Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобус бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тогтоол гарсан. Тус тогтоолын хэрэгжилттэй холбоотой Нийслэлийн тээврийн газар нь Улаанбаатар смарт хувьцаат компанитай хамтран судалгаа хийж байгаа аж. Үүний дараагаар иргэд нийтийн тээвэрт албан ёсоор бэлэн мөнгөөр зорчих боломж бүрдэх юм.
Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний тэргүүн эгнээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил тусгагдсан. Гэвч хугацаа нь дуусч актлах болсон автобусуудыг үйлчилгээнээс гаргаж чадахгүй байгаа учрыг албаныхан төсөв санхүүтэй холбож тайлбарладаг.
Тиймээс смарт карт үйлчилгээг нэвтрүүлж нийтийн тээврийн орлогыг нэгдсэн байдлаар авч байгаа. Хэдийгээр энэ үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч бэлэн мөнгөөр зорчих иргэдийн тоо буураагүйг нийслэлийн нийтийн тээврийн газраас онцолсон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж судалгаанд үндэслэн ойрын хугацаанд нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчдог үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр жолооч нарт бэлэн мөнгө өгч зорчдог зөрчил багасч, картын соёл нэвтэрнэ гэж харж буй аж.
Ямартай ч тус үйлчилгээ тогтоолын дагуу он дуустал хэрэгжих бөгөөд шийдвэр албажаагүй үед зөрчил гаргаж байгаа тохиолдолд иргэд 7004-4040 утас болон 1800-1200 гэсэн утсанд иргэдийн гомдол, санал хүсэлтээ өгөх боломжтой байна.
АВТОБУСААР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН ТАЛ НЬ 500 ТӨГРӨГӨӨР ЗОРЧДОГ
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж байна. Хүрэлцээ, хангамж дутагдалтай.
Статистикаар автобусаар үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлдөг бол үлдсэн хэсэг нь өндөр настан, хүүхэд, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй зорчдог байна.
Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлээс гадна үнэ тарифын асуудал автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэдэг. Сүүлийн үед хүний нөөцийн хомсдолд орсон. Нийтийн тээврийн салбарын хэмжээнд одоогийн байдлаар 560 жолооч дутагдалтай байна. Автобусны үйлчилгээг цахим төлбөрийн системд шилжүүлсэн нь сайн талтай боловч цагийн системийг хотын хэмжээнд зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК дангаараа хянаж байгаа нь буруу. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ чөлөөлөх, тусгаарлах нэн шаардлагатай байгаа зэргийг нийтийн тээврийн салбарынхан өнгөрсөн аравдугаар сард илэрхийлж байлаа.
Холбоотой мэдээ