Блаттер, Бекхэм, Путин: Катар ДАШТ-ийг "авлигадсан"

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Катар-2022

Блаттер, Бекхэм, Путин: Катар ДАШТ-ийг "авлигадсан"

Блаттер, Бекхэм, Путин: Катар ДАШТ-ийг "авлигадсан"

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Зепп Блаттер дэлхийн аварга эхлэхэд цөөхөн хоног үлдсэн энэ үед ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрбээр Швейцарийн “Tages-Anzeiger” сонинд өгсөн ярицлагадаа “2022 оны дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийг Катарт өгсөн нь алдаа байсан. Тэд жижигдэнэ” гэв.

2010 онд 2018, 2022 онуудын ДАШТ-ийг зохион байгуулагчдыг сонгосон бөгөөд FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн 22 гишүүн санал хураалтад оролцож, 2022 оны эрхийг Катар 14-8 гэсэн харьцаатай АНУ-ыг ялж, авч байсан юм. Ингэснээр ДАШТ түүхэндээ анх удаагаа ойрхи дорнодод болохоор болсон.

Тэгвэл үүний дараа асуудал дэгдсэн. Тодруулбал, Катар улс FIFA-ийн “томчуудад” тэр дундаа Зепп Блаттерт авлига өгсөн гэх асуудал үүссэн түүхтэй. Харин энэ талаар Зепп Блаттер ярихдаа “Энэ бол буруу сонголт байсан. Би тухайн үед ерөнхийлөгч байсан хүнийхээ хувиар хариуцлага үүрнэ. Платини болон түүний хамтрагчдын дөрвөн саналын ачаар л Катар АНУ-аас илүү санал авсан. Энэ бол үнэн” гэжээ.

Зепп Блаттер

Тухайн үед Блаттер АНУ-д саналаа өгсөн ч Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Мишель Платини “хор хутгаж” Катарт эрхийг шилжүүлсэн гэнэ. Хамгийн гол нь энд улс төрийн оролцоо байжээ. Тухайн үед Францын ерөнхийлөгч байсан Николя Саркози Мишель Платинитай уулзаж, 2022 оны ДАШТ-ий эрхийг яаж ч байсан Катарт өгөх хэрэгтэй гэж байв. Хэрэв тэгвэл Катар улс 14.6 тэрбум ам.доллараар Францаас сөнөөгч онгоц авахаар тохиролцсон байв. Платини ч улсынхаа ерөнхийлөгчийн үгийг Блаттерд дамжуулж, эцэст нь Катар санасандаа хүрчээ. Удалгүй зургаан сарын дараа Катар Францаас сөнөөгч онгоц худалдан авсан гэж Блаттер ярьсан аж.

2010 онд Катар улс ДАШТ-ийг зохион байгуулагч орноор сонгогдох үед тус санал хураалтын өрөөнд хэн хэн байсан бэ. Мөн санал өгсөн хүмүүст юу тохиолдсон бэ?

САНАЛ ӨГСӨН 22 ХҮН

  1. Зепп Платтер /FIFA-ийн ерөнхийлөгч асан/ – Сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тэрбээр бүх насаараа хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан.
  2. Жулио Грондона /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – 2014 онд таалал төгссөн.
  3. Мишель Платини /УЕФА-ийн ерөнхийлөгч, FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Дөрвөн жилээр хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан.
  4. Исса Хаяату /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Саналаа Катарт 1.5 сая ам.доллараар худалдсан гэх хэрэгт холбогдсон. Мөн телевизийн шууд дамжуулах эрхийг олгохдоо авлигал авсан гэгдсэн. Өөрийгөө өмгөөлж байсан боловч Спортын арбитрын шүүх түүнийг буруутайд тооцож, хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь нэг жилээр хассан.
  5. Жэк Варнер /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Бүх насаараа хөлбөмбөгтэй холбоотой  үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан.

    Зүүн гар талаас Жэк Варнер болон Мишель Платини
  6. Анхель Мариа Виллар /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Сонгон шалгаруулалтын хэргийг мөрдөх явцад албаны хүмүүст туслаагүй гэх шалтгаанаар торгуулсан. 2017 онд мөнгө завшсан нь тогтоогдож, FIFA-аас хөөгдсөн.
  7. Чун Монжүн /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Зургаан жилийн хугацаатай хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан. Гэхдээ Спортын арбитрын шүүх үүнийг нь 15 сар болгон бууруулсан.
  8. Майкл Д’Хүги /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/ – Санал хураалтын дараа Катарын спортын эмнэлэг түүнд ажлын санал тавьсан ч тэрбээр татгалзсан гэнэ. "Би саналаа хүүгээрээ ч солихгүй" гэж хэлж байсан удаатай. FIFA-ийн ёс зүйн хороо түүнийг буруутай гэж үзээгүй учир одоог хүртэл албаа хашиж байна.
  9. Рикордо Тэйшэйра /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Бүх насаараа хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан. Блаттерын далбаан дор байхдаа тэмцээн шууд дамжуулах эрхтэй холбоотой авлигал авсан гэж буруутгагдсан.
  10. Мохаммед бин Хамман /Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Ашиг сонирхлын зөрчлийн улмаас бүх насаараа хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан.
  11. Чак Блэйзер /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Сонгон шалгаруулалт шударга бус болсон гэдгийг зарласан шүгэл үлээгч. Харамсалтай нь таалал төгссөн.

    Зүүн гар талаас Мохаммед бин Хамман болон Чак Блэйзер
  12. Ворави Макуди /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Анх таван жилээр хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан. Гэвч Спортын арбитрын шүүх үүнийг нь цуцалжээ.
  13. Николас Леоз /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – 1990-ээд оны ДАШТ-ий шууд дамжуулах эрхийг олгохдоо авлига авсан. Мөн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Англид санал болгож, оронд нь хүлэг баатар цол авахыг хүссэн гэх. Үүгээр зогсохгүй Английн цомын тэмцээнийг түүний нэрээр нэрлэхийг хүсчээ. Гэвч 2015 онд интерполоор эрэн сурвалжлагдаж, 2019 онд Парагвайд нас барсан байдалтай олджээ.
  14. Франц Бекканбауэр /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – 2006 онд Германд ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг олгохдоо авлигал авсан, мөнгө угаасан, залилан мэхэлсэн гэх хэргээр шалгагдаж байсан ч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэрэг нь хаагдсан. Өөрийгөө ямар ч буруугүй гэдэг.
  15. Рафаэль Салгуэро /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Авлигын хэрэгт буруутгагдаж, гурван жил гэрийн хорионд орсон.
  16. Виталий Мутко /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Оросын тамирчдыг допингоор дэмжсэн гэх хэрэгт буруутгагдаж байгаа. Олимпийн төрлийн спортуудаас бүх насаараа "бандуулсан".
  17. Жефф Томпсон /ДАШТ-ийг зохион байгуулах Английн хорооны тэргүүн, FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Хөлбөмбөгөөс холдсон. Олон хэрэгт холбогдсон ч одоог хүртэл хариуцлага хүлээхгүй явсаар байна. FIFA-ийн ёс зүйн хороо түүнийг буруутай гэж үзсэн.
  18. Мариос Лефкаритис /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/  – Катарын баялгийн сан түүний гэр бүлийн газрыг 27 сая фунтээр худалдан авчээ. Энэ хэрэг одоо мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Гэхдээ тэр энэ бүхнийг үгүйсгэдэг бөгөөд одоог хүртэл FIFA-д ажиллаж буй.
  19. Жак Анума /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Саналаа Катарт 1.5 сая ам.доллараар худалдсан гэж буруутгагдаж байгаа. Тэр энэ бүхнийг эсэргүүцсэн ч FIFA-аас түүнийг огцруулсан.
  20. Жүнжи Огура /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Тэтгэвэрт гарсан. 2002 оны Япон-Өмнөд Солонгост ДАШТ-ийг зохион байгуулах санал өгөхдөө Өмнөд Африкийн хөлбөмбөгийн холбоондоо 1.5 сая ам.долларын дэмжлэг авсан гэж буруутгагдаж байсан.
  21. Сенес Эрзик /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Тэтгэвэрт гарсан.
  22. Хани Або Рида /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Одоо ч FIFA-д ажиллаж байна.

САНАЛ ӨГЧ ЧАДААГҮЙ 2 ХҮН

  • Амос Адаму /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Санал хураалт болохоос өмнө хөлбөмбөгийн удирдах албан тушаалд очих эрхээ гурван жилээр хасуулсан байсан учир санал өгч чадаагүй. Гэхдээ FIFA-ийн ёс зүйн хороо 2017 онд түүний эрхийг хоёр жилээр хассан.
  • Рэйналд Темарий /FIFA-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан/ – Санал хураалт болохоос өмнө Бин Хамманаас мөнгө авсан нь ил болж, найман жилээр эрхээ хасуулсан учир санал өгч чадаагүй.

ӨРӨӨНД БАЙСАН БУСАД ХҮМҮҮС

  • Жером Валке /FIFA-ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан/ – 2016 онд халагдаж, арван жилийн хугацаатай хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан. Мөн авлигал авсан нь ил болж, 11 сарын тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн.
  • Владимир Путин /ОХУ-ын ерөнхийлөгч/ – Санал хураалтыг хөндлөнгөөс ажиглаж байсан.
  • Борис Жонсон /Лондон хотын захирагч, Их Британийн ерөнхий сайд асан/ – Санал хураалтыг хөндлөнгөөс ажиглаж байсан.
  • Дэвид Камерон /Их Британийн ерөнхий сайд асан/ – Санал хураалтыг хөндлөнгөөс ажиглаж байсан.
  • Дэвид Бекхэм /Английн элч төлөөлөгч асан/ – Одоо Катар-2022 ДАШТ-ий элч төлөөлөгч.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж