Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

ЧОВДРОНГИЙН ДАШДЭМБЭРЭЛ

/1936-2022/

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Малын гавьяат эмч Човдронгийн Дашдэмбэрэл 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ч.Дашдэмбэрэл нь 1936 онд Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт төрж, 1945-1955 онд бага, дунд сургууль, 1955-1960 онд Монгол Улсын Их Сургуульд суралцан малын их эмч мэргэжил, 1970-1972 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцаж улс төрийн дээд боловсрол тус тус эзэмшжээ.

Ч.Дашдэмбэрэл нь 1960 онд Төв аймгийн Баянчандмань сум-нэгдэл, Партизаны САА-н малын эмчээс хөдөлмөрийн гараагаа эхэлж, аймгийн Мал эмнэлгийн газарт халдвартын их эмч, Төв аймаг, Улаанбаатар хотын намын хорооны зааварлагч, 1964-1966 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, 1966 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны хөдөө аж ахуй хариуцсан орлогч дарга, Хөдөө аж ахуйн нэгдлийн Зөвлөлийн дарга, 1974 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга, 1985 онд Хэнтий аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байв.

Ч.Дашдэмбэрэл Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлах чуулганы Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг хүлээн авч, төрийн тамгаар баталгаажуулсан бөгөөд анхны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг Ерөнхийлөгч батламжлах, Төрийн шинэ сүлд, далбааны эх, Төрийн тамгыг залах ёслол зэрэг түүхэн үйл явдлуудад оролцож байлаа.

Ч.Дашдэмбэрэл нь 1992-1996 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн асуудал, төрийн байгууллагуудын эрх зүйн үндэс, үйл ажиллагааны хүрээ, бүтэц, зохион байгуулалттай холбоотой суурь хуулиудыг боловсруулан, хэлэлцэн батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан парламентч юм.

Тэрбээр ХХ зууны хоёрдугаар хагасын төр засгийн болон намын бодлогыг боловсруулахад олон жил идэвх зүтгэлтэй оролцож, МАХН-ын 9 удаагийн Их хуралд төлөөлөгчөөр, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар 5 удаа тус тус сонгогдож байсан бөгөөд МАХН-ын Төв хорооны гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, намын Бага хурлын гишүүнээр удаа дараа сонгогдон тууштай зүтгэл, ажил хэрэгч, зарчимч байр суурийг баримтлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлж, ажилласан Монгол төрийн тулхтай зүтгэлтэн байв.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон болон Монгол Улсын Малын гавьяат эмч, Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнасан юм.

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, зарчимч, төлөв даруу, хүнлэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

У. ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,

Ж.МӨНХБАТ, Н.ЭНХБОЛД, Ж.БАТЖАРГАЛ, Ц.ТУВААН,

Я.СОДБААТАР, Ц.ЖАМБАЛСҮРЭН, Д.МӨНХБААТАР,

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Ж.ГОМБОЖАВ

 

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Малын гавьяат эмч Човдронгийн Дашдэмбэрэлд хүндэтгэл үзүүлэн салах ёс гүйцэтгэх арга хэмжээ 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06:30-08:00 цагийн хооронд Соёлын төв ордонд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж