Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

76:1
До яамны хуульч

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын 17-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Лхагвын Мөнхбаатарыг онцолж байна.


УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн яамны хуульч гэж хэлж болно. Учир нь, тэрбээр МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөнгүүтээ тус яаманд мэргэжилтэн болж, ажлын карьераа эхлүүлсэн байдаг. Гэхдээ татах хүч байсангүй юу эсвэл туршлага хуримтлуулах нь хожим хэрэг болно гэж үзсэнийх үү, яамандаа арав орчим жил болж байж буурь сэлгэсэн юм. Түүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг удирдах боломж олгосон хүн нь Ерөнхий сайд асан С.Баяр.  Гэхдээ тэр их улс төр рүү хөл тавихын тулд тус агентлагийг ердөө хоёр жил удирдсан юм. Харин 2012 оны УИХ-ын сонгууль түүний хувьд хатуу бууж, ялагдал хүлээсэн. Гэвч бууж өгсөнгүй, дөрвөн жил Хөвсгөл аймагт ажиллан, тойрог усалснаар 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд дараалан ялалт байгуулсан байдаг.

УИХ дахь МАН-ын бүлэгт хуульч, эрх зүйч мэргэжилтэй гишүүд олон ч Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар хоёрыг илүү мэргэшсэн, зарчимтай гэж үздэг нь яаманд хууль боловсруулах ажилд илүү нухлуулсантай нь холбоотой болов уу. Тэрбээр одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороог удирдаж байна.

Тус байнгын хороог удирдаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон тул олонхийн бүлэг УИХ-ын хамгийн чухал байнгын хороог түүнд даатгаад буй. Шинэ дарга ажлаа хүлээн авсанаас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт тус, тус ажиллаад байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлэгт сэдэв бүр рүү мэдэхгүй ч мэддэг хүн шиг орж ярин, томордог гишүүд олон бий. Харин Л.Мөнхбаатар гишүүн хууль эрх зүйтэй холбоотой асуудалд л дуу гаргана, бусад үед ам ангайхгүй. Газар хөдөлж байсан ч чимээгүй л байх хүн гэж ярьдаг нь ийм учиртай.

Тэрбээр Улсын бүртгэлийн ерөнхий газрыг удирдаж байхад эхлүүлсэн ажил нь одоо ч бүрэн цэгцрээгүйд бухимддаг. Тодруулбал, иргэний цахим үнэмлэх түүнийг тус агентлагийг удирдаж байх үед нэвтэрсэн. Цахим үнэмлэхэд хувь хүний олон мэдээлэл агуулагддаг ч төрийн үйлчилгээ авахаар ханддаг иргэдээс төрийн байгууллагууд тэрхүү мэдээллийг нь дахин цаас хэлбэрээр авчирч үзүүлэхийг шаардаж, хүндрэл учруулдагийг явдал суудалгүй шийдэх хэрэгтэй гэж үздэг нэгэн. Ямар ч байсан энэ яриа нь өнгөрсөн дөрвөн жилийн турш асуудал болсны эцэст УИХ-ын төвшинд Цахим бодлогын байнгын хороо, мөн Засгийн газар Цахим яамтай болж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг илүү ухаалаг, ил тод нээлттэй, чирэгдэлгүй болгох чиглэлд ажиллаад байна.

Тэрбээр хууль тогтоох дээд байгууллагад хөвсгөлчүүдийг төлөөлөн ажиллах хугацаандаа олон хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулснаас хамгийн сүүлийнх нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл юм.

Энэ хууль нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс болон яаралтай бэлэн мөнгө хэрэг болсон зээлдэгч хүнийхээ эрх ашгийг хамгаалсан хууль юм. Тухайлбал, барьцааны зүйлийг зах зээлийн үнээс хямд худалдан борлуулж иргэдийг хохироодог байсан асуудлыг цэгцэлсний зэрэгцээ барьцааны зүйлийг худалдан борлуулах эрх зүйн орчинг тодорхой болгосон.

Мөн өдрийн зээл нэрээр иргэдэд өндөр хүүтэй мөнгө зээлдүүлдэг асуудлыг ч журамласан. Тодруулбал, мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах этгээд заавал бүртгүүлдэг болсон бөгөөд бүртгэлгүй байнга ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдээд байна

Тэрбээр “Хотгойдын Чингүнжав”, “Хөвсгөл хөгжил” сан, “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийг удирддаг.

Л.МӨНХБААТАРЫН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль
  • 1999 онд Монгол Улсын их сургууль Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр
  • 2008 онд Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр
  • 2012 оноос Монгол улсын их сургуулийн Төгсөлтийн дараахь сургууль, Хууль зүйн ухааны докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
  • 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
  • 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч
  • 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч
  • 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх
  • 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж