"Сурлага, хүрээлэл сайтай хүүхдүүдийн дээрэлхэлт их байна"

Хуучирсан мэдээ: 2022.11.10-нд нийтлэгдсэн

"Сурлага, хүрээлэл сайтай хүүхдүүдийн дээрэлхэлт их байна"

"Сурлага, хүрээлэл сайтай хүүхдүүдийн дээрэлхэлт их байна"

“Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Я.Мөнхчимэгтэй үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, цахим дарамтын талаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт "Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтын эсрэг олон улсын өдөр" тохиолоо. Үүнтэй холбогдуулан та бүхэн аян өрнүүлсэн. Аяны талаарх ерөнхий мэдээллээсээ хуваалцаач?

-Манай байгууллага 2020 онд тодорхой бүлгийн хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй саад бэрхшээлийн судалгааг хийсэн. Судалгаанд ажиглагдсанаар боловсролын орчинд ялгаварлан гадуурхалтад өртөх нь боловсрол эзэмшихэд тулгарч буй нэг саад бэрхшээл гэдэг үр дүн гарсан. Хэд хэдэн кэйс цуглуулсан. Мөн гишүүн байгууллагуудынхаа өсвөр үе, залуучуудын дунд хийсэн хүчирхийллийн судалгаануудтай танилцахад үе тэнгийн дарамт дээрэлхэлт нь нийгмийн тулгамдсан асуудал байсан. Тэр дундаа ялгаварлан гадуурхалтад суурилсан үе тэнгийн дарамт дээрэлхэлт нь жендэрт суурилсан хүчирхийлэл юм байна гэж үзсэн. Ингээд сургуулийн орчинд үүнийг хэрхэн шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх үүднээс эцэг эх, багш, сургуулийн удирдлага, сурагчдад зориулсан гарын авлага боловсруулсан. Гарын авлагаа 2021 оны хавар сургуулиуд дээр хэрэгжүүлж найман аймгийн 29 сумын 32 ерөнхий боловсролын сургууль дээр ажиллаж байгаа “Сургуулийн эцэг эх, багшийн холбоо”-тойгоо хамтран нэг сарын хугацаатай аян өрнүүлсэн. Яг цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, хичээл цахимаар орж байсан үе л дээ.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ДЭЭРЭЛХЭЛТИЙН АСУУДАЛ ХУРЦАДСАН БАЙСАН

-Хэр үр дүнтэй, өргөн хүрээтэй аян болсон бэ?

– Санаснаас өргөн хүрээнд зохион байгуулсан шүү. Хичээл, сургууль цахимаар байсан учир сурагчид бүгд гэртээ байсан үе. СЭЭБХ-ны гишүүн багш, эцэг эхчүүд маань сурагч, эцэг эхчүүд рүү чиглэсэн сургалт мэдээллээ сошиал медиагаар өгч байсан. Мөн  малчин өрхийн сурагчдад биечлэн очиж сургалт, уулзалт зохион байгуулж байсан.  Хөвсгөлийн Цагааннуур сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбооныхон тайгад очиж сургалт хийсэн байх жишээтэй. Мөн сургуулийн хамт олон буюу багш, үйлчлэгч, галч, манаач, сумын дэлгүүрийн худалдагчаас эхлээд цагдаа нартаа хүртэл сургалт орсон. Үүнээс бид урам авч намар нь хотын 15 сургууль дээр гарын авлагаа ашиглан “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлье” аян өрнүүлсэн. Улмаар бид үе тэнгийн дарамт дээрэлхэлтийн асуудлыг боловсролын бодлогын төвд оруулах чиглэлээр боловсролын ерөнхий газар, БШУЯ зэрэг байгууллагуудтай хамтарч ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хийсэн хамгийн эхний ажил нь бүх судалгаануудыг нэгтгэсэн. Мөн Парламентын судалгааны хүрээлэнгээс бусад орны туршлагыг ч судалсан байсныг авч үзсэн.

Энэ оны  гуравдугаар сарын 4-нд БШУЯ, БЕГ-аас олон талт хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдүүдийн үзэл бодлыг түлхүүтэй сонссон. Хэлэлцүүлгийн үеэр үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийг насанд хүрэгчид тоодоггүй, байдаг л асуудал шиг үзэж хүүхэд бүр л туулдаг гэсэн хандлага анзаарагдсан. Эцэг эхчүүд үл тоодог, багш нар дөжирчихсөн байсан. Харин хүүхдүүдэд энэ нь сэтгэл зүйн дарамт цаашлаад амиа хорлох бодол тээх асуудал болчихсон байсан.

2020, 2021 оны хөл хорионы үед цахим орчин дахь дээрэлхэлтийн асуудал хурцадсан байсан нь хэлэлцүүлгийн үеэр гарч ирсэн.

-Мөн сургуулийн орчны эрсдлийн үнэлгээ хийсэн гэсэн? 

– 2018 оны БШУ-ын сайдын тушаалаар "Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам" баталсан байдаг.  Энэ журамд сургууль хүүхдийн эрсдэлт нөхцөл байдлын үнэлгээ хийнэ гэж заасан байдаг. Журам батлагдсанаас хойш үүнийг нэг ч удаа хийж байгаагүй. Манай байгууллагын гишүүд хамтран “Ямар үнэлгээ хийх вэ” гэдгийг нь судалж, аргачлалыг нь боловсруулж 10 гаруй ЕБС дээр туршсан. Ингээд өнгөрсөн дөрөв, тавдугаар сард БЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд БЗД-ын 33 сургууль дээр үнэлгээ хийж үзсэн. Энэхүү эрсдлийн үнэлгээ нь сургууль дээр  засаглалын, материаллаг, нийгэм, сэтгэл зүй гээд гурван орчинд үнэлгээ хийдэг. Үнэлгээг сургуулийн хамтарсан баг буюу сайн сайхны багийн гишүүд дээр эцэг эх, сурагчдын төлөөлөл нэмэгдээд хийдэг. Үнэлгээний үр дүнд тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, шат шатны зөвлөмж боловсруулдаг. Зарим асуудлыг сургууль дангаараа шийдэх боломжгүй.

Эцэг, эхчүүд нь сургуулиа, сургууль нь эцэг, эхээ эцэст нь хоёулаа нийлээд хүүхдээ буруутгаад дуусдаг, шийдэлгүй асуудал. Дээрэлхүүлж хохирсон болон дээрэлхсэн хүүхэдтэй хэн ч тууштай ажилладаггүй, асуудлыг дундаа хаядаг.

СУРГУУЛИЙН ОРЧИНД 3 ХҮҮХЭД ТУТМЫН 1 НЬ ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТ, ДЭЭРЭЛХЭЛТИЙН АЛЬ НЭГ ХЭЛБЭРТ ӨРТДӨГ

-Үнэлгээ хийснээр юуг олж мэдсэн бэ?

-Материаллаг орчин дээр Улаанбаатарын сургуулиудын хувьд ачаалал ихтэй, зай талбай багатай, зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн байсан. Мөн сандал ширээ, гэрэлтүүлэг, гарц, зам тээврийн осол эндэгдэл, агааржуулагч, утаа, төвийн шугамд холбогдоогүй зэрэг асуудлууд ажиглагдсан. Харин засаглалын орчин дээр ихэнх сургуулийн хүүхэд хамгааллын бодлого хангалтгүй боловсрогдсон, ажилладаггүй байсан. Уг нь бүгдэд нь бодлого байсан боловч яг сургуулийнхаа онцлогийг тусгаагүй. Зүгээр л жишиг бодлого баталчихсан эсвэл хэн нэгнээр хийлгэчихсэн байсан. Хүүхэд хамгааллын бодлогыг нь сургуулийнх нь багш нар, эцэг эхчүүд нь ч сурагчид нь ч мэддэггүй. Уг нь хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг захирал нь хянах ёстой. Гэтэл зүгээр л нийгмийн ажилтандаа даатгаад хавтсанд хийгээд хадгалдаг зүйл болсон байсан. Тэгэхээр энэ бодлогын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үг.

Нийгэм, сэтгэл зүйн орчин дээр ярихад ХЭҮК, Хүүхдийг ивээх сангийн судалгаан дээр сургуулийн орчинд гурван хүүхэд тутмын нэг нь үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийн аль нэг хэлбэрт өртөж байсан гэдэг. Эрсдлийн үнэлгээн дээр бас ингэж гарсан. Сургуулийн орчинд хүүхэд хоорондын, багш сурагч хоорондын ялгаварлан гадуурхалт их байна. Сургуульдаа явах дургүй, дарамтанд айдастай байдаг гэсэн асуудлууд ил болсон. Ерөнхийдөө маргинал бүлгийн хүүхдүүд буюу нийгэм эдийн засгийн статус доогуур, шилжиж ирсэн, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч болсон, жирэмсэн охид, хүүхэд төрүүлсэн охид, өмнө нь дарамт, дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү илүү анхаарах шаардлагатай.

Аяны хүрээнд хүүхдүүд нээлттэй байж, нууц байсан кэйсүүд ил болсон. Зарим сургуулиуд их кэйс гарч ирлээ гээд болгоомжилж байдаг. Харин манайх шиг иргэний нийгмийн байгууллагын хувьд энэ бол эерэг үр дүн.

БАЙШИН ХОРООЛОЛ, ГЭР ХОРООЛЛЫН СУРГУУЛИЙН ЯЛГАА ИХ БАЙНА

-Үе тэнгийн дарамт дээрэлхэлтэд газар зүйн байршил хэр нөлөөтэй байдаг юм бэ? Хот, хөдөөгийн ялгаа ч гэх юм уу?

-Хөдөө орон нутгийн кэйсүүд илүү хувь хүн рүү чиглэсэн гэх юм уу даа. Гаднах дүр төрх, бие галбир,  жендэрийн хэвшмэл ойлголт дээр чиглэсэн  дээрэлхэлт их байсан. Харин хотын тухайд цахим орчинд бүлэглэсэн дээрэлхэлт их байна. Эцэг, эхчүүд нь үл хайхарсан хүүхдүүд хүчирхийллийн золиос болж байна. Мөн бусдыг дээрэлхэж байна. Үүнээс гадна байшин хороолол, гэр хорооллын сургуулийн ялгаа их байна. Нэмээд нийгэм, эдийн засгийн статусаар нь ялгаварлан гадуурхаж байна. Тэгш бус байдалтай холбоотой дээрэлхэлт гэсэн үг. Байшин хорооллын сургуулийн сурагчид гэр хорооллын сурагчдыг сургууль дээр нь очиж, дээрэлхэх, бүлгээрээ очиж зоддог гэх кэйс гарсан. Тухайн сургуулийн нийгмийн ажилтан арга хэмжээ авч жижүүр багш хүртэл гаргасан ч дийлдэггүй нөхцөл байдалтай. 18.00 цаг хүртэл жижүүр багш нь хяналт тавьж, хэд хэдэн удаа таслан зогсоосон. Гэтэл дараа нь жижүүр багшийг явсны хойно эсвэл ганц, нэгээрээ давтлагаа тараад явж байхад нь харанхуйд дээрэлхсэн кэйс гарсан байна лээ.

Мөн бэлгийн дарамтын кэйс гарч байна. Насанд хүрэгчдийн зүгээс болон үе тэнгийнхний зүгээс илэрсэн. Энэ дээр тусдаа бодлого байх хэрэгтэй. Бэлгийн дарамтын эсрэг нарийвчилсан зааварчилгааг захирал, багш нар болон эцэг эхчүүдэд өгөх шаардлага үүссэн.

УРЛАГ, СПОРТЫН АВЬЯАСТАЙ, ОНЦ СУРДАГ "ОД" ХҮҮХДҮҮД БУСДЫГАА ИХ ДЭЭРЭЛХЭЖ БАЙНА

-“Од хүүхдийн синдром” гэх нэршил гарч ирсэн байсан. Энэ нэршлийн талаар та мэдээлэл өгөөч?

-Энэ бол үнэлгээний явцад гарч ирсэн нэршил л дээ. Эрсдлийн үнэлгээ хийх явцад фокус бүлгийн ярилцлагаар “Од хүүхдийн асуудал” байдаг гэж ярьсан. Нэр хүндтэй, сурлага, хүрээлэл сайтай хүүхдүүдийн дээрэлхэлт их байдаг гэсэн. Багш нарын зүгээс ч тэр хүүхдүүдийг илүүд үзэж, жишиж, бусдыг нь ялгаварлан гадуурхах тохиолдол байдаг. Дээрээс нь тухайн хүүхдүүд бүлэглэл үүсгээд бусдыг дээрэлхдэг байх жишээтэй.

Үе тэнгийн дээрэлхэлтийг үйлдэж байгаа хүүхэд нь хоёр төрөл байдаг. Нэгдүгээрт, өөрөө ямар нэг хүчирхийллийн хохирогч хүүхэд. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, үл хайхрах хүчирхийллийн золиос, ялгаварлан гадуурхагддаг хүүхэд эргээд өөрөөсөө сул дорой, ялгаатай хүүхдүүдийг дээрэлхдэг. Хоёрдугаарт, нэр хүндтэй, урлаг, спортын авьяастай, онц сурдаг, эдийн засгийн хувьд бусдаасаа давуу байдалтай хүүхдүүд бүлэглэл үүсгэн өөрөөсөө сул дорой, бусдаас ялгаатай хүүхдүүдийг дээрэлхэж байна. Энэ хоёр бүлгийн хүүхдүүдтэй ажиллах стратеги нь тусдаа байх ёстой хэмээн мэргэжилтнүүд үздэг. Нийгмийн ажилтнууд нь үүнийг сургуулийн түвшинд хэрхэн шийдэх вэ гэдгээ багш нартайгаа сайн ярилцах хэрэгтэй.

-Үе тэнгийн дээрэлхэлтээс гадна сургуулийн орчин тэр дундаа багш нарын зүгээс сурагчдыг ялгаварлан гадуурхах тохиолдол түгээмэл үү?

– Багш нар тухайн хүүхдийг ад үзэх, ялгаварлах, шошголох үзэгдэл байсаар байна.  Энэ хандлага нь хүүхдийн үе тэнгийхэнд нөлөөлдөг. “Аан энэ хүүхдийг ингэж болох юм байна” гэсэн мессеж болж очдог. Тэгэхээр насанд хүрэгчдийн зүгээс гаргаж байгаа ялгаварлал, хүчирхийлэл нь үе тэнгийн дээрэлхэлтэд нөлөөлөгч хүчин зүйл болж байна.

НИЙГМИЙН АЖИЛТАН ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙНА

-Сургуулийн нийгмийн ажилтнууд сурагчидтайгаа хэр ойр байж, тэднийг сонсч чаддаг юм бэ? Сайн нийгмийн ажилтантай гэгддэг сургуулиуд дээр үе тэнгийн дээрэлхэлтийн сэтгэл сэрдийлгэм кэйсүүд тохиолдох юм. 

– Янз янз байна. Үнэхээр сайн нийгмийн ажилтантай сургууль байхад ажил үүргийнхээ хүрээнд ажиллахгүй байгаа нь ч байна. 1500 хүүхэдтэй сургуулийн нийгмийн ажилтан 6000 хүүхэдтэй сургуулийн нийгмийн ажилтан хоёр ялгаатай л даа. Нэгдүгээрт, нийгмийн ажилтан нар өөрсдөө мэргэжлийн байх хэрэгтэй байна. Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх ажлаа л хийдэг баймаар байна.

Нийгмийн ажилтнууд сургууль дээр удирдлагын ажил хийгээд байна. Тийм болохоор хүүхдүүд асуудлаа ярихгүй. Дарга гэж хараад байгаа учир миний асуудлыг анхаарч, надад туслана гэж итгэхгүй байна.

Хоёрдугаарт, бусад мэргэжлийн хүмүүстэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй байна. Ганцаараа бүхнийг хийх боломжгүй шүү дээ. Сургуулийн албан бус сайн сайхны баг гэж БЗД-ийн 30 сургууль дээр байгуулагдаад ажиллаад эхэлж байна. Нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, хоолзүйч, эмч, тэгш хамруулах боловсролын багш, номын санч гээд хүүхдийн бие махбод, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхааран ажиллах чиг үүрэгтэй хүмүүс  багтаж байгаа. Эдгээр мэргэжилтнүүд хамтран ажиллаж байж сурагчдын сайн сайхан байдал хангагдана, цаашлаад сурлагын амжилтад нөлөөлнө. Нийгмийн ажилтан нь бүхнийг мэднэ, чадна гэсэн сургуулиуд хэд хэд байсан. Гэхдээ хамтын ажил, багийн ажил сайн байж хүүхдийн эрх хамгаалагдана, мэдлэг ойлголт нэмэгдэнэ шүү дээ.

Хичээлийн шинэ жил эхлэхэд 33 сургуулийн маань бараг нь 15 хувь нь нийгмийн ажилтангүй болчихсон байсан

Сургуулиудын удирдлага шинээр ажилтан авахдаа мэргэжлийн бус хүн авч байна. Тэд нар нь хүүхдүүдийнхээ асуудлыг ойлгохгүй, сонсохгүй, асуудлыг нь улам хүндрүүлчихсэн тохиолдол ч гарлаа. Үе тэнгийн дээрэлхэлтийн судалгаа авсан, манай сургуульд тийм асуудал байхгүй гээд сууж байгаа хүн ч байсан. Судалгаагаа яаж авсан юм бэ гэхээр “Анги ангиар нь ороод нэрийг нь бичүүлээд авсан” гэх. Нэрээ бичсэн судалгаан дээр ямар сурагч бодит байдлыг бичих юм бэ.

Нийгмийн ажилтанг нэмэх, ажил үүргийг нь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбох шаардлага зайлшгүй байх шиг. Сургуулийн нэг сурагч гэмт хэрэг, асуудалтай орооцолдоход нийгмийн ажилтан нь цагдаа дээр дуудагддаг юм байна. Жишээ нь, Дарь-Эхийн 102 дугаар сургуулийн нийгмийн ажилтан л гэхэд өнгөрсөн хавар долоо хоногт 2-3 удаа цагдаа дээр дуудагдаад сайн сайхны багийнхаа уулзалтыг тогтмолжуулахад хүндрэлтэй тулж байсан. Тэр хүн байнга цагдаа руу яваад байхаар сургууль дээрх ажил нь яах вэ? Нийгмийн ажилтнууд асар их ачаалалтай байдаг юм байна лээ.

-Сургуулиуд дээр сэтгэлзүйч нар ажиллах болсон. Үүний нөлөө байна уу?

Бидний хамтран ажиллаж байгаа 33 сургуулийн бараг тал нь сэтгэлзүйчтэй байна. Мэргэжлийн сэтгэлзүйчтэй сургуулиуд дээр эрсдлийн үнэлгээ хийхэд маш дэмтэй байсан. Нийгэм сэтгэлзүйн орчны үнэлгээ бодитой гарч байсан. Гэвч бодит байдал дээр  мэргэжлийн сэтгэлзүйч дутагдалтай байгаа юм байна. Зарим сургуулиуд сэтгэлзүйчийг сургууль дээр илүү ажлын байр гээд ойшоохгүй байна. Сэтгэлзүйч гэдэг ажлын байрыг зүгээр л дамжлага болгочихсон сургуулиуд мэр сэр гарсан. Жишээлбэл, биеийн тамирын багш нь давхар сэтгэлзүйч хийдэг, тэтгэвэртээ гарах дөхсөн нэг сургуулийн захирал байсан хүн өөр сургууль дээр сэтгэлзүйч болчихсон ч явж байх жишээний. Зарим сургууль дээр нийгмийн ажилтан нь давхар сэтгэлзүйч хийж байсан л даа. Нийгмийн ажилтан нь сэтгэлзүйч болчихоор сурагчид илэн далангуй ярилцаж чадахгүй шүү дээ.

Сургуулийн сэтгэлзүйчтэй байх бодлого эхлээд удаагүй байгаа учир явц дундаа сайжрах байх л даа. Гэхдээ иргэний нийгмийн байгууллагууд хэрэгжилтийн асуудлуудыг гаргаж ирэх, сайжруулахыг шаардаж бодлогын нөлөөлөл хийж ажилладаг учир асуудал яриад байгаа юм шүү. Ер нь боловсролын салбар зөвхөн багш биш мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч асар хомсдолтой байна. Үүний зэрэгцээ одоо ажиллаж байгаа хүмүүсээ чадавхжуулах, улмаар тогтвортой ажиллуулах гэсэн том сорилттой тулаад байх шиг.

БАГШ НАРЫН СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДАЛ ДЭЭР АНХААРАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ

-Сургуулийн орчинд, сурагчдын дунд анхаарах ёстой өөр ямар асуудлууд байна вэ?

-Сургууль дээр очиж ажиллахад багш, нийгмийн ажилтнууд ажлаас халшрах хам шинж илэрч байсныг манай гишүүн байгууллагууд онцолж байсан. Багш нарын сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд бодлогоор анхаарахгүй бол стресстэй, бухимдалтай хүмүүс хүмүүжлийн эерэг арга хэрэглэх эсэх нь эргэлзээтэй, ухамсаргүйгээр сурагчдадаа бие махбодын шийтгэл үзүүлж байна. Мөн эцэг, эхийн дарамт гэх үзэгдэл сургууль дээр түгээмэл байна. Сургуультай хэрхэн харилцах, багштай хэрхэн зохистой харилцаж хамтдаа хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд анхаарахаа шийдэх чиглэлээр эцэг эхчүүдэд ч мэдээлэл өгч, хамтран ажиллаж болох боломжуудыг сургуулиуд санал болгох хэрэгтэй байна.

-Ер нь арван жилийн хүүхдүүдийн дунд дээрэлхэлт гэдэг “Чимээгүй тахал” болчихсон гэж өөрсдөө ярьж байна л даа. Бүгд л ийм зүйл байдгийг мэддэг хэр нь зогсоож чаддаг. Үүнтэй эвлэрчихсэн. Гэтэл энэ нь амиа хорлох шалтгаан хүртэл болж байна. Та “Чимээгүй тахал” гэдэгтэй хэр санал нийлж байна вэ?

-Санал нийлж байна. Хүн болгон мэддэг боловч арга хэмжээ авч чаддаггүй. Нэгдүгээрт, насанд хүрэгчдэд хүсэл зориг алга. Хоёрдугаарт, мэдлэг, ойлголт алга. Сургуулиуд дээр үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нэгдсэн удирдамж алга. Бид бусад орны туршлага, өөрийн орны нөхцөл, эрхзүйн орчныг судалж боловсруулж байна. Дээрэлхэлтийн кейс гарахад Эрүүгийн хууль руу орж байх жишээтэй. Эрүүгийн хууль руу орохоор насанд хүрээгүй хүүхдүүд эрүүгийн гэмт хэрэгтэн болно шүү дээ. Тэгэхээр боловсролын салбар урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авснаар гэмт хэрэгт өртөх, үйлдлэхээс нь сэргийлэх боломжтой. Мөн гэрч хүүхдийн асуудал хөндөгдөнө. Хүчирхийлэл, дээрэлхэлтийг мэдэж байгаа, хажууд нь харж байсан хүүхдийг чадавхжуулах, мэдээлэл өгсөн тохиолдолд хамгаалах тогтолцоо байх хэрэгтэй. Тийм байвал үе тэнгийн дарамт, дээрэлхэлт 50 хувиар буурах боломжтой. Мөн цахим орчинд хүүхдүүд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг боловсролыг олгох зайлшгүй хэрэгтэй.

ТӨР ЭС ҮЙЛДЭХҮЙГЭЭРЭЭ ХҮҮХДҮҮДИЙГ ЦАХИМ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТҮҮЛЖ БАЙНА

-Цар тахлын үед цахим хичээл эрчимжиж, хүүхэд бүр л утаснаасаа “уяагдсан”. Тэгвэл энэ нь цахим дээрэлхэлт гэдэг зүйлийг даамжрах шалтгаан нь болсон юм биш үү?

-Цахим хичээл уг нь боловсролын цахим платформ дээр явагдах ёстой. “Microsoft Teams” ч юм уу нэгдсэн, БШУЯ-наас бодлогоор бий болгосон платформ дээр явагдах ёстой. Гэтэл өнөөдөр фэйсбүүкээр гэрийн даалгавараа өгөөд, хичээлийн хэрэглэгдэхүүнээ солилцоод явж байна.  Фэйсбүүк боловсролын платформ биш. Фейсбүүк групп, чатууд нь хүүхдүүдийг маш эрт сошиал медиад хөл тавих хөшүүрэг болоод байна. Уг нь фэйсбүүк 13-аас дээш насныханд зориулагдсан шүү дээ. Харамсалтай нь, бага ангийнхан өөрсдөө фэйсбүүк руу орж, даалгавраа авч, хичээлээ үзэж байна. Эцэг эхчүүд нь ч “Чи өөрөө группдээ ор” гээд хаячихаж байна. Насанд хүрэгчид урьдчилан сэргийлэх, хүүхдээ хамгаалах ажлаа хийхгүй байна. Фэйсбүүкт орсон хүүхэд тэнд байгаа бүхий л мэдээллийг шүүлтүүргүй авч, муу зүйлийг нь л түрүүлж харна, сурна. Тэгэхээр сургуулиуд фэйсбүүкийн группээр дамжуулан мэдээллээ түгээж байгаа нь асуудал. Ийм нөхцөлд байлгасаар байгаа БШУЯ-ны буруу. Цахим үндэстэн, дижитал боловсрол ярьж байгаа мөртлөө төр эс үйлдэхүйгээрээ хүүхдүүдийг цахим хүчирхийлэлд өртүүлж байна. Цахим болон бодит байдлын нэг гол ялгаа нь бодит байдал дээр тухайн хүүхдийн өвдөж, шаналж байгаа нь ил харагдана. Гэтэл цахим орчинд ил харагдахгүй. Дэлгэцний цаанаас дээрэлхэж, доромжилно. Нөгөө хүнийхээ юу мэдэрч, ямар хариу үйлдэл үзүүлж байгааг мэдэх боломжгүй ш дээ. Энэ нь цахим хүчирхийллийн хамгийн аймшигтай нь.

ЭЦЭГ ЭХЧҮҮД МИНЬ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЧАНАРТАЙ ЦАГИЙГ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ

-Танд эцэг, эхчүүдэд, сурагчдад хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө гэвэл юуг онцлох бол?

-Эцэг, эхчүүд минь хүүхэдтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрөөгөөрэй. Үр дүнтэй гэдэг нь тоглоомын төв дагуулж явах, хамт кино үзэх эсвэл гоё ресторанд хоол идэх биш шүү. Өдөрт ядаж арван минут ч байсан хамаагүй тогтмол цаг гарган электрон хэрэгсэл, телевизоргүй орчинд чин сэтгэлээсээ ярилцаж эсвэл ном уншиж өгөөрэй. Ярилцана гэхээр “Яасан багш чинь зодсон уу?” гэж их асуудаг. Үүний оронд “Өнөөдөр юу хийв? Юу сурсан бэ? Ямар мэдрэмж төрсөн бэ?” гэхчлэн хүүхдийнхээ мэдрэмжийг илүү таньж мэдээрэй. Тэгвэл хүүхэд тань өнөөдөр өөрт нь юу тохиолдсоныг, найзад нь ямар асуудал тохиосныг чөлөөтэй ярина шүү. Үл хайхрах хүчирхийлэл хүүхдийг хараа хяналтгүй болгож улмаар тухайн хүүхэд бусдыг дээрэлхэнэ эсвэл бусдад дээрэлхүүлнэ.

Хэрэв хүүхэд тань бусдад дээрэлхүүлсэн бол битгий буруутгаарай. Сайн сонсоорой. Сургуульд нь, анги удирдсан багшид нь заавал мэдэгдээрэй. Эргээд миний хүүхдийн тохиолдол дээр танай сургууль ямар арга хэмжээ авсан бэ гэж асууж байгаарай.

Харин хүүхэд тань бусдыг дээрэлхээд байгаа бол хүүхэддээ тавьж байгаа өөрийнхөө хүмүүжлийн арга барил дээр анализ хийгээрэй. “Би өөрөө хүүхдээ хүчирхийлээд байна уу?” гэж бодоорой. “Миний хүүхэд хүчирхийллийн хохирогч болоод бусдыг дээрэлхээд байна уу?”, “Ганцаардаад байна уу?” гэж анхаарах. Мөн үзэж, тоглож байгаа тоглоом, бичлэгийг нь харж, найзууд нь ямар хүүхдүүд байгааг нь анзаараарай. Шууд сургуулийг эсвэл багшийг буруутгахаасаа өмнө тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг эрэлхийлээрэй.

Форум дээр нэг хүү байсан юм. Өөрөө бусдыг дээрэлхэж, дарамталдаг байсан. Гэвч хэсэг хугацааны дараа их ганцаардсан гэсэн. Ямар ч найзгүй болчихсон. Их муухай мэдрэмж байсан учир бусдыг дээрэлхэхээ болиод үүнтэй тэмцдэг болсон гэж хэлж байсан.

Харин сурагчдад юу гэж хандаж хэлэх вэ?

Хүүхдүүд өөрсдөө дээрэлхэлт, хүчирхийллийг зогсоох хүчтэй гэдгээ мэдэрчихвэл болчих зүйл. Гол нь үүнд нь насанд хүрэгчдийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай. Сурагчдад ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх талаар эртнээс заах, үлгэрлэх хэрэгтэй. Хүн бүр дахин давтагдашгүй, цор ганц шүү дээ. Бид бие биетэйгээ адилхан байх ямар ч боломжгүй. Ялгаатай байна гэдэг бидний үнэт зүйл, онцлог. Энэ бол дэлхийн иргэний боловсролын агуулга. Хүний эрх, ялгаатай байдлыг хүндэтгэснээрээ бид дэлхийн иргэн болж байгаа гэсэн үг.

Өнөөдөр бусдыг дээрэлхэж байгаа чинь хэзээ нэгэн цагт ил гарна. Өмнөд Солонгосын волейболын эгч дүүсийн жишээ бий шүү дээ. Дунд сургуульд байхдаа дээрэлхэж байсан хүүхэд нь хожмоо амьдралд нь нөлөөлж, булхайг нь дэлгэх жишээтэй. Тэгэхээр ирээдүйгээ бодож байгаа бол битгий ийм зүйл хийгээрэй гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж