“Facebook”-ийн толгой компани “Meta” энэ долоо хоногт олон мянган ажилчнаа цомхотгож магадгүй байна. АНУ-ын хэвлэлд мэдээлснээр цомхотголыг маргааш буюу Лхагва гаригт зарлаж магадгүй. Учир нь “Meta” компанийн гүйцэтгэл гуравдугаар улиралд урам хугармаар дүнтэй гарсан байна. Тиймээс гүйцэтгэх захирал Марк Зукерберг цомхотголын талаар мэдэгджээ. Энэ нь тус компанийн 18 жилийн түүхэн дэх хамгийн том хэмжээтэй цомхотгол болох юм.
“2023 онд бид хөрөнгө оруулалтаа цөөн тооны өсөх боломжтой салбарт төвлөрүүлнэ” гэж тэр хэлжээ. Мөн ирэх жилүүдэд зарим салбарын ашиг багасч, зарим нь онцын өсөлтгүй байна гэж тэр таамаглав.
“Meta” компани нь “Facebook”, “Instagram”, “WhatsApp” зэрэг өөр өөр платформ дээрээ нийт 87 мянга орчим ажилтантай. Зар сурталчилгааг дэмждэг эдгээр платформ нь инфляци, зээлийн хүүгийн өсөлттэй холбоотойгоор төсвөө танах болсон.
Үндсэндээ дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа тул технологийн салбарт ажлын байрны цомхотгол түгээмэл болжээ. Элон Маск “Twitter”-ийг худалдаж авсныхаа дараа тал ажилчнаа цомхотгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн Пүрэв гаригт Цахиурын хөндий дэх “Stripe”, “Lyft” фирмүүд томоохон хэмжээний цомхотгол зарлав. “Amazon” корпораци ч бас шинэ ажилтан авахгүй байхыг оффисууддаа даалгажээ.
“Meta”-ийн хувьд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна метаверс технологид зарцуулах зардал нь асуудал болоод буй. Өрсөлдөөн ихтэй зах зээлд метаверс технологийг хөгжүүлэхийн тулд асар их зардал гарах бөгөөд хөрөнгө оруулалтын ашгаа үзтэл дор хаяж 10 жил зарцуулагдах юм. Тиймээс энэ хугацаанд зардлаа бууруулахын тулд багуудаа дахин зохион байгуулах ёстой болж байна. Тус компани зургадугаар сард шинээр ажилд авах инженерийнхээ тоог 30 хувиар бууруулсан.
Дэлхийн сая сая хүн “Meta”-ийн платформуудыг ямар ч үнэ төлбөргүй ашигладаг. Тиймээс дижитал зар сурталчилгаанд тулгуурлаж компани хөл дээрээ тогтдог гэхэд болно. Асуудлын гол нь энэ мөнгөний дийлэнхийг томоохон брэндүүд бус олон сая жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлдэг аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ