Австрали, Хятадын амаргүй харилцаанд ахиц гарах уу?

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

Австрали, Хятадын амаргүй харилцаанд ахиц гарах уу?

Австрали, Хятадын амаргүй харилцаанд ахиц гарах уу?

Индонезийн Бали аралд ирэх Баасан гаригт олон улсын төр засгийн удирдагч нар Их-20 бүлгийн чуулганд оролцохоор хурна. Энэ үеэр Ши Жиньпинтэй нүүр тулж уулзахыг Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз эрэлхийлж байна. Чуулга уулзалтад Ши Жиньпин оролцохыг зохион байгуулагч Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо баталсан.

Ши Жиньпин гурав дахь удаагаа улиран Хятадыг удирдах болсны зэрэгцээ Австралийн засгийн газрын тэргүүн солигдсон зэрэг нь хоёр орны харилцаанд өөрчлөлтийг авчирч байна.

Тодруулбал, Хятадын даргатай хэлэлцээний ширээний ард суувал эерэг үр дүн авчирна гэсэн хүлээлттэй байгаагаа Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз  сэтгүүлчдэд хэлжээ. Түүний мэдэгдэл сүүлийн хэдэн жил зөрчилдөж, зарим тохиолдолд хурцадмал байдалд хүрсэн Хятад, Австралийн харилцааг сэргээх эерэг дохио гэдгийг ажиглагчид хэлж байна.  Сиднейн Технологийн их сургуулийн Австрали-Хятадын харилцааны хүрээлэнгийн захирал Жеймс Лоренсон хэлэхдээ, "Хятадтай хэлэлцээ хийх нь Австралийн хувьд мэдээж харилцаагаа сайжруулахад дэвшил авчирна. Энэхүү яриа хэлэлцээ нь Хятадад саатуулагдсан Австралийн иргэдийг шилжүүлэн авах, Канберрагийн экспортын эсрэг Бээжингийн худалдааны хориг зэрэг асуудлуудыг шийдвэрлэх замыг нээж чадна. Мэдээж Австрали, Хятадын харилцааны суурь ялгаатай байдлууд арилахгүй. Гэхдээ удирдагчдын түвшинд уулзалт хийх нь Хятадын хувьд Австрали нь цаашид  "ааштай эхнэр" байхаа болино" гэж дүгнэжээ. 

Нөгөө талд Хятадын гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн Мягмар гариг Австралийн талтай уулзах үедээ хоёр орны харилцаанд сүүлийн үед эерэг өөрчлөлтүүд гарч байгааг онцолсон байна. Түүнчлэн тэрбээр хоёр орны хоорондох зүй ёсны түгшүүр, хардлагыг дарах шаардлагатай гэдгийг онцолжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Австрали улсад суугаа Хятадын элчин сайдын зүгээс Канберрад хандан хоёр орны удирдагч нарыг ямар нэгэн болзолгүйгээр уулзах саналыг илэрхийлсэн аж. Австралийн төвийн хүчний Хөдөлмөрийн намын дарга Энтони Албаниз өнгөрсөн тавдугаар сард холбооны сонгуульд ялалт байгуулснаар Хятадтай харилцааг дахин сэргээх боломжтой болсныг тэрбээр онцолжээ. Энтони Албаниз нь консерватив үзэлтэй Либерал намын дарга Скотт Моррисоны оронд Австралийн засгийн газрын тэргүүн болсон юм. Скотт Моррис 2019 онд Японы Осака хотноо болсон Их-20 орны чуулга уулзалтын үеэр Ши Жиньпинтэй хэлэлцээ хийснээс хойш хоёр орны удирдагчид уулзаагүй.

Харин Энтони Албаниз өнгөрсөн гуравдугаар сард хэлэхдээ үндэсний ашиг сонирхлоо орхигдуулахгүйгээр Хятадтай харилцан ажиллаж чадна гэдгээ илэрхийлсэн.

Хятад улс нь Австралийн хувьд худалдааны хамгийн том хамтрагч орон боловч худалдаа, аюулгүй байдал, хүний эрх, covid-19 цар тахлын гарал үүсэл зэрэг асуудлуудаас болж харилцаа нь огцом муудсан. Хоёр орны харилцаанд зөрчил хурцадсанаар 2020 онд Хятадын талаас Австралийн бүтээгдэхүүнд худалдааны хориг, хязгаарлалт тавьсан. Улмаар байгалийн баялгын арвин нөөцтэй Австрали улс нь бусад зах зээлүүдэд илүү анхаарч, худалдааны бодлогоо өөрчлөхөд хүргэсэн. Ингэснээр зарим бүтээгдэхүүний экспортод Хятадаас хэт хамааралтай байсан Австралийн худалдааны тоон үзүүлэлтүүд сайжирсан. Австралийг буулгаж авахаар Хятадын тал гаалийн татварыг нэмснээр зах зээлд үнэ болоод эрэлтийг нэмэгдүүлж өгчээ. Гэсэн ч Австралийн экспортын гол чиглэл Хятад хэвээр байгаа. Тухайлбал, худалдааны хоригтой байсан 2021 онд Канберрагийн нийт экспортын  42 хувийг Бээжин эзэлжээ. Энэ нь 2007 онд 14 хувь байсантай харьцуулбал бараг гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт.

Үүний зэрэгцээ геополитикийн зөрчил хурцадсаар байвал  Хятадын авч болох арга хэмжээ Австралид илүү эмзэг тусна. "Lowy Institute" байгууллагын мэдээлснээр Австралийн нүүрсний зах зээл нь санхүүгийн хувьд Хятадын банкуудыг хэтэрхий түшиглэдэг аж. Гэтэл Австрали, Хятадын харилцаа нь геополитикийн аливаа өөрчлөлтөд өртөмтгий байдаг. Тиймээс АНУ, Хятадын хоорондох геополитикийн өрсөлдөөнд Австрали нь Вашингтоны хүчирхэг холбоотны хувьд Бээжинтэй худалдааны харилцаанд тэнцвэрийг барих нь хүндхэн даваа гэдгийг ажиглагчид онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж