"Монгол хэн нэгнээс асуулгүй төсөл хэрэгжүүлэх тусгаар улс"

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

"Монгол хэн нэгнээс асуулгүй төсөл хэрэгжүүлэх тусгаар улс"

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн зохицуулагч Чулууны Гантулгатай ярилцлаа.


-Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн 90 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулах шийдвэр гарснаас хойш төслийн ажил ямар шатандаа явна вэ? Ахиц дэвшил гарч байна уу?

-Монгол Улсын Засгийн газар 2018 онд түүхэн шийдвэр гаргасан. Баруун бүсийн эрчим хүчийг дотоодоосоо 100 хувь хангах боломж олгох ажлыг эхлүүлэх чухал шийдвэр гарснаас хойш тав дахь жилдээ орох гэж байна. Аливаа улсын нэг номерын салбар эрчим хүчний салбар байдаг. Эрчим хүч байж байж тухайн улс орон, аж ахуй, эдийн засаг хөдөлж байх ёстой. Энэ шийдвэрийн дагуу улс орны чанартай олон ажил зохион байгуулагдаж байна. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-үүд хийгдэж дууслаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ямар хүчин чадалтай байх вэ, ямар цар хүрээтэй ажиллах вэ, аль аль аймгуудыг эрчим хүчээр хангах вэ гэх мэтчилэн дараа дараагийн шийдвэрүүд гарч, баруун таван аймгийг хангах 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж байгуулах ажил эхэлсэн.

МОНГОЛ УЛСАД 1.2 ТЭРБУМ КУБ МЕТР ТОМ ШИНЭ НУУР БИЙ БОЛНО

-Энэ том төслийг хөдөлгөхийн тулд нэлээд их хэмжээний санхүүжилт шаардлагатай. Санхүүжилтийн асуудал шийдэгдэж байна уу?  

-Сүүлийн жил орчим хугацаанд БНХАУ-ын Экзим банктай нэлээд хэдэн удаагийн уулзалтууд хийж, санхүүжилтэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөд байна. Зээлийн материалыг тухайн улсын банк судлаад, эрсдэлийн үнэлгээ хийж, ТЭЗҮ-ийг үндэслээд зээл олгох журамтай. Өмнө нь БНХАУ-ын Экзим банк Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байсан, хамтын ажиллагааны туршлагатай. Энэ дээр Монгол Улсын холбогдох яам, тамгын газруудаас хамтран оролцож, энэ төслийн талаар нэмэлт судалгаануудыг хийж, бүрдүүлж өгч ажиллаж байна.

-Барилгын ажил төлөвлөгөөт хугацаандаа эхлэх үү? 

-2022 оны 8-11 дүгээр сард газар дээр ажил үргэлжилж байна. Үндсэн станцын, далангийн, газар доорхи туннелийн барилгын гүнийн өрөмдлөг судалгааны ажлууд 7-11 дүгээр сард хийгдээд дуусч байна. Энэ ажлуудыг хийж, тайлангуудыг нэгтгэж авснаар 2023 оны дөрөвүгээр сард Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын барилгын ажлын зургуудыг хийж дуусгах боломж бүрдэнэ. Тэгэхээр ирэх оны гуравдугаар сард бид усан цахилгаан станцын иж бүрэн ажлын зурагтай болно гэсэн үг. Ингэсэн цагт бид 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын барилгын ажлыг бүрэн эхлүүлнэ.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц стратегийн онцгой ач холбогдолтой төсөл. Харамсалтай нь, түүнийг бариулахгүй гэж хэсэг хүмүүс удаа дараа эсэргүүцлээ илэрхийлээд буй. Тэдэнтэй ойлголцолд хүрч чадав уу?

-Энэ хэмжээний, ялангуяа дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд аль ч улсад эсэргүүцэл тэмцэл гардаг, ийм туршлагууд байдаг. Мэдээж энэ төсөл томоохон газар нутгийг хамарч байна. Монгол Улсын төр хуулийн хүрээнд 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Энэ газар нутагт амьдарч байсан, одоо амьдарч байгаа иргэдтэй тохиролцох, иргэдэд төслийн ач холбогдлыг ойлгуулах, нөлөөлөлд өртөж буй иргэдийн хөрөнгийн, оюун санааны хохирлыг барагдуулах, хуулийн хүрээнд нөхөн олговрууд олгох, нүүлгэн шилжүүлэх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах ажлуудыг зохион байгуулж ажилладаг. Тэмцэл бий. Энэ тэмцлийг бид зөв менежмент хийж, төр засгаас зөв шийдвэрүүд гаргуулж, иргэн төр засгийг ойртуулж, ойлголцуулж ажиллах том үүрэгтэй байсан. Эрчим хүчний яам энэ үүргээ бүрэн биелүүлж, арваннэгдүгээр сарын байдлаар эхний айлуудаа нүүлгэж эхлээд байна.

-Усан цахилгаан станцын нөлөөлөлд өртөж буй малчин айл өрхүүдэд нөхөн олговор олгох Засгийн газрын тогтоол гарсан. Энэ ажил эхэлсэн үү? 

-2022 оны дөрөвдүгээр сард гарсан тогтоолын дагуу иргэн бүрд нэг удаа 15.2 сая төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гарсан. Энэ дагуу гэрээ байгуулан нөхөн олговор олгож эхлээд байна. Засгийн газар Монгол Улсад эрчим хүчний энэ томоохон төслөө хэрэгжүүлэхийн тулд иргэдийн хохирлыг 100 хувь барагдуулж, иргэдтэйгээ ойлголцож ажиллаж байна гэж ойлгож болно. Энэ нь өнөөдрийн Засгийн газрын том амжилт. Энэ асуудлаа улсын төсвөөс шийдвэрлэж ажиллаж байна. Тэмцэл байсан, одоо ч бага зэргийн тэмцэл бий. Гэхдээ бид ардчилсан улс, олонхийн саналаар асуудлыг судалж шийдвэрлээд явна. Ингэсний дүнд эхний ээлжид баруун аймгууд Орос, Хятадын эрчим хүчний хамаарлаас бүрэн гарч, 100 хувь дотоодын эрчим хүчээр хангагдах боломж нээгдэж байна. Дараагийн нэг асуудал бол, усан цахилгаан станц өөрөө их онцлог, 24 цаг, өвөл зунгүй ажилладаг. 90 МВт станцыг өвөл, зунгүй ашиглана гэсэн үг.

-Усан цахилгаан станц ашиглалтад орсноор ямар давуу талууд бий болох вэ? 

-Дэлхийн олон улсад сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй технологиудыг бүр 20, 30 жилийн өмнөөс ихээр ашиглаж эхэлсэн. Манай улс хоцорсон явж байна. Тэгэхээр нар, салхины станцыг усан цахилгаан станц тог цахилгаангүй үед нөхөж ажилладаг. Нар, салхигүй үед усан цахилгаан станц ялгаагүй эрчим хүчээ гаргаад, сэргээгдэх эрчим хүчний дутагдаж буй эрчим хүчийг нөхөж ажиллах боломж бүрдүүлдгээрээ давуу талтай. Усан цахилгаан станцын давуу талуудыг яриад байвал маш их. Монгол Улсад 1.2 тэрбум куб метр том шинэ нуур бий болох гэж байна. Станц ашиглалтад орсноос хойш Монгол Улсын, дэлхийн газрын зураг дээр тэмдэглэгдэнэ. Шинээр нуур, усан сан үүсч байна гэдэг нь Монголын цөлжиж буй газар нутагт ямар их үр өгөөжөө өгөх вэ, агаар, ан амьтанд ямар их сайн нөлөөлөл бий болгох вэ гээд яриад байвал маш олон зүйл бий. Ийм дараалсан ажлууд хийгдээд, эхний эрсдэлтэй үе шатаа даваад гарч байна.

"19.5 ЖИЛИЙН ДОТОР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА БҮРЭН НӨХНӨ"

-Иргэдийн дунд ОХУ монголчуудыг эрчим хүчнээс хараат хэвээр байлгах зорилгоор усан цахилгаан станц бариулахгүй гэж эртнээс эсэргүүцэж, нөлөөлсөөр ирсэн гэсэн ойлголт байдаг. Үнэхээр ОХУ-аас төсөлд саад учруулж байгаа асуудал бий юу?

-Эрдэнэбүрэнгийн төсөл дээр ямар нэгэн гадаад нөлөөлөл байхгүй. Яагаад гэвэл Ховд гол Алтай Таванбогдын баруун урдаас эх авдаг, замдаа Хотон, Хурган нуураар дамжин, Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудаар урсдаг, Хар ус нуур руу цутгадаг. Энэ голыг монголчууд Эх оронч гол гэдэг. Эх оронч гол дотроо урсгалтай гол. Энэ гол дээр монголчууд өөрсдийнхөө төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явахад ямар нэгэн гадны нөлөөлөл байх ёсгүй. Монголчууд дангаараа шийдээд, харин экологийн тэнцвэртэй байдлыг  хангаж, голын усыг илүү нэмэгдүүлж, мөнх цаст хайрхануудын цасыг илүү удаан хугацаанд хэвийн байлгах тооцоо судалгаа хийж, аль болох олон нуур, цөөрөм, усан сан бий болгох ёстой. Зүгээр нэг нуур, цөөрөм, усан сан бий болгох биш, энэ хуримтлагдсан уснаас ядаж 5, 10 МВт-ын ч хамаагүй эрчим хүч гаргаад, тухайн орон нутагт эрчим хүч нийлүүлж, эрчим хүчний хараат бус байдлаа бататгах ёстой. Энэ төсөл дээр гадаад нөлөөлөл байхгүй. Байх ч ёсгүй.

-Төсөл хэрэгжүүлэгчид, ялангуяа удирдлагад дарамт шахалт хэр их ирж байна вэ?

-Зарим нэг улстөрчдийн зүгээс шахалт дарамт ирдэг, одоо ч ирж байна. Энэ нь хувь улстөрчдийн үзэл бодол байхыг үгүйсгэхгүй. Эцсийн дүндээ Монгол Улсад хэрэгтэй том төсөл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Мэдээж жижиг дарамт шахалт байдаг. Түүнийг тэр болгон тоогоод, анхаараад яваад байвал ямар ч ажил явахгүй. Тиймээс зөвхөн урагшаа харж, энэ төслийг хамгийн богино хугацаанд, хамгийн сүүлийн үеийн технологиор хийж, ашиглалтад оруулах нь манай төслийн нэгжийн гол үүрэг.

-Төсөл дээр одоо хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна вэ?

-Манай төсөл маш цомхон, одоо 11 хүн ажиллаж байна. Эрчим хүчний яамтайгаа хамтраад, эрчим хүчний төслийн хүрээнд 11 хүний бүрэлдэхүүнтэй өдөр тутмын ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байна. Ажиллах цар хүрээ маш том. Монгол Улсын Засгийн газрын яамдтай ажиллана. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академийн хүрээлэн, Одон орон судлалын газар, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн байна. Мэдээж Эрчим хүчний яам төсөл хэрэгжүүлж захиалагч байгууллага. Гадаад талаасаа БНХАУ-ын санхүүжүүлэгч Экспорт-импорт банк, гадны болон дотоодын зөвлөх үйлчилгээний компаниуд гэх мэтчилэн цар хүрээ маш том. Мөн аймаг, орон нутгийг мартаж болохгүй. Гол нь бид аймаг, орон нутгаа түшиглэж, засаг захиргааны нэгжүүдээ тулж, дэмжлэг авч ажиллахгүй бол орон нутаг энэ ажлыг хийх боломжгүй. Сүүлийн үед ялангуяа сүүлийн нэг жил Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн Засаг дарга нар маш их дэмжлэг туслалцаа үзүүлж, орон нутагт үүсч буй асуудлуудыг хамтран шийдвэрлэж, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр маш сайн дэмжиж ажиллаж байна.

-Усан цахилгаан станц ашиглалтад орсны дараах эдийн засгийн үр өгөөжийн талаар та юу хэлэх вэ?

-ТЭЗҮ бүх талаас хийгддэг. Энэ хавцал дээр ямар хүчин чадалтай станц барьж байгуулах боломжтой вэ, ямар хэмжээний ус ашиглах вэ, ямар хэмжээний нуур үүсэх вэ, ямар хэмжээний гидро турбинууд байршуулах вэ гэх мэтчилэн техникийн талын бүх судалгаа хийгдсэн. Нөгөө талаасаа эдийн засгийн үр өгөөжийн судалгаанууд хийгдсэн. 90 МВт-ын усан цахилгаан станцыг бид 280-аад сая ам.доллараар барьж байгуулж, эргээд 19.5 жилийн дотор өртгөө бүрэн нөхөж дуусгах судалгаа хийсэн байдаг. Өртгөө бүрэн нөхөж дуусгах гэдэг нь өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй эрчим хүчний үнэ тарифын дагуу 19.5 жилийн дотор бид хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж дуусна гэсэн үг. Эрчим хүчний энэ хэмжээний төслийн хувьд 19.5 жил гэдэг маш боломжийн хугацаа. Монгол Улсад ямар ч тохиолдолд ашигтай төсөл. Дараагийн 200, 300, магадгүй 400 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж, 20-30 жил санхүүжилтийг эргэн төлөхөд Монгол Улсад ашигтай гарна.

-Гадны орнууд олон жилийн турш усан цахилгаан станц ашиглаж буй. Төслийн баг судалгаа хийхдээ гадны орнуудын туршлага судалсан болов уу? 

-Усан цахилгаан станц маш тогтвортой, байнгын ажиллагаатай, эрчим хүч байнга нийлүүлэх хамгийн найдвартай эх үүсвэр гэж үздэг. Тийм ч болохоор олон улсад Америк, Канад, Орос, Ази, Африк бүх тивд усан цахилгаан станцуудыг түлхүү хэрэглэж байна. Гэхдээ том. Бид өнөөдөр 90 МВт яриад шуугиад байгаа болохоос гадаадад 1000, 1200 МВт-ынх хамгийн бага. 4000, 6000 гэх мэтчилэн МВт-ын хүчин чадалтай станцууд барьж байгуулж байна. Монгол Улсад жилд 1600 орчим Мвт хэрэглээ байна гэхээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд баруун таван аймгаа хангах төсөл юм. Яваандаа бид бусад станцуудаа орлуулах байдлаар усан цахилгаан станцууд нэмж барих шаардлагатай. Эдийн засгийн хувьд ямар ч тохиолдолд Монгол Улсад ашигтай. Гурван жилийн өмнө Африкийн Эфиоп улсад 6000 Мвт хүчин чадалтай усан цахилгаан станцыг Нил гол дээр барьж байгуулаад, ашиглалтад оруулсан. Хамгийн сүүлийн том бүтээн байгуулалт, 4.8 тэрбум ам.долларын өртгөөр барьж байгуулсан. Тухайн улсын ард түмэн, аж ахуйн нэгжүүд 100-гаад сая ам.доллар өөрсдөөсөө гаргаж хандивлаж байна. Бондын хөрөнгөөр энэ 4.8 тэрбум ам.долларыг босгож, зэргэлдээх усны маргаантай улсуудтайгаа дайн байлдаан болж байж энэхүү Гранд канион усан цахилгаан станцыг барьж байгуулж байна. Ус болон эрчим хүч ямар үнэ цэнтэй, хүн төрөлхтөнд ямар их хөгжил дэвшил авчрах вэ гэдэг нь энэ жишээнээс харагдаж байгаа юм.

-Хамгийн дээд тал нь хэдэн МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц байдаг вэ? 

-Өмнөд хөршийн Гурван хавцлын усан цахилгаан станц 10-аад жил баригдлаа. Барьсан хөрөнгө нь тоогоо алдсан. Хэдэн зуун тэрбум ам.доллараар барьж байна. 22300 МВт-ын том усан цахилгаан станцыг 10-аад жил барьж, ашиглалтад оруулж байна. Эндээс ач холбогдол нь харагдаж байна. Ямар их хөрөнгө мөнгө эрчим хүчний эх үүсвэр рүүгээ оруулж байна вэ гэдгийг харж болно. Дараагийн том жишээ гэвэл Америк, Европ, Оросын хооронд болж буй сөргөлдөөн. Энэ нь өөрөө байгалийн хий, газрын тос, цахилгаан эрчим хүчний хэрэглэгчийн төлөөх сөргөлдөөн, тэмцэлдээн. Тэгэхээр Европын тэр том хэрэглэгчдийг хэн эрчим хүчээр хангах вэ, хэн энэ дээр үнэ тарифаа барих вэ гэдэг том байлдаан болж байна. Бид дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах цаг болсон. Олон улсад байдал маш хүнд байгаа учраас ядаж Монгол Улс экспортлохгүй юмаа гэхэд, ямар ч улс төрийн, гадаад сайн, муу нөлөөлөл байлаа ч бид дотооддоо 100 хувь эрчим хүчээ хангадаг байх ёстой.

-Монгол Улсын эрчим хүчний салбарт, тухайлбал танай төсөл дээр боловсон хүчний асуудал хэр тулгамдаж байна вэ?

-Усан цахилгаан станцын хувьд бид шинэ боловсон хүчнүүдийг олноор бий болгох ёстой. Өнөөдөр байнгын ажиллагаатай Дөргөн Тайширын усан цахилгаан станц байна. 11 МВт-ын хүчин чадалтай ажилладаг. Дөргөн Тайшир дээр сүүлийн хэдэн жил боловсон хүчин нэлээн сайн бэлтгэгдэж байна. Бид бага оврын усан цахилгаан станцын сервис үйлчилгээг хийж чаддаг боллоо. Инженер техникийн ажилтнуудаа энэ станц дээр сургаж чаддаг боллоо. Үндсэндээ дотооддоо өөрсдийн нөөц бололцооны хувьд тодорхой туршлага хуримтлуулчихаж. Сүүлийн 10 гаруй жил. Боловсон хүчин бэлтгэгдэж байна. Гэхдээ яг сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж дээр ажиллах, түүнийг шинэчлэх, монгол ур ухаан шингээж бий болгох хэмжээнд бид хүрч чадаагүй байна. Боловсон хүчнээ ядаж ОХУ, БНХАУ-д ойрын хугацаанд олноор бэлдэх цаг нь ирсэн. Ингэж байж бидэнд дараа дараагийн том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

-Урьдчилсан тооцоогоор хэчнээн ажлын байр бий болох вэ? 

-Барилгын ажлын явцад буюу тав орчим жилд 800-1200 хүн ажиллана. Байнгын ажиллагаанд орсноос хойш 50-60 хүн ажиллана. Бид Увс, Ховд, Баян-Өлгийгөөс ажиллах хүчээ авч ажиллуулж, тухайн бүс нутгийн иргэдийг орлоготой, байнгын ажлын байртай болгохыг зорьж ажиллаж байна. Орон нутгаа түшиж, ажлын байраар хангаж хамтарч ажиллана гэж төлөвлөж байна.

-Усан цахилгаан станц бариулахгүй гэж эсэргүүцдэг хүмүүс бэлчээр, хадлангийн талбай, байгаль орчин сүйдлээ гэж яриад байдаг. Тийм сүйрэлд хүрэх хэмжээнд нөлөөлж буй асуудал бий юу?

-Нөлөөлөл бий. Нөлөөлөлд өртөж буй 270 гаруй өрхийн 1250-иад иргэн байна. Тэд 2010 оноос хойш тэнд суурьшчихсан, зарим нь хоёр гурван үеэрээ өвөлжөө, хаваржаагаа ашиглаад ирсэн малчид байдаг. Хоёроос гурван байршилд бага хэмжээний, айлын хэрэгцээнд ашигладаг хадлангийн талбай бий. Баян-Өлгий, Увс талдаа Ховд голын сав газарт мод бут, харгана, зарим тооны улиас энэ газрын нөлөөлөлд орж байна. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр судалж, тоо ширхэгийг нь гаргаж, нөлөөлөлд өртөж буй газар болон ургамлыг хэрхэн хамгаалах вэ, үнэлгээг яаж хийх вэ, яаж дүйцүүлэн хамгаалах вэ, шинээр яаж усжуулалтын системүүд бий болгох вэ, шинээр хадлангийн талбайнууд гаргах вэ гэдэг аргачлал талаас нь хууль, үнэлгээ, стандартын дагуу хийгээд, Байгаль орчны яамаар батлуулсан. Тэр дагуу гарсан байгаль орчны үнэлгээний дагуу бид бүх ажлаа зохион байгуулж ажиллана. Аль болохоор бид байгаль орчны нөлөөллийг багасгах, усанд автсан, усан доор орсон мод бут, харгана, улиасыг дүйцүүлэн хамгаалж, эргүүлээд энэ газрыг хүн, мал амьдрах боломжтой болгох ажлуудыг зохион байгуулах ёстой. Энэ бүхэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ дээр бүгд тусаад, мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан.

-Манай улс хойд хөршөөс “гал” гуйдаг. Энэ утгаар ОХУ-тай хэрхэн ойлголцсон бэ? Энэ асуудал олон хүний анхаарлыг татдаг.

-Олон хүн хойд хөрштэй ойлголцсон уу гээд байдаг. Эрдэнэбүрэнгийн төсөл дээр бид хойд хөрштэй ойлголцох шаардлагагүй. Монгол Улс хилийн маргаангүй гол дээрээ хэн нэгнээс асуулгүйгээр төсөл хэрэгжүүлэх туурга тусгаар улс. Түрүүн би хэлсэн, Ховд гол, Эх оронч гол гадагшаа урсгалгүй, ямар нэгэн хилийн маргаан учраас хэн нэгнээс бид асуух шаардлагагүй. Дотооддоо байгаль орчны нөлөөллийн үнэлгээг сайн хийж, энэ ажлыг хийж гүйцэтгэхэд дангаараа шийдвэрээ гаргаад явах бүрэн боломжтой. Олон нийт Эг, Шүрэнгийн усан цахилгаан станцтай андуураад байдаг. Энэ бол тусдаа асуудал. Эг гол Сэлэнгэ голд цутгадаг. Сэлэнгэ гол баруун хойш урссаар ОХУ руу орж, Байгаль нуурт тодорхой хэмжээнд цутгадаг. Эг, Сэлэнгэ дээр Монгол Улс ОХУ-тай зөвшилцөөд, байгаль орчны нөлөөллийн асуудлыг хоорондоо ярилцаад шийдэж чадвал шийдэж болох хоёр улсын хоорондын л асуудал.

"ОРОН НУТГИЙН САНАЛ ГОМДОЛ, ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛИЙГ ГАДААД РУУ ШУУД ГАРГАСАН НЬ БАГАГҮЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН"

-Нэг хэсэг таныг огцруулъя гэж баахан ярьсан. Та ер нь яг ямар мэргэжлийн хүн бэ? Яаж энэ төсөлтэй холбогдсон бэ?

-Би энэ ажлыг аваад жил хагас болж байна. Миний үндсэн мэргэжил эрх зүйч. Мастераа олон улсын улс төр судлалаар хамгаалсан. Хажуугаар нь барилга, хувийн компани, аж ахуй олныг эрхэлж явсан. Банк байгуулалцсан. Томоохон хөрөнгө оруулалттай барилгын компани ч ажиллуулж байсан. Сангийн болон цахилгаан техникийн ажлуудыг удирдаж хийж байсан. 2016-2020 онд Нийслэлийн иргэдийн хуралд төлөөлөгч байхдаа нийслэлийн дэд бүтцийн ажлуудыг санаачилж хийж байсан. Энэ хэмжээний төслийг удирдахад заавал инженер, мэргэжлийн хүн менежментээр авч явах дүрэм байхгүй. Хамгийн гол нь яг энэ эгзэгтэй үед гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөллүүдийг давж гарах, зөв менемент хийх, төрийн байгууллагуудын, орон нутаг дахь засаг захиргааны нэгжүүдийн уялдаа холбоог хангаж ажиллах, орон нутгийн иргэдтэй ойлголцох, гадаад талаасаа санхүү хөрөнгийн асуудлуудыг шийдвэрлэх, гүйцэтгэгч компанийн ажлыг зөв зохистой хуваарилж ажиллуулах гэсэн гол ажлууд байгаа юм. Мэдээж энэ төслийн санхүүжилт шийвэрлэгдээд, Хятадын олон улсын тендерээр шалгарсан, мэргэжлийн, усан цахилгаан станц барих туршлагатай компани цаашид энэ ажлыг Монголын инженер, техникийн ажилдагсадтай хамт аваад явчихна. Тэр үед жишээ нь Гантулга гэдэг хүний шаардлага байхгүй. Яг энэ эгзэгтэй үе мөчийг давж гарах нь л миний хувьд чухал байсан. Хэрвээ гэрээгээ оны өмнө зурчихвал цаашаа энэ төсөл дардан замаар явна гэдэгт 100 хувь итгэлтэй байна.

-Бидэнд шат шатандаа ойлголцлын зөрүүтэй байдлын улмаас олон боломжоо алдсан гашуун түүх олон бий. Та энэ талаар юу хэлэх вэ? 

-Туршлагууд байна л даа. Тавантолгой, Багануур, нийслэлийн хэмжээнд 15, 16 жилд тавдугаар цахилгаан станцынхаа асуудлыг шийдэж чадахгүй л явж байна шүү дээ. Яагаад энэ төслүүд дуусаагүй, эхлээгүй уначихсан юм бэ гэвэл яг тэр унадаг эрсдэлтэй үеүдэд зөв менежментээр хангаж чадаагүй. Засгийн газар, УИХ, яамд, орон нутгийн засаг захиргааны нэгжүүд ойлголцож чадаагүй. Асуудлыг зөвөөр гаргаж ирж шийдэж чадаагүй. Зөвшилцөж, ойлголцож чадаагүй. Тэгснээр цаг алдалгүй зөв шийдвэрүүд гаргаж, арга хэмжээ авч чадаагүй. Хэн энэ дээр хожигдсон бэ гэхээр Монгол Улс, Монгол Улсын иргэд хожигдсон. Одоо дулаан, цахилгаанаа яах вэ, станцууд аваарийн байдалтай ажиллаж байна гээд салбарын сайд байнга ярьж байгаа шүү дээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр Хятадын Экзим банктай зээлийн хэлэлцээрээ амжилттай хийгээд дуусгавал “айдгаа авдартаа хийчихэж” байна гэсэн үг. Түүнээс хойш мэргэжлийн улсууд нь аваад явна.

-Хятадын Экзим банк асуудалд хэр нааштай хандаж байна вэ?

-Нааштай байна. Долоо, найман удаагийн уулзалтаар 25, 26 асуудлын хүрээнд биднээс шаардагдах, Монгол Улсын хобогдох байгууллагуудаас гарах мэдээллүүд, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүд, бичиг баримтуудыг бүрдүүлж өгөөд дууслаа. Зээлийн тусгайлсан хэлэлцээр, зээлийн материал дээр эрсдэлийн үнэлгээ хийгдэж байна. Хятадын Экзим банкны дотоодын үнэлгээ хийдэг баг энэ дээр ажиллаж байна гэсэн. Энэ төсөл дээр мэдээж гайгүй үнэлгээ гарах ёстой. Бүх зүйл тооцоо судалгаан дээр суурилсан, мэргэжлийн байгууллагууд бүгд оролцсон учраас бидэнд энэ асуудлаар санаа зовох зүйл алга. Тиймээс эрсдэлийн үнэлгээ сайн дүн аваад, зээлийн тусгайлсан хэлэлцээр ойрын хугацаанд зурагдах байх. Үүнийг Сангийн яам, БНХАУ-ын Экзим банк хооронд байгуулах ёстой. Эрчим хүчний яам, бусад холбогдох яам, тамгын газрууд шаардлагатай бичиг баримтуудыг хийж бүрдүүлж өгсөн. Энэ дээр Гадаад харилцааны яам, БНХАУ дахь Монгол Улсын ЭСЯ оролцож байна. Олон талын хараа хяналт дор, нээлттэй, шаардлагатай мэдээллийг бид өгч ажиллаж байна. Төрийн байгууллагууд хооронд цаг хугацаа алдагдаж байна. Бичиг баримт, тооцоо судалгаа гаргаж өгөх тал дээр яамд хооронд хугацаа алдагдсан тал бий. Гэхдээ бид ямар ч байсан амжуулж, энэ ондоо багтаагаад зээлийн тусгайлсан хэлэлцээр хийгдэнэ гэж найдаж байна.

-Төслийн явцад бодлогын түвшинд анхаармаар ямар асуудал байна вэ?

-Нэгэнт засгийн газар шийдвэр гаргасан бол энэ шийдвэрийн төлөө бүгд нэг ойлголттой байх ёстой. Яг энэ  стратегийн чухал ач холбогдол бүхий том төсөл дээр бид комисс юм уу, ажлын хэсэг гаргаад, асуудлуудыг түргэн шуурхай шийдээд явах нь зөв юм болов уу. Төслөөс Эрчим хүчний яамаар дамжуулаад, Сангийн яам, Соёлын яам, Байгаль орчны яам ч байдаг юм уу давхар давхар шатлалуудыг аль болох багасгаж, нэг ажлын хэсэг дээр бүх асуудлаа шийдвэрлэдэг менежмент хийвэл илүү хурдан шуурхай, илүү цаг алдалгүй бие биетэйгээ ойлголцох боломж байна. Гадаад талдаа бид бас нэгдсэн байх ёстой. Аль нэг сум, аймаг, багийн Засаг дарга Засгийн газраас гарсан шийдвэрт буруу зүйл байсан бол дотоодоо ярилцаж, судалгаан дээр үндэслэж, асуудлуудаа шийддэг байх ёстой. Тэгэхгүйгээр өөрийн болон тухайн орон нутгийн санал гомдол, хүсэл эрмэлзлэлийг гадаад руу шууд гаргадаг нь алдаа, дутагдалтай санагдсан. Энэ нь бидэнд бас багагүй хохирол учруулсан. Яг хэлэлцээр явагдаж байх үед тухайн сумын дарга Засаг дарга БНХАУ-ын ЭСЯ болон бусад байгууллагууд руу энэ төсөл, санхүүжилтийг нь зогсоо гэж ямар нэгэн үндэслэлгүй бичиг илгээсэн нь бидэнд хохиролтой байсан. Энэ ажлыг бид хоорондын итгэлцэл дээр л хийж байгаа шүү дээ. Олон хүний амьдрал дээшлэх, мөн цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдэх итгэлцлийн асуудал яригдаж байна. Хэсэг бүлэг улсуудын ашиг сонирхлын үүднээс энэ асуудал явах ёсгүй юм.

-Тухайн Засаг даргад хариуцлага тооцсон болов уу?

-Хариуцлагын асуудал яригдаж байна. Монгол Улс нэг цонхны бодлоготой. Засгийн газар Гадаад харилцааны яамаар дамжуулж Монгол Улсын эрх ашиг яригддаг. Тэр нь өөрөө хуультай байдаг. Ингэж явна гэж зааснаас бус бусад арга хэлбэр нь байдаггүй. Энд хариуцлагын асуудал байх ёстой гэж боддог. Холбогдох байгууллагууд нь хяналт шалгалтаа хийгээд, цаад зорилгыг нь ил болгох тал дээр ажлууд хийгдэж байгаа байх аа.

-Ярилцлагынхаа сүүлийн хормыг таны мэдэлд үлдээе!

-Энэ мэт улсын хөгжлийг авч явах төслүүд олон хийгдээсэй. Манай улстөрчид томоохон төсөл, хөтөлбөрүүдээ улс төржүүлэхгүйгээр ойлголцоод аваад явдаг болоосой. Ялангуяа тухайн тойргоос гарсан гишүүд тухайн орон нутагт хийгдэж буй төслүүдийг дэмжиж ажилладаг болоосой. Иргэддээ зөв ойлголт өгч, дэмжүүлдэг болоосой. Ингэснээр бидэнд Монгол Улсын төр, Засгийн газраас гарч буй томоохон бүтээн байгууллалтуудаа нэгдэж, амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Олон төслөө бид хоорондын үл ойлголцол, ашиг сонирхлоос болж зогсоосон, гацаасан, хойшлуулсан. Тэр хэрээр Монгол Улсын нийгмийн хөгжил, боловсрол эрүүл мэндийн хөгжил унаж, хойшилж байна. Дэлхий нийтээс бид хоцроод, харанхуй болоод байна. Буцаад 18, 19 дүгээр зуун руугаа орох гээд байна. Үе үеийн Засгийн газар хөгжлийн төлөө явдаг болохоор энэ хэмжээний, улсын эдийн засгийг авч явах төслүүдээ хурдан, шуурхай хийдэг болоосой гэж хэлмээр байна.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж