Амьсгал боогдуулагч цацсанаас 158 хүн эмнэлгийн тусламж авчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

Амьсгал боогдуулагч цацсанаас 158 хүн эмнэлгийн тусламж авчээ

Амьсгал боогдуулагч цацсанаас 158 хүн эмнэлгийн тусламж авчээ

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн А байранд өчигдөр /2022.11.08/ хий алдагдаж, олон хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн.

Тэгвэл дээрх хэрэг явдалтай холбоотой урьдчилсан дүгнэлт гарснаар албаны хүмүүс дараах тайлбарыг өглөө.

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.ЖАВХЛАН:

-Өчигдөр өглөө 10:07 цагт цагдаагийн байгууллага болон онцгой байдалд “Оюуны ирээдүй” цогцолбор сургуульд болсон хэрэг явдлын анхны дуудлага бүртгэгдсэн. Үүний дараагаар яаралтай тусламж шаардлагатай сурагч, багш, ажилчдад эмнэлгийн тусламж үзүүлсэн. Холбогдох албаны хүмүүс сургууль дээр шалгалт хийж, камерын бичлэгийг ухрааж үзэж дүгнэлт гаргасан. Шалгалтаар сургуулийн цайны газар болон химийн кабинетийг эхний ээлжинд бүрэн хянасан. Дараагаар нь камерын бичлэг шүүж үзсэн байгаа.

Амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч цацагдсан нь тогтоогдсон. Тухайн амьсгал боогдуулагчийг “Оюуны ирээдүй” цогцолборын сурагч ангийнхаа хүүхдийн цүнхнээс  авч сургуулийн А байрны нэгдүгээр давхарт цацсан байсан. Сурагчдаас цагдаагийн байгууллага тайлбар мэдүүлгийг авч байгаа.

Арваннэгдүгээр сарын 8-ны байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас 158 хүн тусламж үйлчилгээ авснаас 142 нь хүүхэд байсан. Одоогийн байдлаар эмнэлэгт таван хүүхэд эмчилгээ хийлгэж байгаа. Мөн өрхийн эмнэлгүүдээр хүүхдүүд үзүүлж, зарим нь нэгдсэн эмнэлэг рүү шилжиж байна.

Өчигдөр Мэргэжлийн хяналтын газраас тус сургуулийн дотоод орчинд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл алдагдсан эсэхийг шинжилсэн. Дүгнэлтээр хичээл, сургууль хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзсэн.

Тиймээс өнөөдрөөс хүүхдүүд хичээлдээ хэвийн явж эхлээд байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, бусдад эрсдэл учруулах хэрэгсэл ашиглахгүй байхыг зөвлөж байна.

ХҮҮХДЭЭС ЭХНИЙ МЭДҮҮЛГИЙГ АВСАН, ШАЛГАЛТЫН АЖИЛ ДУУСААГҮЙ

Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг:

-Цагдаагийн байгууллагын шалгалт үргэлжилж байна. Нулимс асгаруулагчийн тухайд тусгай зөвшөөрөлтэй зарж борлуулдаг. Мөн тусгай зөвшөөрөлтэй харуул хамгаалалт, цэрэг, цагдаагийн байгууллага хэрэглэдэг.

Нулимс асгаруулагч цацсан хүүхдээс авсан урьдчилсан мэдүүлгээр үеэл ах нь биеэ хамгаалах зориулалтаар авч өгсөн гэж мэдүүлсэн. Учир нь өнгөрсөн долдугаар сард тухайн сурагч халдлагад өртөж байсан гэж хэлсэн.

Үүнийг шалгалтаар тогтооно. Тусгай зөвшөөрөл авч байж худалддаг зүйлийг насанд хүрээгүй хүүхдэд өгч явуулснаас ийнхүү олон хүнийг эрсдэлд хүргээд байна. Ямар ч байсан одоогоор гомдлын дагуу хэрэг бүртгэлийг нээж шалгаж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 5.6-д тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг зөрчих гэж заасан байдаг. Гэхдээ энэ асуудлыг шалгалтын ажил дуусаагүй байхад бид арга хэмжээ авах боломжгүй. Хяналтын дараа дээд шат болох прокурорын байгууллагатай зөвшилцөж, хууль дүрэмд заасны дагуу шийдвэр гаргах болно.

Цаашид ийм тохиолдол гаргахгүйн тулд бид сургуулийн нийгмийн ажилтан, багш нартай хамтарч урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

70 ГАРУЙ ЭМЧ, СУВИЛАГЧ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН

Яаралтай тусламжийн газрын эмчийн өгсөн мэдээллээр сургуулийн дуудлагад нийт гурван машинаар найман удаа яаралтай тусламж үзүүлсэн. Хордлогын шинжтэй хүүхдүүдийг эрэмблэн ангилж, шинжилгээнүүдийг хийж, ажиллаж байна.

Ажиглалтад байсан хүүхдүүдийн таваас бусад нь зөвлөгөө авч гэртээ харьсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэгдсэн эмнэлгийн 70 гаруй эмч, сувилагч ажиллалаа.

Мөн эмнэлгийн тусламжаас гадна сэтгэлзүйчид зөвлөгөө мэдээлэл өгч байна. Нулимс асгаруулагчийн хувьд амьсгалын замыг хурцаар цочролд оруулдаг учир аюул бага гэж үзэж байгаа. Харин архаг хууч өвчтэй хүүхдүүдэд сэдрэх эрсдэл өндөр. Тиймээс яаралтай тусламжийн тасаг хүмүүсээ тогтмол хянаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж