Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэгдсэн мэдээллийн сангаар зуун хувь цахимаар шалган шийдвэрлэдэг болох тэмдэглэл гарсан. Би урьд нь хэвлэл мэдээллийн байгууллагад олон алдаатай статистик мэдээлэл өгч байснаа албан ёсоор хүлээн зөвшөөрье. Жилдээ 1.3 сая орчим захиргааны зөрчил бүртгэгдэж, түүнийг шалган шийдвэрлэдэг гэж ярьж байсан. Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд, өнгөрсөн хавар батлагдсан цахим багц хуулийн хүрээнд Монгол Улсад үйлдэгдэж буй бүх зөрчлийг цаасаар биш цахимаар шалган шийдвэрлэдэг болох бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Өчигдөр анхан шатны шүүхээс иргэн Э.Одбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхээс шийдэгдсэн. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө Ерөнхий сайд иргэн Э.Одбаяр нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс өгүүлсэн гэх ташаа мэдээлэл явж байна. 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр шүүхэд хэрэг шилжүүлж ирсэн, хоёр зүйл ангитай. Худал мэдээлэл тараах, хууль сахиулагчийг эсэргүүцэх зүйл ангиар уг хэрэг шүүхэд шилжиж ирсэн. Нэр бүхий таван иргэнд холбогдох хэрэг ирсэн. Хэргийг сануулбал, 2022 оны хоёрдугаар сард Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг машинаар дайрч буй бичлэг гарсан. Ингэхдээ, Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд С-ийг санаатай дайрч хөнөөгөөд орхиж, зугтаасан гэх мэдээлэл гарсан. Тухайн үед МАН-ын хуулийн хэлтсээс цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт өгсөн. Өөрөөр хэлбэл, цаад үр дагавар нь урхагтай үйлдэл буюу хүнийг санаатай дайраад тусламж үзүүлэлгүй зугтсан хэргийг Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд үйлдсэн байна гэх мэдээллийг Э.Одбаяр олон нийтийн сүлжээнд цацсаныг шалгуулах нь зүйтэй гэж үзээд шалгуулсан байдаг.
Уг мэдээллийг “Demons Odko” гэх фэйжээр цацсан. Дараа нь 2022 оны дөрөвдүгээр сард 461 дүгээр хорих ангид шүүхийн шийдвэрээр хоригдох гэж байсан иргэн Д.Монголхүүг нэр дурдсан таван хүн цагдаагийн хорих байрны журам дэглэм зөрчиж, авч гарсан үйлдэл шалгагдсан. Энэ хоёр хэрэг нэгтгэгдэж мөрдөн шалгуулах ажиллагаа явуулж, энэ оны долдугаар сард шүүхэд шилжиж, өчигдөр шийдвэр гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1.1 гэдэг нь хууль сахиулагчийн биед халдаж, эсэргүүцэх гэдэг бие даасан гэмт хэргийн зүйлчлэл. Уг хэрэгт хуулиар торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай хэрэг юм.
Шүүхийн шийдвэр бидэнд одоогоор албажиж ирээгүй ч энэ мэдээллийг олон нийтэд өгөх нь зүйтэй. Э.Одбаяр нарын таван хүнийг хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн үйлдэл дээр нь шүүхээс өөрсдийн оршин суугаа дүүргээсээ нэг жилийн хугацаанд гарахгүй байх, зорчих эрхийг хязгаарлах ял оноосон.
Шүүхийн шийдвэр 14 хоногийн дараа албажина.
Мөн АТГ-аас бүртгэлгүй нүүрсийг хууль бусаар гаргаж байгаа асуудалд ажлын хэсэг гарган шалгаж байна. Үүнтэй холбоотой олон хүний эрх ашиг хөндөгдөж байх шиг байна. Өчигдөр "Страто" компанийн хамаарал бүхий хүн хүртэл олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайдыг “үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг чам шиг хорьж, эрхийг нь хязгаарлахгүй” гэх агуулгатай нийтлэлийг тавьж байна.
Нүүрсний гэх тодотголтой хэргүүд удахгүй шүүхэд шилжиж, шийдвэрлэгдэх байх.
АН-ын зөрчил, тэмцэл ихэд хурцдаж байх шиг байна. АН-ын даргад нэр дэвшигч, горилогчид Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, гүтгэх зорилгоор олон нийтийн сүлжээнд баг ажиллуулж буй зүйл ажиглагдлаа. Өчигдөр шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээллийг Ерөнхий сайдын захиалгаар шийдвэр гарч буй мэтээр худал ташаа мэдээллийг гаргаж байна.
Холбоотой мэдээ