Энэ долоо хоногийн VS буландаа бид “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн удирдлагуудын эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, оронд нь Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилсон. Үүний өмнөхөн зарим сайд нар, УИХ-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компани нь нууцаар хэдэн их наядаар хэмжигдэх оффтейк гэрээ байгуулсан, 3,4 их наядын өртэй, 84 нууц гэрээтэй гэхчлэн мэдээллийг өгч байв.
Ж.Ганбат
Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч
"Эрдэнэс Тавантолгой" компани нээлттэй, ил тод болох ёстой. Цахим хуудаснаа уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож өгч байна. Эндээс ямар компани хэчнээн тээврийн хэрэгслээр он, сар, өдрөөр нь хэчнээн тонн нүүрс ачиж байна вэ гэдгийг харж болно. Өнөөдрийн байдлаар 30.497 тонн нүүрсийг 265 тээврийн хэрэгслээр ачсан. Ачилтын компанийн мэдээлэл хаалттай байсан. Өнөөдрийн байдлаар 13 худалдан авагч нүүрс тээвэрлэж байна. Тендерийн мэдээллийг цахимд холбож өгсөн. Оффтейк гэрээ гэдэг нь үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээг хэлдэг. Энэ гэрээ "Эрдэнэс Тавантолгой" компанид дөрөв бий. Гэхдээ энэ гэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богд хаан төмөр замын төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, Газрын тос дамжуулах хоолой барих төсөл санхүүжүүлэх байдлаар нүүрсээ худалдан борлуулах нөхцөлтэйгөөр урьдчилж мөнгөө авсан байгаа. Энэ хүрээнд Засгийн газар шийдвэр гаргаж, энэ дөрвөн төсөл дээр оффтейк гэрээ байгуулсан.
Үүнээс гадна урьдчилгаа төлбөрийг нь авч, дараагаар нь нүүрсээ гаргах нөхцөлтэйгөөр "Чалко" компани тэргүүтэй дөрвөн гэрээ байна. Жишээлбэл, "Чалко" компанитай 2011 оноос хойш гэрээ байгуулж, ийм нөхцөлтэйгөөр хамтарч ажилласан. Энэ 2022 онд авсан гэрээний мөнгө байна. Зарим нь төрийн өмчит компани бол зарим нь Хятадын хувийн хэвшлийн гэрээтэй компани байна. Одоогийн байдлаар 45 сая ам.долларыг эдгээр дөрвөн компаниас авч, 605 сая тонн нүүрсээ ачуулахаар гэрээ хийсэн.
Бусад арилжааны гэрээ гэвэл 100.000-1 сая тоннын хэмжээтэй коксжих нүүрсний 27 гэрээ, 20-300 мянган тоннын хэмжээтэй эрчим хүчний нүүрсний 109 гэрээ байна. Энэ бол бизнесийн зарчмаараа явж байгаа. Нөгөө талдаа гэрээнүүдийг ил болгохын тулд худалдан авагч талаас зөвшөөрөл авдаг. Тэр зөвшөөрлийг авч дууссаны дараагаар бүх мэдээллийг ил тод болгоно.
Миний хувьд худалдан авагч талуудтай уулзсан. Өмнө нь байгуулсан гэрээнүүдийн үүргийн биелэлтүүдийг хянаж байна. Цаашдаа шинэ гэрээ байгуулахдаа аль болох урьдчилж мөнгө авахгүй байхаар ажиллана. "Эрдэнэс Тавантолгой" компани мөнгөөр л төлбөр төлнө. Нийтдээ нэг жилийн 3.4 их наядын худалдан авалт хийдэг. Өнөөдрийн хурлаар нүүрс тээврийн мэдээллийг ил тод болгож байна гэдгээ зарлаж байна. Уурхай дээр ачигдсан нүүрс Цагаанхаданд бууж, хилээр гарч байгааг ил тод болгож байгаа. Энэ хооронд бага зэрэг зөрүү гарч байгаа нь үнэн. Засгийн газраас аравдугаар сарын 6-ны өдөр тогтоол гарснаас хойш өнгөрсөн Баасан гаригт 833 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэсэн. Мэдээлэл хаалттай байхаар олон нийтийн дунд хардлага үүсгэж байна. Уурхайгаас гарсан нүүрс тээврийн машиныг цахимаар хянадаг болно.
Б.Ганхуяг
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан
Үндэслэлгүй тооцоо байсан. 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар ЭТТ ХК-ийн нэр дээр экспортлогдсон нийт 6.7 сая тонн нүүрс байгааг шууд 2022 оны жишиг үнэ болох 278 ам.доллар (үндэслэлгүй тооцсон үнэ)-оор шууд үржүүлээд 1.8 тэрбум ам.доллар болгоод тавьчихаж байгаа юм.
Гэтэл тэр 6.7 сая тонн нүүрсний 1.9 сая тонн нь л 2022 онд борлуулагдсан бол 3.3 сая тонн нь 2021 онд зарагдсан, 1.5 сая тонн 2020 онд зарагдсан нүүрс буюу тухайн ондоо орлого нь бүртгэгдэж, зарцуулагдаж, 812 сая ам.доллар нь Монголбанканд тушаагдсан байна.
Мөн 2020, 2021 ондоо уг нүүрс нь тухайн үеийнхээ үнээр жишиг үнээр буюу 110 орчим ам.доллароор зарагдаад, татвар, тээвэр, бүх төлбөрөө төлөөд, төслүүдээ хүртэл санхүүжүүлсэн орлогыг давхар бүртгэж, нийлбэрийг нь бичих ёстой байтал зөвхөн 2022 онд 510 сая ам.долларыг бичээд мөнгө дутлаа, аймаар зөрүү гарчихлаа гэж ярих нь утгагүй. Харин ч бүгдийг бичих ёстой бол энэ 510 сая ам.доллар дээр 2020, 2021 оны орлого, мөн манай компанийн нүүрсийг тээвэрлэсэн тээврийн компаниудын 2020, 2021, 2022 оны орлого болох 1 тэрбум орчим ам.долларыг хүртэл нэмээд, нийлбэрийг тавих хэрэгтэй шүү дээ.
Хамгийн гол асуудал нь болон ЭТТ ХК-иас гадна, “Энержи ресурс” ХХК, орон нутгийн “Тавантолгой” ХК, “Монэнко” ХХК зэрэг нүүрс олборлогч компаниудын “Гаалийн мэдүүлгээр-Жишиг үнийг үржүүлсэн тоо”-ноос 51-69 хувь зөрүүтэй байгаа нь нүүрснээс орж ирж байгаа бодит орлого, гарсан нүүрсийг шууд үржүүлж өсгөсөн тооны зөрүүгээс шалтгаалж Монгол Улсын төсвийн тэнцэл хүртэл буруу бодогдсоор ирснийг анхаарах цаг болсон.
Холбоотой мэдээ