“Ойн түншлэл” ба онцгой боломж

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

“Ойн түншлэл” ба онцгой боломж

“Ойн түншлэл” ба онцгой боломж

Монгол Улс  Европын холбооны “Ойн түншлэл”-д нэгдсэн тухай мэдээлэл олны сонорт  төдийлөн хүрсэнгүй. Угаасаа ч монголчууд улс төрийн хэрүүл, албан тушаалын аваа өгөө, авлигын дуулиан, ор хөнжлийн шуугианаас өөрийг унших биш. Хандалт, лайк, шейр авахгүй нь тодорхой иймэрхүй мэдээлэл хэвлэлийнхэн ч, олон нийт ч ач холбогдол өгөхөө больсон нь худлаа биш хойно.

Египетэд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 27 дугаар бага хурлын үеэр Европын Холбооны “Ойн түншлэл”-д Монгол Улс нэгдсэнээр Азидаа анхдагч болж байгаа аж. Тус хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож буй агаад тэрбээр жилийн өмнө НҮБ-ын хуралдаан дээр “Тэрбум мод” төслөө танилцуулж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Тэрбум мод” төслийн хүрээнд улсын хэмжээнд 39 зүйлийн мод, сөөгний 12 тонн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн.  Мөн 306 мод үржүүлгийн газар 46 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн байна.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен чуулга уулзалтын үеэр “Дэлхий даяар 1.6 тэрбум хүний амьжиргаа ойн эх үүсвэрээс шууд хамаардаг. Ийм ч учраас тогтвортой ирээдүйг цогцлоох, дэлхийн ойн санг хамгаалахын тулд “Ойн түншлэл”-ийг илүү олон түншүүдтэйгээ байгуулах нь чухал болоод байна. “Ойн түншлэл”-ээр дамжуулан Европын Холбоо ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх, ойгоо хамгаалахад дэмжлэг үзүүлнэ” хэмээн онцолжээ.

Монгол Улсын хувьд хүний хүчин зүйлсээс шалтгаалж ойн нөөц жил ирэх тусам багассаар байгаа. Тиймээс ой модоо хамгаалж, арчилж, ургуулахад бидэнд мөнгө, санхүүгийн тусламж, дэмжлэг хэрэгтэй. Тэгвэл “Ойн түншлэл”-д орсноор Европын холбооноос хөрөнгө босгох боломжтой болж байна.

Учир нь,  Европын холбоо 2021-2027 оны гадаад үйл ажиллагааны төсвийнхөө 35 хувийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудын хэрэгжилтэд, 7.5 хувийг биологийн олон янз байдлыг хамгаалахад зарцуулахаа амласан. Өнгөрсөн чуулга уулзалтаар Европын холбоо нь ойн нөөцийг хамгаалах чиглэлд нэг тэрбум евро гаргаж байжээ.

 “Ойн түншлэл” нь ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг дэмжих, ойг эдийн засгийн чухал орлогын эх үүсвэр болгоход зорилготой.  Ялангуяа ойн салбарт ажлын байр нэмэгдүүлэх, цөлжилт, ойн сийрэгжилт, уур амьсгалын өөрчлөлт, био төрөл зүйлийг хамгаалахтай холбоотой бүхий л асуудлыг энэхүү түншлэлийн хүрээнд шийдвэрлэх юм байна

Дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй хотжилт, дэлхийн хүн амын хэрэгцээг хангах нь жил бүр 10 сая га талбай ой модыг цаашид устгахад хүргэж байна. Үүний үр дагавар нь уур амьсгал, хүний ​​эрүүл мэндэд ноцтой нөлөөлж, Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаад Европын холбоо санаа зовниж буй юм. Ялангуяа хөгжиж  яваа орнуудын ой мод, ургамлыг хамгаалах, арчлахад Европын холбоо багагүй анхаарч буй. Монгол Улс нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азийн тэргүүлэгч орон болно гэж “Алсын хараа 2050”-д тусгасан. Ногоон хөгжилд суурилсан урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж, улс орны эдийн засаг, дэд бүтцийг байгалийн нөөц баялгийн боломж, газар зүйн байршлын давуу талаа ашиглах нь биднээс л шалтгаана. Товчхондоо боломжийг ашиглах, алдах нь биднээс хамааралтай гэсэн үг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж