Хоёр хүүхэд, долоон машиныг мөргөж гэмтээсэн осол өнгөрсөн аравдугаар сарын 10-нд болсон. Осолтой холбоотой элдэв мэдээлэл гарсаар байгаа билээ. Охины ээж аавын зүгээс хүүхдээ хөнгөн гэмтсэн гэж эхлээд мэдээлж байсан ч, сүүлдээ гомдолтой байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Осолд орсон охинд анхан шатны тусламж үзүүлсэн гэрчийн яриа болон тухай үед юу болсон талаарх мэдээллийг эндээс уншаарай. Тэгвэл хоёр долоо хоногийн өмнө Тээврийн цагдаагийн алба/ТЦА/-наас ослын шалгалтын хугацааг 15 хоногоор сунгасан талаар мэдээлсэн. Эл хэргийг албаны хүмүүсээс дахин тодрууллаа.
Цахим хуудаст гарсан хохирогч охины гэмтлийн зэргийн дүгнэлтийн талаар тайлбар өгөх боломжгүй гэдгийг ТЦА-наас онцлов. Учир нь хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа болохоор прокурорын зөвшөөрсөн мэдээллийг өгнө гэсэн юм.
Осол болсоны дараа ТЦА өдөр өнжихгүй олон нийтэд мэдээлэл хийж байсан. Гэхдээ тоймтой, тодорхой хариулт өгч байгаагүй юм.
Шүүх шинжилгээний хүрээлэнгээс хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоох ажлыг хийсэн. Эхний дүгнэлтэд өөрчлөлт орсон эсэх мэдээллийг өгсөнгүй. Ямартай ч урьдчилсан дүгнэлтийн дараагаар хохирогч охины ар гэрээс хүсэлт өгч, шаардлагатай эмнэлгийн бичиг баримтуудыг нэгтгэж өгсөн байна. Гэхдээ хоёр дахь дүгнэлтээр хүндэвтэр гарсан гэдгийг ч албаныхан баталсангүй. Тиймээс иргэд энэ ослын талаарх мэдээллийг нууцалж байна гэж таамаглаж байгаа юм.
Харин үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүний зовлон дээр шоу хийх хэрэггүй. Шалгалтын ажлын явцад өгөхгүй мэдээлэл гэж бий. Ослын бичлэг болон зарим мэдээлэл нээлттэй гэх тайлбар өгсөн.
Гэвч шалгалтын хугацаа үргэлжилж байна гэсээр сарын хугацаа болж байгаад иргэд бухимдаж буй. Түүгээр ч зогсохгүй хохирогч охины ар гэрээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Одоог хүртэл ослын хэрэг бүртгэлийн явц үргэлжилж, удаашрах шинжтэй болж байгаад иргэд хариуцсан яам анхаарахгүй байгааг хэлж байна.
ТЦА: ОСЛЫН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хурандаагийн өгсөн мэдээллээр шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд удаашраагүй гэсэн юм. Цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрсөн хэмжээнд л мэдээллийг өгнө. Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй. Аравдугаар сарын 10-ны өдөр тус тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас тухайн хөдөлгөөн хийж эхэлсэн. Тухайн үеийн камерын бичлэг зэргийг шалгаж байгаа.
Бид шүүх шинжилгээний байгууллагаас ирсэн хариултыг Мөрдөн шалгах хэлтэст өгсөн. Мөрдөн шалгалтын үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг онцолсон.
Мөн шинжээчийн одоогийн гарсан байгаа дүгнэлтэд тулгуурлаж, хохирогчийн гэр бүлээс нэмэлт шинжилгээний дүгнэлтүүдийг хүлээн авсан байна.
Үүнийг прокурорын байгууллагад өгч, нэмэлтээр шинжээч томилуулан ажиллаж байгаа учир мөн л мэдээлэл байхгүй гэсэн юм.
Иргэд олон хүний эд хөрөнгө, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан осолтой холбоотой мэдээллийг нээлттэй хүргэхийг хүсч байна Х.Нямбаатар сайд аа. Нууж, өмгөөлсөн зүйл байхгүйг ХЗДХЯ онцолж байгаа ч иргэд хардах эрхтэй. Тиймээс үүнд тайлбар өгч, ослын шалгалтын ажил, хохирогчид хийсэн шинжээчийн дүгнэлтийн талаар мэдээлэл өгөхийг шаардаж байна.
Холбоотой мэдээ