НЭМЭЛТ:11.40 цаг
Удирдах зөвлөлийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Намын II Бага хурлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдуулахаар тогтжээ. Мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаар олон улсын хуралдаанд оролцох намын төлөөллийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.
УЗ: БАГА ХУРЛЫН ТОВ ТОГТООНО
НЭМЭЛТ:
МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын томилгоо болон намын Бага хурлаа товлохоор болжээ. Тодруулбал, МАН-ын Бага хурал товлож, Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлосон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор намын Ерөнхий нарийн бичгийн даргыг нам дотор тохироо эцэслээгүй байгаа ч Бага хурлаа товлоод, тохиролцоогоо үргэлжлүүлэхээр болжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Ерөнхийлөгчийн зүгээс Я.Содбаатарыг санал болгож байгаа бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын зүгээс залуу хүн томилох саналтай байгаа учраас эцэслэн тохироогүй байна.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон учраас түүний орны хүнийг томилох талаар мөн Удирдах зөвлөл хэлэлцэх юм байна. УИХ-ын дэд дарга УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл нарын нэрс яригдаж байгаа юм.
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.11.08/ 11.00 цагт хуралдахаар товложээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар юу хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч албан бус мэдээллээр зарим сайд нарын асуудлыг хэлэлцэж магадгүй гэнэ. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, Боомт хариуцсан сайдыг томилоогүй, мөн зарим сайд нарыг хуучнаар нь үлдээсэн ч солих асуудал улс төрийн хүрээнд яригдаад буй. Тэгвэл энэ удаад Удирдах зөвлөл зарим сайдын томилгооны асуудал яригдаж магадгүй байна.
Холбоотой мэдээ