Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт улсын төсвөөр барьсан модон гүүр нурсан гэх мэдээлэл амралтын өдрүүдэд цахим хуудаст тавигдсан. Энэ талаар тус гүүрийг барьж гүйцэтгэсэн "ЖОЛ" ХХК-иас бид өчигдөр мэдээллийг тодруулан хүргэсэн. Тус компанийн ерөнхий инженерийн өгсөн мэдээллээр "Манай компани Алтанцөгц сумын төвд өнгөрсөн 2021 оны аравдугаар сард 18 метр урттай модон гүүрийг барьж гүйцэтгэсэн. Гүүрийн санхүүжилтын хувьд орон нутгийг хөгжүүлэх сангийн төсвөөр тендерт шалгарч барьсан. Баян-Өлгий аймгийн төсвөөр баригдсан гэсэн үг.
Анх тендер зарлагдахад модон гүүр байхаар тусгасан байсан. Нийт өртөг 59 сая төгрөг. Модон гүүрний даац таван тонн.
Гүүрийг нурахад хүргэсэн тус бензиний машины хувьд даац хэтрүүлж зорчсон. Тиймээс гүүрийн засварыг тухайн буруутай этгээд нөхөн төлнө. Гүүр 2022 оны арваннэгдүгээр сарын 5-нд нурсан. Гүйцэтгэгч компанийн хувьд 18 метр модон гүүрийг зохих стандарт шаардлагыг хангаж барьсан. Тухайн сумын иргэд ч үүнийг батална. Өчигдрийн байдлаар гүүрийг буруутай хүн нь засварлаж эхэлсэн байна лээ. Тэгэхээр "ЖОЛ" ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй" гэх тайлбарыг өгсөн. Үүний дагуу жолоочоос тайлбар авлаа.
ХАВЦЛЫН ГОЛЫН МОДОН ГҮҮРИЙГ ЗАСВАРЛАЖ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН
Алтанцөгц сумын Хавцлын голд модон гүүр барих ажлыг ашиглалтад оруулах комиссыг 2021 оны аравдугаар сарын 26-нд аймгийн засаг даргын захирамжийн дагуу гаргасан байна. Ийнхүү орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэж "ЖОЛ" ХХК-ийн гүйцэтгэсэн гүүр одоогоос гурав хоногийн өмнө нурсан. Тус гүүрэн дээгүүр даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслээр зорчиж явсан жолооч хэлэхдээ аймгийн удирдлагуудын зүгээс болон үүр гүйцэтгэгч компаниас засварыг хариуцахгүй гэсэн.
Би өөрийн хөрөнгөөр засварын ажлыг хоёр хоног хийж, аймгийн мэргэжлийн хяналтын комисст хүлээлгэж өгсөн.
Цаг агаарын зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалж гүүрэн дээгүүр зорчихоос өөр сонголт байгаагүй. Гэхдээ гүүрийг засварлаж, хүлээлгэж өгсөн учраас одоо асуудалгүй гэлээ.
Ямартай ч тус гүүрийг өчигдөр /2022.11.07/ МХГ-т хүлээлгэж өгч, өнөөдөр комисс шалгасан байна.
Холбоотой мэдээ