Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Улс төрд "ЯНАГ" ДЭМИЙ!

Улс төрд "ЯНАГ" ДЭМИЙ!

Уг нь, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хэлсэндээ хүрдэг аваас тэдний шударга ёсны үнэлэмж нэг зарчимтай, тэрхүү зарчим нь Төрийн ордны гурван давхар, чуулганы танхим, гүйцэтгэх засаглал, намын цагаан байр, Хэнтийд ч ялгаагүй адилхан үйлчлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, ах дүүс, анд нөхөр, манай танай, нутаг ус, жалга дов гэсэн ангилалтай, алаг цоогтой байвал тэдний шударга ёсны тэмцэл тэгээд үлгэр болно гэсэн үг.

НЭГ.

УИХ-ын дэд даргаар Ц.Даваасүрэнг томилох асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэхээр болсон нь түүний амыг таглах гэсэн арга заль болох нь нэн ойлгомжтой. Ц.Даваасүрэнгээ мэдэх юм болохоороо Ардын намынхан түрдээ “аргалж” байгаа байлгүй.  АН-ын бүлгийн гишүүн Д.Пүрэвдоржийн “албан тушаалыг нь өгөөд амыг нь таглачихаач” гэдэг оргүй зөвлөгөө биш байжээ.   Ингээд засагт сайд болж чадаагүйдээ шаралхсан, хорссон алин болохыг мэдэхгүй ч Сангийн сайдыг онилсон түүний улс төр байгаа оносон бололтой, давхар дээл нөмрөх нь цаг хугацааны асуудал болов.

Нэг намын, нэг бүлгийн хоёр болох  Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нар хэн хэнийгээ дуэльд дуудаж, энэ нь засагтаа төдийгүй намдаа багагүй гал дуудав. Ц.Даваасүрэнгийн хэлсэн,  Б.Жавхлан үнэхээр Хөгжлийн банк, төрийн сангуудыг тоносон, луйварчин мөн  хуулийн биш гэхнээ ядаж ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Харин Б.Жавхлангийн дэлгэсэн Ц.Даваасүрэн арьс ширний ченж болсон эсэхийг тэдний үгээр биш хуулийнхны мөрдлөг, шалгалтаар тодорхой болгох хэрэгтэй.  Хэрэвзээ, манай хуулийнхан ажлаа хэн нэгнээс  хараат бусаар хийдэг бол УИХ-ын чуулганы танхимд "илчилсэн" хэн хэнийх нь хэргийг мөрдөн шалгах ёстой.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд чуулганы хуралдаан дээр хэлсэн үгээ хуулиар нотлуулаад ирэхийг тэднээсм шаардах нь хувь хүндээ, том улс төрдөө хэрэгтэй юм. Ядаж  хэн нь хулгайч, хэн нь гүтгэгч болох нь олон нийтэд ойлгомжтой болно.  Б.Жавхлан танил талаараа дамжуулан "Чингис хаан" банкинд Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад алга болгосон нь хууль шүүхээр нотлогдох юм бол гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Л.Оюун-Эрдэнийн түүнтэй Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх бий. Ц.Даваасүрэн Хөвсгөлийн Засаг дарга байсан залууг Дарханы арьс ширний үйлдвэрийн захирлаар нь тавьж, дампууруулаад зогсохгүй 160 сая еврогоос 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргуулах гээд шантааж хийж байгаа" нь тогтоогдвол намын даргын хувиар ёс зүйн хариуцлага тооцох учиртай. МАН-ын  шинэ дүрэм авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдсон хүнийг намаасаа хөөхөөр тусгасан байгаа.

Нөгөө талаар, Ц.Даваасүрэнгийн амыг албан тушаалаар таглалаа гээд тэр цаашдаа шантааж хийхээ зогсооно гэсэн үг бүр биш. Ашиг сонирхол нь ахиад зөрчигдвөл намаа, засгаа “сүрдүүлэх” нь түүний мэргэшсэн, гаршсан ажил нь гэхэд буруудахгүй.  Харин МАН яагаад түүнийг  “Алсын газраас тоос татуулан ирэх туурай нь, алтан улиасыг нь хуга мөргөх эвэр”-тэй гэж харсан нь хамгийн гол зүйл нь юм.  Цаашдаа Ардын намынхан энэ мэт айлгасан, сүрдүүлсэн, шантаажилсан болгоны амыг албан тушаалаар “хаагаад” байх юм аваас   анд нөхдийнхөө, авлига албан тушаалын хэрэгтэй тэмцэж чадахгүй гэсэн үг.

ХОЁР.

Ёс зүйн код, албан тушаалын хариуцлага Л.Оюун-Эрдэнийн танхимд нэг зарчмаар үйлчилдэг бол Д.Сарангэрэлийн адил сайдын суудлаасаа огцрох хүн нэгээр тогтохгүй бий. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хэлсэн “Цэргүүд өөрсдөө амиа хорлох нь нь их байна” гэх тайлбар эгдүүцэл төрмөөр, эрх мэдэлтэй нь хариуцлага тооцмоор үг мөн.  Эмэгтэй хүний үг, үйлдэл илүү тод харагддаг нийгэм болохоор  Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ нарыг олон нийт боорлож, реакцилж байгаа болохоос эрчүүдийн хувьд энэнээс илүү амны алдаа гаргах нь олонтаа. Энд манай нийгэм өөрөө ч буруутай. Улс төрд яваа эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү  дарамт, шахалт дунд ажилладаг нь худлаа биш.

Нөгөөтэйгүүр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмнө хэлсэнчлэн “Д.Сарангэрэлийн үг Үндсэн хууль зөрчиж, иргэдээ нийгмийн гарал, амьдралын мөн чанар, ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл” мөн бол энэ шаардлага  засгийн танхим, МАН-ын цагаан байранд нэг зарчимтай үйлчлэх ёстой.  Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнэ ялгаагүй Үндсэн хууль зөрчиж, иргэдээ сурсан газар, эзэмшсэн боловсролоор нь ялгаварлан гадуурхсан.

Д.Сарангэрэл, Г.Сайханбаяр, Б.Болор-Эрдэнэ нарт Д.Амарбаясгалангийн ярьдаг зарчим гурван өөрөөр үйлчлэх юм бол Ардын нам анд нөхдийнхөө хулгай, луйвартай адилхан тэмцэж чадахгүй. Аль аль нь амны алдаа гаргасан уу, гаргасан. Ёс зүйн хувьд адилхан "шийтгэл" хүлээх үйлдэл мөн үү, мөн. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн танхимд хоёр өөр зарчим, хоёр өөр “стандарт” үйлчилж болохгүй гэсэн үг.

ГУРАВ.

Улс төрд “янаг” сэтгэл гай ч болж мэднэ.  Үндсэндээ, сүүлийн үеийн засгийн томилгоог харахад У.Хүрэлсүх МАН-аас явсан ч МАН түүнээс яваагүй болох нь нэн ойлгомжтой байна.  Хэнтийнх тэр тусмаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ойр дотно “бор халзан” хонь ч албан тушаалд очиж буйбараг бичигдээгүй хууль шахуу болчихлоо.

Хэн ч төрсөн нутаг, төгссөн сургууль, аав, ээж, анд нөхдөө гэх нь  хүний ёс. Гэхдээ хүний ёсноос чухал нь төрийн ёс.  Тэр нь хэн ч байсан, Хэнтийнх байлаа ч гэсэн Төрийн тэргүүн төрийн ёсоо хүндэтгэж дээдлэх ёстой.  Төрийн ёс гэдэг нь товчхоноо хууль, дүрмээ сахих тухай яриа юм. Тэр тусмаа аувь хүний биш хуулийн засаглалыг бэхжүүлэх тухай амлаж гарч ирсний хувьд.

Гэтэл Төрийн тэргүүн нь төрсөн зээ дүүгээ ЗХШТ-ын даргаар томилсон нь тохиолдол гэхэд хэцүү.  Хэчнээн чадварлаг боловсон хүчин байлаа ч энэ томилгоо эцсийн эцэст Төрийн тэргүүнд эсрэг оноо болж очно, эрх ашигтай болж харагдана.

Өнөөдрийн хууль, хүчний удирдлагуудын дийлэнх нь Хэнтийн угшигтай байх тусмаа У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хожмын улстөрд муу.  Төрийн албыг төрлийн алба болгох нь тэдний том зорилгод тохирохгүй.

Тэгээд Төрийн гурван өндөрлөг нь өөрсдөө Үндсэн хуулиа зөрчин хэн хаана төрсөн, төгссөнөөр нь ялгаварлан гадуурхах юм бол иргэд нь хэндээ итгэж, төрдөө хэрхэн найдах билээ.   Эцсийн эцэст Хэнтийд төрөөгүйхнээ төлөө хохирч болохгүй байлтай.  Дээрээ жалга довоороо ялгарах юм бол доороо жалга довны хэрүүл тэмцэл дуусахгүй. Ийм ч учраас  хүний хаана төрсөн, хаана төгссөнөөр нь ялгаварлахгүй байхыг Үндсэн хуульд хүртэл суулгаад өгчихсөн юм.

Тиймээс  улс төрд хол явъя гэвэл ураг төрлөөсөө хол бай.  Тэр тусмаа том зорилготой, том амбицтай яваа бол  явцуухан бодлоосоо,  ядаж жалга  үзлээсээ салах хэрэгтэй. Учир нь, Монголын төрд хоёр нүүр, хоёр ам, хоёр зарчим байх ёсгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж