Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Алтанзулаас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолыг цуцалсан эсэх талаар тодрууллаа.
-Эрчим хүчний яамнаас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон 62 дугаар тогтоолыг өөрчлөх хүсэлтийг ирүүлсэн гэж үнэн үү?
-Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолд тусгасан. Энэ тогтоол өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээрээ байна. Уг тогтоолд 2022 оны долдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж, 223 дугаар тогтоол нэмж гарсан. Нэмэлт тогтоолоор Налайх дүүргийн иргэдийг түүхий нүүрс түлэхийг хориглосонтой холбоотойгоор нийслэлд байгаа нам даралтын зуухууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, баяжуулсан нүүрс хэрэглэхээр болсон. Тэгэхээр энэ тогтоол хүчинтэй хэвээр байгаа гэсэн үг.
Засгийн газрын шийдвэрийн дагуу ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцыг түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн. Энэ хүрээндээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бол бусад нам даралтын зуухтай аж ахуйн нэгж, гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэхгүй.
Бид өнгөрсөн гуравдугаар сараас хойш нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрлөө авдаг 70 объектын 20 аж ахуй нэгжийн 182 нам даралтын зуухны үйл ажиллагааг шалгасан. Бид эдгээр аж ахуйн нэгжүүдэд яндандаа утаа шүүгч тавих, угаарын хийн мэдрэгч байршуул, баяжуулсан нүүрсээ хадгалах битүү агуулах барих, үнсээ хадгалах битүү савтай байх шаардлагыг тавьсан. Харамсалтай нь энэ шаардлагын нэгийг ч биелүүлээгүй байна. Тэгсэн мөртлөө түүхий нүүрс түлэх шаардлагаа тавьж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ шаардлагаа огт биелүүлээгүй. Хамгийн дорвитой ажилладаг нь уур үйлдвэрлэдэг 68 аж ахуйн нэгжийн 88 нам даралтын зуух. Холбооны зүгээс маш сайн ажилладаг. Харин дулаан үйлдвэрлэдэг 20 аж ахуйн нэгжийн 182 зуух шаардлагыг биелүүлээгүй.
-Нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзсан ч утаа эрс буурахгүй байна гэдгийг хэлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол хэр байна вэ?
-Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид зайлшгүй өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн. Бид өнгөрсөн жил хатаалттай холбоотой гарсан доголдлыг сайжруулах үүднээс Үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал зөвлөмжийг "Тавантолгой" түлш компанид хүргүүлсэн. Энэ дагуу технологийг өөрчлөлтийг хийж, түлшний чанар сайжирч байгаа. Мөн сайжруулсан шахмал түлшийн чийглэгийн стандартыг зургаан хувь байхаар тогтоосон. Цаашдаа бид чийглэгийг дөрвөөс ихгүй хувьтай байх шаардлагыг тавьж буй. Иргэд шахмал түлшээ битүү сав, амбаарт хадгалж чадахгүй, гадаа задгай хадгалдаг. Чийг авсан түлш асахдаа уугих нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар 3.2 хувийн чийглэгтэй үйлдвэрээс гарч байна.
Мөн гэр хорооллын айлуудыг "хайрцагласан" байдлаар буюу хороо, хэсэг, гудамжаар нь ангилж, төр захиргааны ажилтнууд хяналт тавьж ажиллана. Иргэд галлагаа хийхдээ эхлээд модоо асаагаад, шахмал түлшээ хийж байна.
Гэтэл стандарт зууханд шахмал түлшээ хийчихээд, бага хэмжээний мод тарьж асаах боломжтой. Ингэснээр шаталт хурдан явагдаж, уугихгүй. Бас нийслэлийн Налайх дүүргийн 7628 айл өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийг суурилуулж буй. Энэ нь угаарын хийн хордлогоос иргэдийг шууд хамгаална. Төвийн зургаан дүүргийн 63 мянган өрхөд энэ угаарын хийн мэдрэгчийг суурилуулчихсан байгаа. Энэ хяналтын системийг бид өнгөрсөн жил бүрэн ажиллагаанд оруулсан. Иргэдийн хэлж заншсанаар Чингэлтэй дүүргийн 32-ын тойрогт Хяналтын төв байрлаж, 24 цагаар жижүүрлэн ажилладаг. Тухайн цэг дээрх нэг айлд угаарын хийн мэдрэгч дугарвал албаныхан утсаар холбогдож, дуудлагын дагуу ажиллах юм.
-Угаарын хийн мэдрэгчийн загварыг шинэчилсэн гэсэн. Хэдэн төгрөгийн төсвөөр энэ ажлыг хийсэн бэ?
-Иргэдэд өмнө нь дугуй хэлбэртэй, угаарын хий ихэсвэл дохио дугардаг байсан. Одоо тэр мэдээллийг шинэ технологийн тусламжтайгаар хяналтын системтэй холбосон гэсэн үг. Хяналтын төвд том дэлгэцэн дээр угаарын хийн мэдрэгч суурилуулсан айл өрхүүдийг хянаж байгаа. Хэрвээ дохио дугарвал тухайн айл руу холбогдож, албаны хүмүүс рүү мэдээлнэ. Хуучин мэдрэгч тараасан айлуудад дамжуулагч төхөөрөмжийг давхар суулгасан. Налайхын айл өрхүүдэд монгол иненерүүдийн бүтээсэн жижигхэн дөрвөлжин хэлбэртэй угаарын хий мэдрэгчийг суурилуулж байгаа.
Энэ жил 7628 айлд 800 орчим сая төгрөгийн угаарын хий мэдрэгчийг суурилуулсан. Бүтээсэн компанийн нэрийг хэлэх боломжгүй байна. Өмнө нь "Тавантолгой" түлш компанитай энэ чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагата компани.
Холбоотой мэдээ