Засгийн газрын өнөөдрийн /2022.11.09/ хуралдаанаас гаргасан шийдвэрээр холбогдох сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Сугалаагаар цэцэрлэгт ордог тогтолцоо байх ёсгүй, хална. Энэ хүрээнд гурван яамны ажлын хэсэг ажиллаж, дээрх чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргууллаа. Энэ жил 124 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулснаас төрийн өмчийн цэцэрлэгт 94621, хувийн өмчийн цэцэрлэгт 30 мянган хүүхэд хамрагдсан. Гурван удаагийн элсэлт зохион байгуулсан. Монгол Улс, яагаад цэцэрлэг сургуульгүй болсон юм бэ. Шалтгааныг нь судалж үзэхэд, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тухайн жилдээ 24 цэцэрлэг барихаар баталлаа гэхэд архитекторын даалгавар батлуулахдаа дээрх тоог 50 хувиар багасгадаг. Барилгаа бариад явчихдаг учраас цэцэрлэггүй үлддэг асуудал гарч байжээ. Улаанбаатарт 752 орон сууцны барилга баригдаж байгаагийн 0.2 хувь нь буюу 20 цэцэрлэг барихаар төлөвлөж буй гэх судалгаа бий. Иймд архитектор төлөвлөлтийн даалгавар, барилга эрхлэх зөвшөөрөл, комисс хүлээн авах процессыг хариуцлагажуулна. Цаашдаа цэцэрлэгийн зураг төсөвгүй барилгыг батлахгүй байх, холбогдох албан тушаалтанд зураг төсвийг авсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх асуудлыг шийднэ. Монгол Улсад 680 орчим төрийн өмчийн сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их дээд сургуулийн газрын тооллогыг 2015 оноос тооцож хийлээ.
Дүгнэхэд, төрийн өмчийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагджээ.
Хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт төрийн өмчийн сургууль, цэцэрлэгээс 12 сургуулийн 2.1 га газар, 8 их дээд сургуулийн 1.8 га газар хувь хүний нэр дээр буюу захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Зарим нийтийн хэрэгцээний газруудад орон сууц барьж СӨХ-ийн нэр дээр шилжүүлсэн байна.
Хөдөө орон нутгийн төрийн өмчит газар ч гэсэн гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгдсэн тохиолдол байгаа. Нийт сургуулийн 70-80 хувьд нь биеийн тамирын талбай бусдын нэр дээр шилжиж, заал барих газаргүй болсон байна. Иймд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас иргэний болон хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох, зөвшөөрөлгүй газарт баригдсан гарааш, үл хөдлөх хөрөнгийг дахин чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Бүх төсвийн захирагч нар, газрынхаа үнэлгээг дахин хийлгэж, баланст авах ёстой байсан.
Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР:
-Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050” баримт бичигт “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж туссан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум байгуулахаар төлөвлөж байна.
Холбоотой мэдээ