Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөө жил арваннэгдүгээр сарын 24-нд тохиож байгаа аж. Энэ өдөр бүх нийтээр амарна. Бүх нийтийн амралтын өдөр нь Пүрэв гаригт таарч буй юм.
Мөн өнөө жил Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байгаа тул Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдуулж, хүндэтгэлийн концерт зохион байгуулахаар төлөвлөжээ. Хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар үг хэлэх юм байна.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөр тохиодог. Энэ өдөр мөн бүх нийтээр амрахаар УИХ-аар хуульчлан баталгаажуулсан ч өнөө жил амралтын өдөр буюу бямба гаригт таарч байгаа юм.
Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2010 онд ажлын хэсэг гаргаж, судлаач эрдэмтдээр Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсны болгож баталгаажуулсан. Тус ажлын хэсэгт академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн орж ажиллан, Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдогт төрсөн гэж албан ёсоор тогтсон байдаг. Ингээд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг 2012 оноос тэмдэглэж ирсэн. Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн жил бүр өөр өөр өдөр тохиодог. Тодруулбал, 2012 онд арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байсан бол 2013 онд арваннэгдүгээр сарын 4-нд, 2014 онд арваннэгдүгээр сарын 23-нд тохиожээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ