Одоогоос таван жилийн өмнө Сүхбаатарын талбайн урд хэсэгт 200 машины багтаамжтай авто зогсоолыг нээж байв. Уг зогсоол нь анх иргэдэд үнэгүй үйлчилж байсан ч төлбөртэй болсон. Энэ зогсоол нь хотын төвд байдаг хамгийн том авто зогсоолын нэг. Тэр ч утгаараа авто зогсоолд машинаа байрлуулах олны хөл тасардаггүй.
Жолооч нар зогсоол олохын тулд хамгийн багадаа 5-10 минут зарцуулдаг байна. Ялангуяа төв талбай орчимд замын түгжрэлийн 65 хувийг зогсоол хайгчид үүсгэдэг гэх судалгаа бий.
Зарим жолооч төв талбай орчимд томоохон зогсоол байх нь зөв гэж дэмжиж байсан бол нөгөө хэсэг нь зогсоолд машинаа байрлуулахаар түгжрэл үүсгэж байна гэж бухимдаж байв. Биднийг өчигдөр 15:00 цагийн үед төв талбайн авто зогсоолд очиход ачаалал ихтэй байлаа. Машинаа зогсоолд байрлуулах гэсэн жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг уншуулж орж байсан бол гарч буй жолооч нар төлбөрөө төлж, и-баримт авч харагдав.
Жолооч С.Пүрэвдорж түр ажил хөөцөлдөхөөр төв талбайн зогсоолд машинаа байрлуулжээ. Тэрбээр "Хотын төвд автомашинаа байрлуулах зогсоол олддоггүй. Аргаа бараад төлбөртэй ч хамаагүй зогсоол хайна. Би өнөөдөр төв талбай орчмоор ажил хөөцөлдөхөөр түр машинаа байрлууллаа. Төлбөр нь 2500 төгрөг болсон байна. Цаашдаа ажил хөөцөлдөж байгаа над шиг хүнд зориулаад эхний нэг цаг машинаа төлбөргүй зогсоолд байршуулж байх зохицуулалтыг хийж өгөөсэй" гэв.
Энэ зогсоолд өдөржин машинаа байрлуулсан жолооч Б.Мягмарсүрэн "Хотын төв хэсэгт автомашинаа байрлуулахад хүндрэлтэй, сул зогсоол олдоггүй. Миний хувьд ажилдаа ойрхон төлбөртэй зогсоолд өдөрт 9-10 мянган төгрөг зарцуулдаг. Өдөр бүр энэ төлбөртэй зогсоолоор үйлчлүүлдэг. Авто зогсоолын орлого нийслэлд төвлөрдөг юм уу, хувийн хэвшил нь авдаг юм уу мэдэхгүй юм. Энэ их мөнгийг юунд зарцуулдаг юм бэ гэдгийг ил тод нээлттэй болгомоор байна" гэдгийг хэлсэн юм.
Албан ёсны зөвшөөрөлтэй, төлбөртэй зогсоолын үйлчилгээний үнэ 30 минут хүртэлх хугацаанд 500 төгрөг, нэг цаг нь 1000 төгрөг, нэг цагаас хойш 30 минут хүртэлх хугацаанд 1500, хоёр цагийн төлбөр нь 2000 төгрөг бөгөөд хоёр цагаас дээш хугацаа хэтэрвэл цаг тутамд 3000 төгрөгийн торгуультай. Одоо төр, хувийн хэвшлийн авто зогсоол гэлтгүй нэг үнийн тарифтай болохоор дүрэм журмаа шинэчлэхээр, зогсоолын үнийн саналыг гаргажээ. Тодруулбал,
- Эхний 15 минут үнэгүй
- 1 цаг хүртэл 1000 төгрөг,
- 2 дахь цагт 1500,
- 3 дахь цагт 2000,
- 4 дэх цагт 4500 төгрөг, дөрөв дэх цагаас хойш цаг тутам 4500 төгрөг байх саналыг НИТХ-аас гаргаад буй.
"Хотын төвд автомашины төлбөртэй зогсоол олддог ч өдрийн цагаар төлбөртэй нь ч олддоггүй. Яаралтай ажилтай үед машинаа түр байрлуулахаар ачуулах тохиолдол гарна. Манай ажил төв талбайд ойрхон байдаг учраас энэ зогсоолд ихэвчлэн машинаа байрлуулдаг. Өдрийн цагаар зогсоолд 30-40 минут түгжирч, дугаарлаж ордог. Өнөөдрийн хувьд би таван цаг зогсоолд машинаа тавиад гарах гэж байна. Ер нь өдөрт 8-10 мянган төгрөгийг зогсоолд зарцуулдаг" тухайгаа жолооч Б.Номин хэлж байв.
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын дарга асан С.Амарсайхан олон нийтэд ил болгож, 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан. Захирамжийн дагуу “UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит “Улаанбаатар АЗЗА” ХХК-д хариуцуулсан байна.
Энэ төлбөртэй зогсоолоос олсон орлого нийслэлийн төсөвт бүхлээрээ ордог аж. Өнгөрсөн хугацаанд “UB constraction” компанийн мэдэлд байсан төлбөртэй зогсоолын орлогоос 30 хувь нь нийслэлд төвлөрөх ёстой байсан боловч нэг ч төгрөг Улаанбаатар хотод орж ирээгүй тул гэрээг нь цуцлах үндэслэл болсон гэдгийг албаныхан мэдээлж байсан юм.
АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 74 АВТО ЗОГСООЛООС 2022 ОНД 949 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЖЭЭ
Зөвшөөрөлтэй автомашины зогсоолын орсон орлогын 60 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлдэг бол үлдсэн 40 хувийг тухайн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Албан ёсны зөвшөөрөлтэй 74 авто зогсоолоос 2022 онд 949 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөсөн ч энэ төлөвлөгөөгөө аль хэдийнэ биелүүлчихсэн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Р.Амарсанаа ярив.
Тэрбээр "Нийслэлийн өмчит “Улаанбаатар АЗЗА” ХХК төв талбайн зогсоолыг хариуцаж, манай байгууллагатай гэрээтэй ажилладаг. Нийслэлийн томоохон зогсоолын нэг. Өнгөрсөн 2018 оноос хойш гэрээтэй ажиллаж байгаа" гэв.
АВТО ЗОГСООЛЫГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ ХАРИУЦДАГ БОЛЖЭЭ
Нийслэлийн Замын хөгжлийн газарт өмнө нь авто зогсоолын асуудлыг хариуцдаг байсан бол өнгөрсөн долдугаар сараас Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжүүлжээ. Тус төвөөс нийслэл дэх авто зогсоолын талаар мэдээлэл авах гэсэн боловч төвийн дарга С.Адъяасүрэн "Манай байгууллага зогсоолын ажлыг хариуцаж аваад гурван долоо хоног болж байна. Уг нь долдугаар сард нийслэлийн авто зогсоолын асуудлыг манай төвд хариуцуулах шийдвэр гарсан ч хуулийн дагуу ажлаа хүлээн авах хугацаа нь саяхан дууссан. Одоогоор тоон статистикаа нэгтгэж, хэлэлцүүлсний дараа мэдээлэл өгөх боломжтой" гэдэг хариултыг өглөө.
Хотын жолооч нарын “толгойн өвчин” бол автомашины зогсоол. Тэд замын түгжрэлд цаг алдахаас гадна автомашины зогсоол олох гэж цагаа бардаг. Өглөө ажилдаа ирэх, хоол хүнсээ цуглуулах, тоглолт, үзвэр үзэх гээд алхам тутамдаа энэ асуудалтай нүүр тулдаг. Өндөр шилэн барилга, томоохон зах, худалдааны төвүүд дэргэдээ зогсоолтой байх ч зөвхөн ажилчдынх нь автомашинаар дүүрчихдэг. Тиймээс үйлчлүүлэгчид буюу иргэдийн хувьд төлбөртэй зогсоолд автомашинаа байрлуулах юм уу, ачуулах гэсэн хоёр сонголт л үлдэж байгаа юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН