
Английн санхүү, бизнес, эдийн засгийн алдартай сэтгүүл “Financial Times”-т 20 жилийн турш ажилласан сэтгүүлч Грэхэм Ватс Монголд иржээ. Тэрбээр дэлхийн 17 улс оронд ажиллаж, мэргэжил нэгтнүүддээ туршлагаасаа хуваалцаж ирсэн байна. Тэрбээр Монголд хоёр дахь удаагаа ирж буй бөгөөд энэ удаа Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын урилгаар иржээ. “Financial Times” нь 126 жилийн түүхтэй Англидаа төдийгүй олон улсад нэр хүнд бүхий сэтгүүл бөгөөд өдгөө цахим болон хэвлэмэл хэлбэрээр хоёр сая уншигчтай ажээ. Уг сэтгүүлийн олон арван жилийн турш амжилттай ажилласан ганц нууц нь “Financial Times-т гарсан юм чинь үнэн байж таарна” гэсэн итгэл үнэмшлийг уншигчдадаа төрүүлж чадсан төдийгүй энэхүү зарчмаа алдалгүй явж ирсэнд оршдог гэнэ. Эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг сурвалжлагчдын хувьд тоо баримтад хөтлөгдөн цаад учрыг нь хөөхгүй орхих алдаа байдгийг тэрбээр онцолсон. Жишээ нь АНУ-ын ДНБ Билл Клинтоны үед есөн жилийн турш өсөлттэй гарч байсан ч амьдрал дээр дунд доод давхаргынхны сэтгэл ханамж тун муу байсан гэнэ. Сүүлийн 37 жилийн туршид америкийн дундаж орлоготой өрхийн орлого ердөө 10 хувиар өссөн байхад хүн амын нэг хувийг эзэлдэг дээд давхаргынхны орлого 200 хувиар өссөн байж. Гэтэл сэтгүүлчид өсөн нэмэгдэж буй ДНБ-ын талаар л бичээд байсан байна. 1930-аад оноос хойш тохиолдоогүй санхүүгийн хямралд өртсөн шалтгааныг ч сэтгүүлчид л гаргах учиртай байсан гэж ноён Грэхэм Ватс өгүүлж байлаа.
Д.Цээнэ