Түншлэл гэдэг үгийг төр “тоглоомоор” хэлж болохгүй!

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Түншлэл гэдэг үгийг төр “тоглоомоор” хэлж болохгүй!

Түншлэл гэдэг үгийг төр “тоглоомоор” хэлж болохгүй!

Ц.Нямдорж хуулийн сайд байхдаа “Цаг болохоор хэлнэ” гэж айлгадаг ганц үгтэй байв. Тэгвэл Х.Нямбаатар өдгөө “зарлана, дэлгэнэ” гэдэг болсон.

Хоёр долоо хоногийн өмнө тэрбээр гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гэх 57 хэргийг танилцуулсан агаад “хэргийн эзэд” нь АН-ынхан голдуу, Д.Дорлигжав, Кёкшюүзан Д.Батбаяр, О.Магнай, А.Гансүх болохыг /хэдийгээр Х.Нямбаатар нэрийг нь нууцалсан ч/  хэвлэл, олон нийт  тэр дор нь олж илрүүлэлгүй яахав.

Монголд хөрөнгө оруулж, хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг нь хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгож, гурван хэрэг шүүхийн шатанд, дөрвөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн тухай Хуулийн сайдын мэдээллээс харвал Үндсэн хуульдаа суулгаж өгсөн “….нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэх үүргээ Монголын төр огт биелүүлдэггүй юм байна, харамсалтай нь.

Харин ойлгомжгүй нь, “Гадаадын хөрөнгө оруулагчдын тонох, дээрэмдэх гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд ард түмний хараа хяналтанд оруулж байна” гэх тайлбар нь. Ард түмэн сайндаа л олон нийтийн сүлжээнд нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлэхээс өөрөөр гэм буруутай этгээдийн шүүх, хариуцлага ногдуулах, хохирогчийн хохирлыг барагдуулах эрхгүй.  Гагцхүү энэ эрх төрд бий.  Өнөөдрийн хувьд засгийн эрх барьж байгаа МАН-д  гэсэн үг. Гэвчиг МАН өөрсдөө  энхийн цагаан тагтаа мөн бил үү?!  Монголын  төр хувийн өмчийг хуулиар хамгаалж чадаж байгаа юу?! Эндээс Монголд яагаад хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн  гол шалтгааныг хайхад буруудахгүй.

МАН төрийн эрхийг авснаас хойш хувийн өмчийг дээрэмдэх нь хэвийн үзэгдэл болсон. Эхнийх жишээ нь “Эрдэнэт”-ийн 49 хувь. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь  2016 он хүртэл Орос, Монголын хамтарсан үйлдвэр байсан. Оросын талын эзэмшил байсан 49 хувийг “Монголын зэс” корпораци 2016 онд “Ростех” компаниас 400 сая ам.доллараар худалдаж авсан байдаг.  Оросын талын 49 хувийг 400 ам.доллараар Монголын компани худалдаж аваагүй бол одоо хэний өмч болсон байхыг хэлэхэд бэрх. Ямарч байсан зуун хувь Монголын өмч болохгүй байсан нь, “Эрдэнэт”-ийн үйлдвэрийн захирлыг томилохдоо Монголын Засгийн газар толгой мэдэн шийдэж чадахгүй нь баталгаатай үнэн юм.

Үндсэн хууль болон бусад хулуь тогтоомжид зааснаар “Хувийн өмчийг төрд  хурааж авахдаа авахдаа нэг нь шүүхийн шийдвэрээр, нөгөө нь онц бөгөөд дайны байдлын үед дайчлан авна” гэж заасан байдаг. Атал УИХ-ын дарга нь цэрэг цагдаа, гав буутай гүйж очоод хэдэн хятадыг “дээрэмдсэн” тохиолдол бий.  Хууль тогтоох байгууллага нь хүртэл хуулиа завхруулахаар хөрөнгө оруулагчид хүссэн, хүсээгүй Монголд тогтохгүй. Аминаасаа, мөнгөнөөсөө уйдсан тэнэг биш бол юу гэж адгийн “дээрэмчидтэй” ажил ярих билээ.

Сүүлийн үед Засгийн газар төр, хувийн хэвшилтэй түншилж хөгжинө өө гэх болж. Энэ нь үнэн бол, эрх баригчид хэлсэндээ хүрдэг аваас сайн хэрэг. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарлаж буйгаар төр найман хэлбэрээр хувийн хэвшилтэйгээ түншлэх юм байна.  Хуулийн төсөл нь УИХ-д өргөн баригдсан, удахгүй парламентаар хэлэлцээд явах байх. Монгол Улс хууль эрх зүйн орчноо энэ мэтээр сайжруулах нь зөв. Гэхдээ, хууль боловсруулагчид нь, хууль тогтоогчид нь, хууль хэрэгжүүлэгчид нь  бүг дхуулиа завхруулах юм бол мянга сайхан хууль батлаад ямар ч өөрчлөлт гарахгүй.

Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа шалтгааныг Монголын төр холоос эрэх хэрэггүй, өөрөөсөө эхлээд хайх ёстой юм. Цэрэг цагдаа, сэтгүүлч дагуулаад гав, буу болох аваас гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх нь бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид нь гадагшаа дүрвэхдээ хүрнэ.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг харвал хувийнхантай хамтарна, хөгжинө, түншилнэ, концесс байгуулна гэж.  Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар олон улс дахь Монгол Улсын үнэлгээ сайжирна гэж Засгийн газарт итгэж байгаа бололтой.  Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл бий болж, хөрөнгө оруулалт өсөж, олон улсын технологи, туршлага, чадавхийг нутагшуулах гэнэ. Сэрэхгүй бол сайхан зүүд юм, уг нь. Гэхдээ концесс гэх үгнээс аж ахуйн нэгжүүд айдаг болоод удаж байна. Төр хэзээ, хэнийг явуулж хөрөнгийг минь булаачих бол гэсэн айдас тэдэнд бий болсон.  Үнийг хэлэхэд хөрөнгө оруулсныхаа дараа “гэмт хэрэгтэн”, луйварчин хочтойгоор мөнгөгүй, өмчгүй, нэр төргүй хүн болж дуусахыг хэн хүсэв гэж. Нэг өглөө л сэрэхэд хулгайч, луйварчин болгочихсон байдаг Монголын төртэй ямар тэнэг нь гар барих билээ дээ.

Төр хувийн хэвшлийн тухай хуулийн төслийн 31, 32 дугаар зүйлд "…Төр хувийн хэвшлийн бизнесийг хамгаалж өгнө" гэж. Үндсэн хуульд хүртэл хувийн өмчийг хамгаална гэж цагаан дээр хараар биччихсэн байгаа. Даанч, Монголын төр Үндсэн хуулиа хүртэл зөрчих энүүхэнд болохоор төрийн хувийн хэвшлийн бизнесийг хамгаална гэсэн үгэнд итгэх нь итгэхгүйгээсээ цөөхөн байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд  Засгийн газар нэг өглөө  хуралдаад Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан гэрээгээ цуцалчих жишээтэй. "…Концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах) зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон" гээд өмчийг нь булаагаад авчихсан.

Тиймээс улс төр, бизнес хоёроо ялгаж, салгаж улстөржихгүй бол төр, хувийн хэвшлийн түншлэл цаасан дээр царцана. Төр хувийн түншлэл бол нэг зүгт харахаас гадна нэг хэлээр ярьж, нэг төвшинд ажиллахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, түншлэл гэдэг үгийг төр “тоглоомоор” хэлж болохгүй!  Төр, хувийн хэвшлийн түншлэл аль нам засгийн эрх барьж, хэн сайд болохоос үл хамаараад тогтвортой, ойлголцолтой явах ёстой. Тэр цагт гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх болно.  Дотоодын хөрөнгө оруулагчид төртэйгөө түншлэхэд асуудалгүй, айдасгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж