“Өрх толгойлсон ч 3 хүүхдийнхээ төлөө халамж гуйхгүй, зүтгэж явна”

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

“Өрх толгойлсон ч 3 хүүхдийнхээ төлөө халамж гуйхгүй, зүтгэж явна”

“Өрх толгойлсон ч 3 хүүхдийнхээ төлөө халамж гуйхгүй, зүтгэж явна”

Ш.Ганбат “Хүчит шонхор” захад ачаа зөөдөг ажилтай. Тэрбээр гурван хүүхдийн аав, өрх толгойлсон эр. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг.  Хүүхдүүд нь 3-9 дүгээр ангид сурдаг агаад Ш.Ганбат өглөө болгон 08:00 цагаас хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд өөрөө ажилдаа явж, 20:00-21:00 цагийн үед харьдаг байна.

Өрх толгойлоод таван жилийн нүүр үзэж байгаа түүнд халамж авч зүгээр суухаас илүү ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдүүдээ гэдэс цатгалан, өмсөх хувцастай, идэх хоолоор дутаахгүй, үеийн хүүхдүүдтэйгээ адилхан аз жаргалаар дүүрэн байлгахыг хүсдгээ ч нуусангүй. Үүнийг нь ч ажилладаг захын хамт олон нь ч магтсан юм.

Дотоод, гадаадын хүчин зүйлсээс болоод Монголд худалдаалж буй бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Жилийн дотор зарим барааны үнэ  хоёроос гурав дахин нугарсан ч бий. Гурил будаа, сүү талх, хувцас хунар зэрэг бараа таваарын үнийн өсөлт эцсийн хэрэглэгчид буюу энгийн иргэдийн нуруун дээр ачаа болдог. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт эдийн засгийн хямрал баячуудын халаасыг зузаатгаж, эсрэгээрээ эмзэг бүлэг, энгийн иргэдийн халаасыг төнхдөг нь гэм биш. Энэхүү үнийн өсөлт Ш.Ганбатынхныг  тойрсонгүй. Өмнө нь 100 мянган төгрөгөөр тор дүүрэн хүнс авч, хөргөгчөө дүүргэдэг байсан бол энэ жилээс 100 мянган төгрөгөөр авсан зүйл нь тор дүүргэхээ больсон байна.

"ЦАЛИНГААРАА  ХӨРГӨГЧӨӨ ДҮҮРГЭЖ, ХҮҮХДҮҮДДЭЭ ГАРЫН МӨНГӨ ӨГӨХ НЬ АЗ ЖАРГАЛ"

Ш.Ганбат энэ жил 50 нас хүрчээ. Өөрөө хар ажил хийдэг тул хүүхдүүдээ энэ замаар явуулахыг хүсдэггүй болохоо ч хэллээ. "Гурван хүүхдэдээ эрдэм номд шамдахыг заахаас илүү зөв хүн болохыг л зөвлөдөг. Хүүхдүүдээсээ хариу нэхдэггүй. Тиймдээ ч онц сурахыг шаарддаггүй. Хүүхдүүд минь зөвхөн хичээл хийхээс гадна зөв хүн болж төлөвших нь чухал.

Ахуйн ажлуудаа хийж, биеэ даах чадварт ч суралцах ёстой. Амьдралын хэв маяг, ажилтай минь холбоотойгоор хүүхдүүд минь бүр багаасаа биеэ даасан. Дүүгээ хүргэж өгнө, даалгаврыг нь хийлгэнэ, усаа авна.

Хамгийн гол нь хашаа, гэр минь өөрийн нэр дээр байдаг болохоор гэр орон яах билээ гэж санаа зовохгүй. Гэрт амьдрах тав тухтай. Өвөл болохоор гэрт амьдрахад жаахан арчилгаа шаарддаг ч сайхан дулаалаад, цэвэрлэчихвэл гурван хүүхэдтэйгээ хоолоо идээд инээлдээд суух сайхан. Тэр үед л хамгийн жаргалтай байдаг. Элэг бүтэн, эрүүл саруул байх л гол нь" хэмээн ярьсан юм. Мэдээж, гурван хүүхдэд нь ээжийн хайр халамж үгүйлэгдэж буйг нуусангүй. Энэ гэрт эмэгтэй хүний гар үгүйлэгдэж буй нь илэрхий ч харагдсан.

Ш.Ганбат “Хүчит шонхор” захад өнгөрсөн гуравдугаар сараас ажиллах болжээ. Сайхан хамт олонтой болж, цалин хөлс, амьдралын орлоготой болсондоо талархлаа илэрхийлсэн. Өмнө нь барилга дээр ажилладаг байхад улирлаас хамаараад гэртээ ажилгүй суух нь цөөнгүй. Энэ үед хүүхдүүдээ тэжээхэд хэцүүхэн байснаа ч нуусангүй.

"Учиргүй их мөнгө олохгүй ч өдөр, өдөртөө цалингаа авдаг учраас оройдоо хүнсээ бэлдэж, гэртээ ирээд хүүхдүүддээ хэрэглээний мөнгө өгнө. Цалин минь өдөр бүр харилцан адилгүй. 10 тэрэг мах зөөгөөд 10 мянган төгрөг авах үе бий. 20-30 удаагийн эргэлт хийх ч өдөр гарна. Ямар ч байсан хоосон хононо гэж байхгүй. Өглөө захынхаа худалдаачдын барааг зөөж өгч, орой нь хөргүүр рүү хурааж, буцааж зөөнө. Хөдөлмөрлөж олсон мөнгө учраас амттай" хэмээн яриад тэрбээр аз жаргалтайгаар инээж суулаа.

Түүний хэлснээр элэг бүтэн, ажилтай, тогтмол орлоготойдоо аз жаргалыг мэдэрдэг хүмүүс бий. Харин мөнгөтэй, хөрөнгөтэй ч түүндээ сэтгэл ханаж, цаддаггүй хүмүүс бий. "Аз жаргалыг хүн бүр өөр өөрөөр мэдэрдэгт л аз жаргалын учир оршдог болов уу" гэж түүний яриаг сонсож суухад ийм  бодол төрсөн юм.

Өөрөөр хэлбэл, хүн болгоны аз жаргалын хэмжүүр өөр, хүмүүсийн аз жаргалыг мэдрэх, харах өнцөг ч өөр.  Ш.Ганбат "Хамт олон минь надад итгэж байгаа учраас онц шаардлага гарахгүй бол нэг өдөр ч амрахыг хүсдэггүй" гэсэн. Энэ нь  түүний ажил орлоготой байгаадаа хэчнээн сэтгэл хангалуун байгаагийн нэг илрэл буюу.

"ОДОО ЦАГТ ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ, АЖИЛТАЙ Л БАЙВАЛ БОЛНО"

Монголд өрх толгойлж амьдарч яваа олон мянган аавын нэг нь Ш.Ганбат. Гэхдээ энэ нь түүний сул тал, эмзэг асуудал биш гэдгээ ч хэлж байна. Хэдийгээр гэрт орж эм, гадаа гарч эр болж яваа ч үр хүүхдүүдийнхээ өсөн торниж, инээж тоглож байгаа нь амьдралынх нь гол утга учир гэх.  Тэр үр хүүхдүүдийнхээ төлөө хичээх хэрэгтэй, амьдрах ёстой гэв.

Нэг хэсэг өрх толгойлсон ээжүүдийн талаар ярьдаг байсан болохоос өрх толгойлсон аавуудын асуудал орхигдсон сэдэв байлаа. Харин сүүлийн үед өрх толгойлсон аавуудын асуудлыг ч төр засаг анхаарах болсон. Гэвч, тэднийх хүнсний талон, халамжийн бусад тэтгэмжийг авдаггүй гэнэ. Энэ нь хагасан, сагасан мөнгөтэйдөө биш. Бичиг баримтын зөрчилтэй учраас хүүхдүүд нь хүүхдийнхээ мөнгийг авч чадахгүй өдийг хүрчээ. Эндээс харахад "бичиг баримтын зөрчил"-тэй нэрээр халамж, тусламж авах ёстой хүмүүс нь төрийн "хайр, халамж"-ийн гадна үлдсээр л.

Тэднийх зөвхөн түүний цалингаар амьдардаг, өсч яваа хүүхдүүдийнх нь хэрэглээ их тул үнийн өсөлт багагүй дарамт болж буйг хэлсэн.  Байсхийгаад л ажилтай орлоготой яваадаа хэн нэгэнд талархах юм.

Хүний амьдрал олон өнгөтэй. Заримдаа цалин, мөнгөгүй байх үе гарна. Гэрийнхээ хажуугийн дэлгүүр, захынхаа таньдаг худалдагчийн лангуунаас зээл авах ч үе бий. Гол нь хүний итгэл алдахгүй байх л хэрэгтэй хэмээн тэр ярьж сууна.

Түүнд амьдралдаа алдаж явсан үе бий. Архи ууж, амьдралаа үрэн таран хийж явсан тэр өдрүүддээ өнөө ч харамсдаг.  Гэхдээ архинаас амьдралаа сольж болохгүйгээ ойлгосон, үр хүүхдийнхээ төлөө зүтгэх ёстойгоо ухаарсан нь түүний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт байсан аж.

 

"2015 ОНД ТУСЛАМЖААР 5 КГ ГУРИЛ АВЧ БАЙСНААС ӨӨР ХАЛАМЖ ХҮРТЭЖ ҮЗЭЭГҮЙ"

Нэг удаа тэднийд буцалтгүй тусламж гэж  2015 онд хорооноос өгсөн таван кг гурил зэрэг хүнсний дэмжлэг үзүүлжээ. Гэхдээ түүнийгээ дараа нь сүр болгон ярьдаг учраас "энэ төрлийн" дэмжлэг, тусламж авахаасаа цааргалдаг болсон байна. Түүний хүсэл бол өдрийн орлогоо нэмэгдүүлэх. Төрөөс  халамж горьдохгүй ажилтай, орлоготой байх нь түүний хүсэл мөрөөдөл аж.  Хэзээ нэгэн цагт, хүүхдүүд нь өсч томроход гэр хороолол хөгжсөн, гэр хорооллын замууд гэрэлтэй, аюулгүй байх болно гэж мөрөөддөг, итгэдэг гэнэ.

Монгол Улсад халамж авагчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж буй өнөө үед халамж горьдохгүй, хүлээхгүй ажилчин анги ховор болсон. Ажиллах хүчний хүний нөөц ч багасч байгаа цагт хөдөлмөрлөж яваа хүн ч олон байгаагийн жишээ энэ юм.

Ш.Ганбат таван ханатай жижигхэн гэртээ, дөрвүүлээ хоолтой, хувцастай, амьдарч байгаадаа үргэлж талархсаар. Амьдралыг, аз жаргалыг харах хүний нүд, сэтгэл өөр болохыг түүний ярианаас ухаарах шиг.  Аз жаргалыг холоос битгий хай, хажууд чинь байдаг юм шүү гэх үгээр энэхүү сурвалжлагаа өндөрлөе.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж