Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн асуудал олны анхаарлын төвд байна. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд түүнтэй холбоотой бичлэг цахим ертөнцөд тарж, ОХУ-д сургууль төгссөн ахмад үеийнхнийг ялгаварласан нь Үндсэн хууль зөрчсөн зэрэг шүүмжлэл явсан билээ. Үүнээс улбаалан түүнийг ажлаа хүлээлгэн өгсөн гэх худал ташаа мэдээлэл гарсан юм.
Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэл Б.Болор-Эрдэнийг өмөөрч, "улны айл" гэх асуудалдаа мөн тайлбар хийжээ. Тэрбээр “Хэдэн өдөр Цахим хөгжлийн дэд сайд эмэгтэйг сошиалаар урж тасдах шахаж байна. Эмэгтэй хүнд эр бяраа гаргадаг цаг иржээ. Н.Соронзон захирал, н.Энхцэцэг эмч ч золиос болсон. Сайдын суудалд эргэж очих гэж энэ далимаар үг хэлж байгаа зүйл огт байхгүй. Энэ болоод өнгөрсөн асуудал. Би албан тушаалд үхэн хатдаг өчүүхэн амьтан биш. Сайдаар ажиллах саналыг Ерөнхий сайдууд маань надад тавьж байсан.
Харин 2008 оноос хойш улаан шугам татаж, орлогоороо зурааснаас доогуур байгааг нь "улны айл" гэж яам нь, статистикийн газар нь нэрлэсээр ирснийг эсэргүүцэж, улны айл, зорилтот бүлэг гэх мэт янз бүрээр нэрлэхээ больж, ядуурлаас гаргах бодит үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлснийхээ төлөө ажлаа өгсөн анхны хүн. Харамсалтай нь миний хэлсэн үгийг тогтож сонссон бас ойлгосон хүн үгүй. Сошиалд хөтлөгдсөн. Харин Ж.Сүхбаатар сайд "Та " улны айл " гэдгийг эсэргүүцсэн юм байна лээ шүү дээ гэж л хэлсэн . Дотроо хэрэглэдэг бүр цаасан дээр буулгаж ашигладаг энэ үгээ бүгд нуудаг байсныг ил гаргаснаараа би буруудсан. Сэтгүүлч хүн , тэр дундаа тангараг өргөсөн түшээ ийм зүйлийг нууж таарахгүй. Ер нь бодит байдлаа мэдэхгүйгээр бодлого, төлөвлөгөө гаргаж ажиллах боломжгүй. Тиймээс бид 30 жил ядууралтай тэмцэнэ гэж хоосон лоозогнож үр дүнд хүрээгүйн эмгэнэлийн учир энэ. Бүс нутагтаа ядуурлаа хамгийн бага бууруулсан орноор манай улс одоо нэрлэгдээд байна. 14 жил анхан, дунд шатны ажилтнууд нь ядуурал гамшгийн хэмжээнд очиж, шинэ нэр томъёо гаргах хэмжээнд хүртэл доройтсоныг мэдэхгүй , ойшоохгүй, ажлынхаа гүн рүү орохгүй дээгүүр дэвж, дүр эсгэсээр хугацаагаа дуусгасан сайд нар ч байна. Үнэнийг илчилж, ядууралтай бодитоор тэмцэж, үе шаттай үр дүнд хүрэхээр 6 зорилт тавьж танилцуулсан маань олон хүний ашиг сонирхлыг хөндсөн бололтой юм билээ" гэлээ.
Холбоотой мэдээ