеленскийн томилгооны дагуу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллаж байна. Мөн Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн гишүүн юм.

Тэрбээр 2014 онд Иван Черняховскийн нэрэмжит Украины Үндэсний батлан ​​хамгаалахын их сургуулийг төгссөн. Үйл ажиллагааны болон стратегийн түвшний сургалтын шилдэг төгсөгч Залужныйг Их Британийн хатан хааны нэрэмжит шилжин явах сэлэмээр шагнаж байжээ.

ШИНЭ ҮЕИЙН ОФИЦЕР

Залужныйг “Time” сэтгүүл 2022 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​нэгээр нэрлэжээ. Олон улсын шинжээчид Оросын цэргийн эсрэг түүний командлалыг маш өндрөөр үнэлсэн байна. Түүнийг маш нээлттэй хүн гэж ард иргэд үздэг. Украины шинэ үеийн офицеруудын төлөөлөл болж гарч ирсэн Залужный цэрэг армид цөөнгүй шинэчлэлтийг хийжээ. Тухайлбал, ЗХУ-ын үед тогтоосон цэргийн дадлагыг халж, Украины армийг орчин үеийн байлдааны хүчин болгосон. Мөн фронтын шугамд тулалдаж буй цэргүүдийг дээд удирдлагын зөвшөөрөлгүйгээр эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг гал нээхийг зөвшөөрсөн. Ингэснээр цэргийнхэн шаардлагагүй бичиг баримт бөглөхгүй болжээ. Ерөнхийлөгч Зеленский энэ оны гуравдугаар сарын 5-нд Залужныйд генерал цол олгосон нь Украины зэвсэгт хүчний хамгийн дээд цол юм.

 

Түүний тэргүүлэх чиглэл бол Украины зэвсэгт хүчнийг НАТО-ийн зарчим, стандартын дагуу шинэчлэх юм. “Юун түрүүнд ертөнцийг үзэх үзэл, хүмүүст хандах хандлагаа өөрчлөхөөс эхлэх ёстой. Ард түмэн, доод албан тушаалтнууд руугаа анхаарал хандуулаасай гэж биднийг хүсч байгаа. Миний албан тушаалын замналын туршид хүмүүст хандах хандлага минь өөрчлөгдөөгүй” гэж тэр хэлж байв.

“Time” сэтгүүлд бичсэнээр Орос, Украины дайныг түүхийн хуудаснаа бичихэд Залужный чухал үүрэг гүйцэтгэх бололтой. Түүнийг зэвсэгт хүчний удирдагчаар сонгосон тухай анх дуулгахад “Юу гэсэн үг вэ?” гэж гайхсан хариу өгч байжээ. Энэ шийдвэр түүнд нокаут цохилт болсон гэж тэр ярилцлага өгч байв. АНУ-ын генерал Марк Милли түүнийг эх орондоо хэрэгтэй цагт цэргийн ухаанаар гарч ирлээ гэж хэлжээ.

Залужныйгаас гадна Александр Сырский, Кирилл Буданов зэрэг гол офицерууд бий. Гэхдээ тэрбээр Украиндаа ерөнхийлөгч Зеленскийн араас орохуйц дайны гол нүүр царай болж байна. Түүний дүр төрх Украины олон нийтийн сүлжээнд хаа сайгүй байдаг. Дайнд хүүгээ алдаад уйлж буй ээжийн өмнө сөхөрч суусан Залужный, энгийн цэрэг эрийн хуриман дээр инээмсэглэж зогсоо Залужный зэрэг түүний эерэг дүр төрх цахим сүлжээнд цөөнгүй таржээ. Тиймдээ ч телеграмд хэдэн зуун мянган дагагчтай аж. “Залужный харанхуй өрөөнд орвол гэрэл асаахгүй, харин тэр өөрөө харанхуйг гэрэлтүүлнэ” гэсэн үг хүртэл гарчээ.

Зарим хүний хувьд Залужныйг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар сонгох нь учир дутагдалтай санагдсан гэдэг. Учир нь Залужный цэргүүдийг сахилга баттай байлгах гэхээсээ илүү тэдэнтэй алиалж, маазардаг гэдгээрээ алдартай байжээ. Тэр бүү хэл ерөнхийлөгч Зеленскийн адилаар хошин урлагийн жүжигчин болохыг мөрөөддөг байсан тухайгаа Залужный ярьсан удаатай.

Залужный ЗХУ-ын үеийн цэргийн дэглэмийг халахын төлөө олон жил ажилласан боловч нөгөө талаараа дайснаа хүндэлж, биширдэг. Тодруулбал, тэр албан өрөөндөө өөрөөсөө 17 насаар ах ОХУ-ын зэвсэгт хүчний дарга, генерал Валерий Герасимовын бүтээлүүдийг хадгалдаг. “Би Оросын цэргийн сургаалиар хүмүүжсэн. Одоо ч гэсэн Орост дайны шинжлэх ухаан байгаа гэж би боддог. Би Герасимовоос суралцсан. Би түүний бичсэн бүх зүйлийг уншсан. Тэр бол хамгийн ухаалаг нэгэн” гэж Залужный хэлж байв.

Түүнийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугаас бүх талаараа ялгаатай гэж “Kiyv post” хуудас онцолсон. Шойгу ЗХУ-ын хэв маягаар одон медальд дуртай бол Залужный илүү орчин үеийн төрхтэй бөгөөд цэргийн алба хаагчидтай инээмсэглэн сельфи хийх нь олонтоо харагдана. Мөн цэрэг, бага офицеруудад тулгардаг бэрхшээлийг ойлгодог, маш нээлттэй генерал гэдэг. Дүрэмт хувцсан дээрх одон медаль нь бардам зан гаргах үндэслэл биш гэж тэр үздэг аж. Залужныйг цэргийн практик туршлага, боловсролоороо Шойгугаас хавь илүү гэж тус хуудас дүгнэжээ.

“Украины цэргүүд дэлхийн хоёр дахь хүчирхэг армийг зогсоосон. Бид бүх чиглэлд өрсөлдөгчөө сөрж чадсан. Бид тэдэнд хэзээ ч харж байгаагүй, төсөөлж ч байгаагүй хохирлыг учруулсан. Үүнийг украинчууд, дэлхий нийт бүгд мэдэж байгаа” гэж тэр хэлжээ.

Ерөнхий командлагч тэрбээр элдэв од статусаас зайлсхийхийг хичээдэг ч мятаршгүй төмөр генерал, шинэ үеийн офицер зэрэг хочтой болоод амжсан. Зэвсэгт хүчнийг жил хүрэхгүй хугацаанд удирдаж буй хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Украины түүхэн дэх домог гэж аль хэдийнэ нэрлээд байна. ОХУ-ын түрэмгийллээс өмнө түүний нэрийг цэргийн шинжээчид л мэддэг байсан бол одоо Киевийг 48-хан цагийн дотор эзлэнэ гэсэн Путины гайхамшигтай төлөвлөгөөг саатуулсан гол хүн гэж олон нийт мэддэг болжээ.

Эх сурвалж: TIME, POLITICO, KIYV POST, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж