Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн саруудад технологийн томоохон компаниудын ашиг орлого буурч буй. Үүнтэй холбоотойгоор “Microsoft”, “Meta”, “Tesla”, “Apple”, “Netflix” зэрэг компаниуд тодорхойгүй хугацаанд шинээр ажилчин авахгүй байх бодлого баримталж, ажилчдынхаа тоог бууруулж, улмаар удирдлагын болон маркетингийн зардлаа танах арга хэмжээнүүд авч хэргэжүүлж байна.
Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа дэлхийд алдартай томоохон компаниудын хүний нөөцийн бодлого, бүтцийн өөрчлөлтийн мэдээллийг онцоллоо.
“Wall Street Journal” өнгөрсөн Ням гаригт мэдээлэхдээ, фэйсбүүкийн толгой компани “Meta Platforms (META)” энэ долоо хоногт зарим ажилчдаа халахаар бэлдэж байгааг онцлов. META өнөөдөр (2022.11.08) энэхүү шийдвэрээ албан ёсоор олонд танилцуулах төлөвтэй байгаа аж. Хэвлэлд мэдээлснээр, META-гийн борлуулалт удааширсны улмаас ийнхүү ажилчдаа цомхотгоход хүрчээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, өдгөө 87 мянга гаруй ажилтантай МЕТА-гийн энэхүү цомхотгол нь өнгөрсөн Баасан гаригт “Twitter”-ийн гаргасан цомхтголоос давж, технологийн компанийн энэ онд хийсэн хамгийн том цомхотгол буюу МЕТА-гийн түүхэн дэх анхны бүтцийн өөрчлөлт болж магадгүй аж.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг "Хөрөнгө оруулалтаа цөөн тооны тэргүүлэх ач холбогдол бүхий өсөлтийн салбарт төвлөрүүлнэ" гэж мэдэгджээ.
“Twitter” компанийг авсныхаа дараа Элон Маск өнгөрсөн долоо хоногт ажилчдын 50 хүртэлх хувийг цомхтгож буйгаа зарласан. Тэрбээр тус компанийн удирдлагуудыг хэдийнэ сольж, гүйцэтгэх захирал, санхүү, хуулийн удирдах ажилтнуудыг ажлаас нь халсан байна. Түүнээс гадна зарим ажилтан, тэр дундаа компанийн зар сурталчилгаа, маркетинг, хүний нөөцийн хэлтсийн дарга нарыг ч өнгөрсөн долоо хоногт явуулжээ. Маск “Twitter”-ийн эзэн болсон эхний долоо хоногт эмх замбараагүй, тодорхойгүй байдал бий болсныг хэвлэлүүд онцлов.
Элон Маск зардлаа эрчимтэй бууруулахыг шаардаж, “Twitter”-ийн багуудад дэд бүтцийн зардлаас жилд 1 тэрбум ам.долларын хэмнэлт гаргахыг даалгажээ.
Хэвлэлүүдэд мэдээлснээр, тус компани цомхотголд өртсөн хэд хэдэн ажилтантай дахин холбогдож, эргэж ирэхийг хүсчээ. Тэдний заримыг нь андуурч ажлаас халсан гэж хэлсэн байна. Заримых нь ур чадвар, ажлын туршлага Элон Маскийн төсөөлж буй шинэ боломжуудыг бий болгоход шаардлагатай байж магадгүйг удирдлагууд хожуу ойлгосон бололтой.
Элон Маск өмнө нь “Tesla” компанийн нийт ажилтны 10 хувийг цомхтгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байв. Tус компанийн хувьд борлуулалт нэмэгдэхийн хэрээр ажилтны тоог нэмж, өнгөрсөн жилийн эцэс гэхэд 99,000 ажилтантай болжээ. Гэвч Элон компанийн зарим алба хэтэрхий олон ажилтантай, зах зээлийн ирээдүй маш бүрхэг байна хэмээн үзсэний үр дүнд уг шийдвэрийг гаргасан аж.
“Amazon” компанийн хувьд шинээр ажилтан авахгүй бөгөөд нийт ажилчныхаа 13 хувийг дахин цомхтгоно гэж мэдээлэв. Тус компанийн Хүний нөөцийн албаны дарга Бет Галетти эдийн засгийн төлөв байдал сайнгүй байгаатай холбоотойгоор арваннэгдүгээр сарын эхний долоо хоногоос эхлэн шинэ ажилчид авахаа түр зогсоож буйгаа мэдэгдсэн байна.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор энэ сарын 2-ны өдөр “Amazon” компанийн хувьцааны ханш 3.06 хувиар унажээ.
“Apple” компани бодлогын хүүгийн өсөлт болон хэрэглэгчдийн эрэлт буурсантай холбоотойгоор хүний нөөцийн бодлогоо түр хойшлуулсан технологийн томоохон компаниудын эгнээнд нэгдэв. Тус компани судалгаа болон хөгжүүлэлтээс бусад хэлтэст ажилтан шинээр авахаа түр зогсоожээ. Энэхүү шийдвэр нь тус компанийн ирэх жилээс хэрэгжүүлэх зардлаа танах бодлогын эхлэл гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт болон урт хугацааны төсөл дээр ажиллаж буй багуудад дээрх шийдвэр хамаарахгүй боловч бизнесийн зарим үйл ажиллагаа, энгийн тоног, төхөөрөмжийн болон программ хангамжийн инженерүүдэд голлон нөлөөлөх аж.
Хэдийгээр энэ онд тус компани салбарын бусад томоохон компаниудаас харьцангуй сайн үзүүлэлттэй байгаа ч ухаалаг гар утас болон компьютер үйлдвэрлэлийн нийтлэг асуудлуудтай нүүр тулсан хэвээр байна. Ирэх онд ажлын байраа танаж, зарим хэлтсийн боловсон хүчний зардлын өсөлтийг бууруулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү төлөвлөгөөний талаар “Bloomberg News” өнгөрсөн долдугаар сард мэдээлж байв.
Бүсээ чангалах бодлогынхоо хүрээнд “Apple” наймдугаар сард 100 гаруй гэрээт ажил зуучлагчтай хийсэн гэрээгээ цуцалжээ.
Гэхдээ тус компани судалгаа хөгжүүлэлтийн салбарын зардлаа танахгүйгээ мэдэгдсэн. Энэхүү хэлтсийн зардал 2022 онд 20 хувиар өссөн бол 2021 онд 17 хувиар өсчээ. Тус хэлтэс өдгөө виртуал бодит байдлын технологиуд болон өөрийн удирдлагатай тээврийн хэрэгслийн төслүүд дээр ажиллаж байгаа аж.
“Apple”-ийн судалгаа болон хөгжүүлэлтийн албаны зардлын өсөлтийн дийлэнх хэсгийг боловсон хүчний зардал болон инженерчлэлийн программ хангамжийн зардал эзэлж буй юм байна. Тус компанийн үйл ажиллагааны нийт зардал тайлант хугацаанд 17 хувиар өсчээ. "Apple”-ийн хувьцааны ханш он гарснаас хойш 22 хувиар буурсан байна.
Монгол Улсын хувьд ч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас аж ахуйн нэгжүүд цомхтгол хийж, зарим нь үүд хаалгаа барихад хүрсэн. Хөдөлмөрийн зах зээлийн идэвх суларч, ажилгүйдлийн түвшин өссөнөөр ажилгүйдлийн тэтгэмжийн зардал өсөв. 2022 оны наймдугаар сард 2644 хүнд 5.8 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгож, тэтгэмж авсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсч, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгөн дүн 58.7 хувь нэмэгджээ.
МҮХАҮТ-аас өнгөрсөн есдүгээр сард 1073 бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжээс авсан судалгаагаар цар тахлын өмнөх үетэй харьцуулахад аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн 49 хувь нь ажилтны тоогоо цөөлсөн бол 43 хувь нь өөрчлөлт оруулаагүй, 8 хувь нь ажилтны тоог нэмсэн байна.
Түүнчлэн шаардагдах мэргэжлийн ажиллагсад байгаа эсэхийг тодруулахад 58 хувь нь хангалтгүй, 36 хувь нь хангалттай байна гэжээ. Мэргэжлийн ажиллах хүч бизнесийн аль салбарт илүү дутагдаж байгааг салбараар нарийвчлан авч үзвэл, гадаад худалдаа, аялал жуулчлал, хүнсний боловсруулах үйлдвэрлэл, тээврийн салбар тэргүүлж буй аж.
Эх сурвалж: МҮХАҮТ, REUTERS, BLOOMBERG, HILL
Холбоотой мэдээ