УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.11.08/ хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд 2023 оны Мөнгөний бодлоготой холбогдуулж, ажлын хэсгийн гишүүдээс тайлбар авлаа.
УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ: Топ таван банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэхийн тулд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, хэрэгжих хугацааг нь хойшлуулсан. Таван топ банк хэзээнээс олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох вэ. Тэгэхгүй бол нээлттэй хувьцаат компани болно нэрийн дор зээлээ зогсоочихоод байна. Зах зээл дээр зээл гарахаа больсон. Эдгээр таван банкинд мөн активын үнэлгээ хийнэ гэж байсан, үнэлгээ хийгдэж дууссан уу?.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Топ таван банкинд активын чанарын үнэлгээ хийсэн нь өнгөрсөн наймдугаар сард дуусч, Монголбанк дүнг нь олон нийтэд мэдээлээд явсан. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг ч банкуудын активын чанарын үнэлгээтэй тодорхой хэсгээр танилцаад олон нийтэд зориулж гаргасан мэдэгдэлдээ тусгасан.
Активын чанарын үнэлгээний үр дүнгийн дараачаас эхлээд системийн нөлөө бүхий таван том банк түрүүчээсээ эхлээд олон нийтэд хувьцаагаа гаргаад явж байна. Хамгийн түрүүнд Төрийн банк нээлттэй хувьцаат компани болсон, таван хувиа олон нийтэд санал болгож, зарсан. Санал нь 300 хувиар биелэсэн. Голомт, Хаан банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа гаргахаар Монголбанкнаас урьдчилсан зөвшөөрөл авсан. Эцсийн зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос авна. Энэ ондоо багтаад дээрх хоёр банк нээлттэй хувьцаат компани болчих байх. Хас банк болон Худалдаа хөгжлийн банк албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байна. Ирэх оны зургадугаар сарын 30-н гэдгээр хуулийн хугацаагаа нэг жилээр сунгасан учраас дараа оны эхний хагас жилийн хугацаанд энэ хоёр банк хувьцаагаа гаргачих боломжтой гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ: Банкууд нээлттэй хувьцаат компани болно гэдгээсээ болоод тайлангаа буруу зөрүү мэдээлсэн асуудал байна уу. 2020, 2021 оны үйл ажиллагааны ашиг нь асар өндөр. Тэгсэн хэрнээ энэ жилийн хоёрдугаар хагасаас алдагдал нь ихсээд байдаг. Тоо нь зөрөөд эхэллээ, юунаас болж байна. хууль гарсан, хэрэгжилтийг нь та хангуулж ажиллах ёстой. Цаашдаа бол зээлийн хүртээмж нэмэгдэж, зээлийн хүү буурах ёстой. Хуулийн хэрэгжилт маш чухал байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Активын чанарын үнэлгээ гаргасан тайлангийн үр дүнг наймдугаар сард банкны санхүүгийн тайланд нээлттэй тусгасан. Наймдугаар сарын тайлангаас өмнө банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 9 хувь байсан бол тайлан гарсны дараа 11 хувь болж, 2 нэгж хувиар өссөн. Энэ нь чанаргүй зээлийн хэмжээ банкны санхүүгийн тайланд бүрэн туссан гэсэн үг. Чанаргүй зээл нэмэгдэх хэрээр банк нь эрсдлийн санг байгуулах хууль зүйн зохицуулалттай учраас хуримтлагдсан ашгаас нь эрсдлийн сан руу нь хуваарилагдсан байгаа.
Монголбанкны зүгээс хуульд заасан цаг хугацаанд багтаан системийн нөлөө бүхий банкуудыг олон нийтэд нээлттэй хуьцаат компканийн хэлбэрт оруулах ажлыг хийж амжина гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: Монголбанк төгрөгийн хадгаламжийг нэмэгдүүлэх чиглэлээр юу хийх вэ. Банкууд гадаадаас 400 орчим сая ам.доллар татна гэсэн, орж ирэх үү. Олон улсын валютын сан, олон улсын байгууллагаас 200 сая ам.доллар орж ирнэ гэсэн. Засгийн газар 835 сая ам.доллар оруулж ирэх төлөвлөгөө гаргасан. Энэ бүгдийг яаж тооцож байна вэ.
Монголбанкны Мөнгөний бодлогын захирал Б.БАЯРДАВАА: Ойролцоогоор 200-300 сая ам.доллар валютын халдгаламж болсон тооцоо бий. Энийг буцаагаад төгрөгийн хадгаламж руу татах нь эдийн засагт төгрөгийн эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ ажлыг хийхийн тулд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх, төгрөгийн хадгаламжийн хүүг өсгөж байж буцааж авч ирнэ. Бодлогын хүүг зургаан хувиас 12 хувь болгож хоёр дахин өссөний дараа банкууд хадгаламжийн хүү шинээр санал болгохдоо жилийнх нь 13-14 хувь болж, өссөн. Энэ нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд том нөлөө үзүүлж байгаа.
Валютын орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр төв банк тодорхой ажлуудыг Засгийн газар, холбогдох яамтай хамтарч хийнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, худалдааны зээл, экспортыг дэмжсэн санхүүгийн тогтолцоо бий болгох хүрээнд уул уурхайн бус экспортод чиглэсэн эх үүсвэр оруулж ирэх, банк өөрөө санхүүжилтийн эх үүсвэр оруулж ирэх. Тухайлбал, богино хугацааны худалдааны санхүүжилт оруулж ирсэн нөхцөлд банкны урт нэртэй хуулиар саад болоод байгаа заалтыг шийдвэрлэх зорилгоор богино хугацаатай форвард, богино хугацаатай своп хэлцлүүдийг хийж өгч байж, худалдааны чиглэлээр зээл авч байгаа аж ахуйн нэгжүүд дээр зээл нь орж ирэх боломжтой болно. Ингэхгүй бол худалдааны зээл орж ирэхгүй байх нөхцөлтэй тулгарсан байгаа.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: Гадаадын банк орж ирэхэд юу саад болж байна вэ. Монголын эдийн засаг жижигдээд гологдоод байна уу. Монголбанк алтаа хаана цэвэршүүлж байна. Оюутолгой төсөл 20 орчим тонн алтбыг зэснээс ялгаж авдаг гэсэн. Энийг төв банк авах боломж байна уу. ярьж үзсэн үү.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Монгол Улсад өнөөдөр гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар байна. Гадаадын арилжааны банк салбараа нээх эсвэл бие даасан банк байгуулах бол эхлээд төлөөлөгчийн газраа нээдэг. Уг нь бол зургаан төлөөлөгчийн газар байсан. Түүнээс Англи, Нидерланд, Япон улсын гурван банк төлөөлөгчийн газартай байсныгаа хаагаад явсан. Одоо бол Хятадын хоёр, Японы нэг банкны төлөөлөгчийн газар байна. Банкны төлөөлөгчийн газар нээхэд өөрийн хөрөнгийн доод шаардлага тавьдаггүй, бие даасан банкны салбар нээх юм бол бусад банкуудтай ижил шаардлага тавина.
Монголбанк худалдаж авсан алтаа Швейцарьт цэвэршүүлдэг. Жилдээ 17-20 тонн болдог. Цэвэр дүнгээрээ 17 тонн орчим нь алт, мөнгөтэйгээ нийлээд 20 тонныг цвээршүүлдэг. Оюутолгойн хувьд жилдээ гардаг баяжмал дотор нь 300-гаад сая ам.долларын алт хамт гараад Хятадад цэвэршүүлдэг. Тэр утгаараа Монголбанкны зүгээс цэвэршүүлэгдэж байгаа алтыг төв банкинд худалдах, эсвэл эндээс төгрөгийн эх үүсвэрээ аваад тэндээ Монголбанкны нэрээр байршуулах яриа хэлэлцээг хийсэн.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ