Эдийн засгийн хямрал нүүрлэсэн цөвүүн цагт байгальд ээлтэй, халаасанд халгүй гэдэг утгаараа хуучин хувцасны дэлгүүрүүдийн үйлчлүүлэгч нэмэгдэх болжээ. Нэгэн үе байгальд ээлтэй талаас нь ярьж, “Fast fashion” буюу хэдхэн удаа өмсөөд л хаях хувцаснаас татгалзахыг уриалдаг байсан бол эдийн засгийн хямрал энэ уриалгыг шинэ түвшинд авчрав.
28 настай Лорен Капман нэртэй бүсгүй хуучин хувцас, хуучин эд зүйлсийн дэлгүүрээр тогмол үйлчлүүлж, худалдаж авсан зүйлсийнхээ талаар цахим орчинд нийтэлдэг. “Магадгүй хүмүүс үүнээсээ ичдэг байх. Хуучин машин худалдаж авахыг хүртэл доромжлол гэж үздэг хүмүүс байдаг. Гэхдээ миний бодлоор хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Энэ таны мөнгийг маш их хэмнэнэ. Бас маш олон хувцас, эд хэрэгслийг хогийн цэг рүү явахаас аврана” гэж тэр ярилаа. Лорен дөрөвдүгээр сард хуримаа хийсэн. Тэр дарсны шил, лааны суурь, бялууны тавиур зэрэг хуримын хэрэгцээт эд зүйлсээ хүртэл хуучин эд зүйлсийн дэлгүүрээс авчээ. “Хуучин эд зүйлсийн дэлгүүрт бүх зүйл бий, та олж авч л чадвал заавал шинийг аваад байх шаардлагагүй” гэж тэр хэлэв.
40 настай Келли Аллен ч бас тогтвортой загварын талаар бичиж, блог хөтөлдөг. Тэр хуучин эд зүйлсийн дэлгүүрт орохоор эрдэнэсийн сан шиг санагддаг гэдгээ онцолсон. “Та тэндээс жижигхэн нууцлаг үнэт чулуу олж болно. Одоо хуучин эд зүйлсийн дэлгүүр нэг талаасаа моод болсон гэхэд болно” гэж тэр хэллээ.
Хувцас загвар нь дэлхийн нүүрстөрөгчийн ялгарлын 10 хүртэлх хувийг үйлдвэрлэдэг аж. Тодруулбал, энэ нь дэлхийд гуравт орох том үйлдвэрлэлийн салбар юм. Хүлэмжийн хий ялгарал, ус, агаарын бохирдол, хог хаягдал гээд энэ үйлдвэрлэлээс улбаатай асуудал мундахгүй. Загварын салбар байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг хүмүүс их бага хэмжээгээр мэддэг болж байна. 16 настай Фрэя охин энэ жил сургууль цуглахад дан хуучин хувцсаар шүүгээгээ дүүргэжээ. Тэр энэ жил нүүрстөрөгчийн ялгарлыг өөрийнхөө хэмжээнд бууруулахыг хүссэн байна.
Их Британи дахь хуучны эд зүйлсийн дэлгүүрийн худалдааны эргэлт сүүлийн саруудад 14 хувиар өсчээ. Уэльстээ хамгийн томд тооцогддог дэлгүүрийг зорих үйлчлүүлэгчийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өсчээ. Хүмүүс мөнгөө илүү үр дүнтэй зарцуулахын тулд ийм сонголтыг хийх болсон. Зах зээлийн судалгаа харахад хэрэглэгч бараагаа худалдаж авахдаа илүү ухамсартай сонголт хийдэг болсон нь тодорхой болжээ. Хуучин эд зүйлсийн дэлгүүрүүд нь жил бүр хогийн цэг рүү ачигдах 25 мянган тонн нэхмэл эдлэлийг хэмнэдэг аж.
Энэ дэлгүүрүүдийн санхүүжилт янз бүр байдаг. Тухайлбал, Их Британид хорт хавдрын төвийн сүлжээ 600 дэлгүүр бий. Сүүлийн гурван сарын хугацаанд эдгээр дэлгүүрийн хандив 10 хувиар буурчээ. Энэ нь амьжиргааны өртөг буурсны бас нэгэн шинж тэмдэг юм. Мөн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зорилготой хуучин эд зүйлсийн дэлгүүр ч байна. Энэ дэлгүүрт эд зүйлс мөнгөөр бус модоор үнэлэгддэг. Хэрэглэгчээс авсан модоороо тухайн байгууллага Кени улсад мод тарих ажлыг санхүүжүүлдэг аж.
“Олон хүн дэлгүүрээр үйлчлүүлэхийг харж, тэд хоногийн хоолоо олоход ч хэцүү байгааг харахад амаргүй байдаг. Гэхдээ хуучин хувцас өмсөхөд буруу зүйл байхгүй гэдгийг би олж мэдсэн. Үйлчлүүлэгчийн тоо өссөн нь цар тахалтай ч холбоотой. Хүмүүс эх дэлхийдээ туслахын тулд би юу хийж чадах вэ гэж боддог болсон” гэж дэлгүүрийн сайн дурын ажилтан хэлэв.
Дайнаас үүдэлтэйгээр Европын олон орон энэ өвөл хөлдөх аюултай тулгараад буй. Айлууд дулаанаа алдахгүйн тулд хаалга, цонх дээрээ хөшиг наах болжээ. Шинэ хөшиг худалдаж авахад үнэтэй учир хуучин эд зүйлсийн дэлгүүрийг зорих болсныг ч дэлгүүрийн ажилтан хэлжээ.
Хуучин хувцас, ор хөнжлийн даавуугаар хувцас урлаж, загварын блог хөтөлдөг бүсгүй хэлэхдээ “айл өрхүүд төсвөө хэмнэхийн тулд хуучин хувцсаа дахин боловсруулах хэрэгтэй” гэв. Дахин өмсөхөөргүй болтлоо хэрэглээд, бүр өөдөс болсон хойно нь ч ашиглах хэрэгтэй аж.
Сонирхолтой баримт дурдвал:
- Загварын салбар нь дэлхийн нүүрстөрөгчийн ялгаруулалтын 10 хүртэлх хувийг бүрдүүлдэг.
- Дэлхийн усны бохирдлыг 20 хувь нь энэ салбараас үүдэлтэй.
- Хувцас үйлдвэрлэхэд нисэх онгоц, усан онгоцыг нийлүүлснээс илүү их эрчим хүч зарцуулдаг.
- Жилд 70 сая баррель тосыг полиэстер материалтай утас үйлдвэрлэхэд ашигладаг.
- Полиэфир материалтай цамц нь хөвөн даавуунаас хоёр дахин их нүүрстөрөгч ялгаруулдаг.
- Полиэфир задрахад хэдэн зуун жил шаардагдана.
Үндсэндээ амьжиргааны өртөг доройтсон нь нэг талаасаа сайн юм болжээ. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид олон ч жил хэт тансаг хэрэглээгээ танахыг дэлхийн хүн төрөлхтөнд уриалсан. Тэдний уриалга одоо л ажил болж мэдэх нь. Энэ бол байх ёстой өөрчлөлт, энэ хэвээрээ үлдэнэ ч гэж найдаж буйгаа уур амьсгалын идэвхтэнүүд хэлж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ