Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2018 онд Өмнөдийн ерөнхийлөгч асан Мүн Жэ Инд хос нохой бэлэглэж байсан. Тодруулбал, Ким Жон Ун 2018 оны есдүгээр сард Пёньянд болсон гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын дараа Пунсан үүлдрийн хос нохой болох Сонканг /эр/, Гоми /эм/ нарыг Мүн рүү илгээжээ.
Мүн тэдгээр нохойг гөлөгтэй нь хамт буцааж өгөх хүсэлтэй байгаагаа өчигдөр /2022.11.07/ мэдэгдлээ. Тэр энэ оны тавдугаар сард албан тушаалаас буусныхаа дараа хоёр нохой, нэг гөлөгөө Янсан дахь хувийн байшин руугаа авч явсан. Янсан нь Сөүлээс 420 км зайд байдаг.
Ерөнхийлөгчийн албан тушаалын тухай хуулийн дагуу нохдыг ерөнхийлөгчийн архивт буцааж өгөх ёстой байв. Харин Ерөнхийлөгчийн архивын газар нохдын сайн сайхны төлөө Мүн Жэ Инд гурван нохойг даатгах гэрээ байгуулжээ. Гэрээнд нохойг үржүүлэх, тэжээхэд шаардагдах хангамж, зардлыг төсөвт багтаан гаргахаар тусгасан. Гурван нохойг өсгөх зардал сард 2.5 сая вон болдог. Гэвч Мүний тал гурван нохойны асрамжийг төрд хүлээлгэн өгөх бодолтой байгаагаа илэрхийлэв. Хэвлэлд мэдээлснээр, гүйцэтгэх захирамжийг шинэчлэх талаар тохиролцоонд хүрсэн ч Ерөнхийлөгчийн тамгын газраас тайлбаргүй эсэргүүцэлтэй тул нохдыг шилжүүлэх асуудлыг засгийн газрын хуралдаанд оруулаагүй бололтой.
Пунсан үүлдрийн нохой нь уулархаг хойд нутгаас гаралтай. Тэд авхаалж самбаатай, ухаантай, араатанд догшин зантай боловч эзэндээ ээлтэй, үнэнч гэдгээрээ алдартай.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ