"Кимийн мөнгийг угаадаг Хятадын банкуудыг шийтгэх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.11.09-нд нийтлэгдсэн

"Кимийн мөнгийг угаадаг Хятадын банкуудыг шийтгэх хэрэгтэй"

"Кимийн мөнгийг угаадаг Хятадын банкуудыг шийтгэх хэрэгтэй"

Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтын эсрэг АНУ-аас авч буй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээг үр дүнд хүргэхийн тулд Хятадын банкуудыг онилох хэрэгтэй гэж америк дипломатууд, ажиглагчид мэдэгджээ.

АНУ-аас үеийн үед Пёньяныг “шийтгэх”, цөмийн үйл ажиллагааг нь хориглох зорилгоор хориг арга хэмжээ авсаар ирсэн. Гэвч хэзээ ч байгаа оноогүй гэж шүүмжлэгчид үзсэн байна. “Бидэнд бодлогын алдаа гарсан. Энэ бол бүтэн нэг үеийн бодлогын алдаа” гэж америк дипломатч Жозеф ДеТомас хэлэв.

Тэрбээр Хойд Солонгос, Ираны хориг арга хэмжээний хэрэгжилтийг ажиглагчаар Ардчилсан намын Ерөнхийлөгч Билл Клинтон, Барак Обама нарын засаг захиргаанд ажиллаж байжээ. АНУ-ын хориг нь эсрэгээрээ Хойд Солонгосыг хэлэлцээний ширээнээс “хөөснөөс” хэтрээгүй бөгөөд Пёньян энэ он гарсаар баллистик пуужингийн хөтөлбөрөө улам хөгжүүлсэн гэж тэрбээр мэдэгджээ. Улмаар Хойд Солонгосыг эдийн засаг, санхүүгийн хоригоос бултахад тусалж буй гэх шалтгаанаар Хятадын банкуудад арга хэмжээ авахыг Вашингтоны эрх баригчдад санал болгожээ.

Тодруулбал, “Хойд Солонгос улсыг аливаа хориг арга хэмжээг тойрч гарахад нь Хятад туслахыг нь хориглохын тулд Бээжинд дээд зэргээр шахалт үзүүлэх хэрэгтэй. Уг шийдэмгий аргыг Трамп, Байден нарын засаг захиргаа хэрэгжүүлж чадаагүй” гэв. Улмаар үүнд нөлөөлсөн Хятадын томоохон банкуудад хориг арга хэмжээ авах хүчирхэг хувилбарыг тэрбээр онцолж байна.

"Байдены засаг захиргааны хамгийн том бүтэлгүйтэл бол Ким Жон Уны мөнгийг угааж байгаа Хятадын банкуудыг шалгаж, шийтгээгүй явдал юм" гэж  Жозеф ДеТомас мэдэгджээ.

Харин зарим мэргэжилтнүүд түүний эсрэг  санал бодолтой байна.  Тэдний үзэж буйгаар хятад банкууд эсвэл Хятадын асар том санхүүгийн институтийг олон улсын санхүүгийн системээс хасах нь зөвхөн хятадуудад төдийгүй олон улсад  сөрөг үр дагавартай гэж эсэргүүцжээ. Түүнчлэн Хятадын банкуудыг хориглолоо гээд Пёньяны санаа бодлыг өөрчилж чадахгүй гэдгийг ч тэд анхааруулсан байна. Пёньяны холбоотон ОХУ, Хятад улс нь НҮБ болон АНУ-аас Пёньяны эсрэг авсан хоригийг дагаж мөрдөхгүй байгааг Вашингтон хурцаар шүүмжилдэг. Энэ талаар “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл эдгээр хууль бус зэвсгийн хөтөлбөрүүдэд саад болох хатуу хориг арга хэмжээний дэглэм тогтоохын тулд хэд хэдэн тогтоол гаргасан. Бүх гишүүн орнууд эдгээр тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд бид тэднийг хэрэгжүүлэхийг уриалсаар байх болно” гэж АНУ-ын төрийн департментаас мэдэгджээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2006 оноос хойш Пёньяны цөмийн хөтөлбөрийн санхүүжилтийг таслан зогсоохоор хоригтой явж ирсэн. Үүнд,  нүүрс, төмөр, хар тугалга, нэхмэл эдлэл, далайн бүтээгдэхүүний экспортыг хориглох, түүхий тос, боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний импортыг хязгаарлах зэрэг орно.

Гэвч НҮБ-ын шинжээчид Умард Солонгос хориг арга хэмжээнээс зайлсхийж, хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа талаар тогтмол мэдээлдэг.

Хойд Солонгос 2017 онд хийсэн сүүлчийн цөмийн туршилтын дараа Орос, Хятад улс хориг арга хэмжээг чангатгахыг дэмжсэн. Гэхдээ Пхеньян дахин цөмийн туршилт хийвэл НҮБ ямар ч хориг арга хэмжээ авсан тэд хүлээн зөвшөөрч, дагах эсэх нь тодорхойгүй. Ким Жон Уныг цөмийн бөмбөгийн туршилтаа дахин эхлүүлэхгүй байхыг ятгах хөшүүрэг Хятад, Орос хоёрт бий гэж Вашингтон үздэг гэж Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж