Казахстаныг зорих цагаачдын урсгал

Хуучирсан мэдээ: 2022.11.08-нд нийтлэгдсэн

Казахстаныг зорих цагаачдын урсгал

Казахстаныг зорих цагаачдын урсгал

Орос, Украины дайнаас үүдэлтэйгээр хуучин ЗХУ-ын орнууд руу урьд өмнө байгаагүй цагаачлалын урсгал үүсэв. Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-нд хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь нөхцөл байдлыг улам хурцатгаж, цагаачдын их давалгааг Төв Ази руу илгээсэн. ОХУ-тай хамгийн урт хиллэдэг Казахстан улс цагаачдын урсгалыг анхааралтай ажиглаж байна. Хоёр улсын хил 7644 км үргэлжилдэг. 1990-ээд оны үед орос үндэстнүүд олноороо Казахстанаас явсан бол өдгөө нөхцөл байдал эсрэгээрээ өөрчлөгдөж байна. Казахстан дахь орос үндэстний эзлэх хувь 1991 онд 37 хувь байсан бол 2020 онд 18 хувь болж буурчээ.

Өдгөө Казахстанд цагаачдын тоо огцом нэмэгдэж байгаа нь тэдний нийгэмд эзлэх байр суурь, эдийн засаг, улс төрд үзүүлэх нөлөө хэрхэх вэ, улс орны ерөнхий ирээдүй яах вэ гэсэн олон асуултыг төрүүлж байна.

Хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа залуу эрчүүд хамгийн тохиромжтой аль нэг гадаад улсыг сонгон хэдхэн цагийн дотор зугтах шийдвэр гаргасан. Энэ үед Оростой харьцангуй нээлттэй хилтэй Гүрж, Казахстан улсууд эн тэргүүний сонголт болжээ. Тоо баримт сөхвөл, дайчилгааны мэдэгдлээс 14 хоногийн дараа Гүрж руу 80 мянга, Казахстан руу 300 мянган орос иргэн нэвтэрсэн байна. Нислэгийн тасалбарууд дуусч, галт тэрэгээр, машинаар, явганаар хил гарах гэсэн хүмүүс эхний долоо хоногт хил дээр эмх замбараагүй байдал үүсгэв. Казахстан, Оросын хил ч ялгаагүй. Тэр дундаа Уралск, Петропавловск, Астана, Алматы хотууд хамгийн их цагаач хүлээж авчээ. Уралск, Петропавловск хотууд нь Оростой шууд хиллэдэг. Харин Астана нь Казахстаны нийслэл, Алматы нь хамгийн том хот юм.

Цагаачдын дийлэнх нь эрчүүд бөгөөд талаас илүү хувь нь 18-28 насныхан байгааг Казахстаны сэтгүүлч Лукпан Ахмедьяров мэдээлжээ. 30-аас дээш насны эрчүүд ч багагүй хувийг эзэлж байна. Цагаачдын дийлэнх нь эрчүүд байгаа ч тэд гэр бүл, эхнэрээ дагуулан ирсэн нь олон байв. Мөн мэдээллийн технологийн салбарт ажилладаг өндөр ур чадвартай залуус олон байсныг Ахмедьяров хэллээ. Мэргэжлээр нь бүлэглэж үзвэл, хоёр дахь том бүлэг нь хөгжимчид, зураачид, уран барималчид, блогчид гэх мэт урлагийн салбарынхан байв. Харин гурав дахь бүлэг нь дайнд зайлшгүй шаардлагатай эмч, эмнэлгийн ажилтнууд байв. Цагаачдын бүлгийн тун бага хэсгийг ур чадвар муутай мэргэжилтнүүд эзэлжээ.

Оросын дайчилгаа эхэлснээс хойш Казахстанд оршин суух үнэмлэх авах 200 мянга орчим өргөдөл ирснийг тус улсын Дижитал хөгжлийн сайд Асет Турысов аравдугаар сарын 27-нд мэдэгдсэн. Гэхдээ энэ нь нийт гадаадын иргэдийн тоо бөгөөд чухам хэдэн орос иргэн байгааг тодорхой хэлээгүй аж. Огноо болон ер бусын их тоог нь харвал ихэнх нь орос иргэн гэж таамаглаж байна. Казахстанд ажилд орох, утасны дугаар авах, банкны данс нээхэд оршин суух эрхийн үнэмлэхийг зайлшгүй авсан байх шаардлагатай юм. Дайчилгаанаас хойш хэчнээн орос Казахстанд нэвтэрч, хэд нь үлдсэнийг хараахан тодорхой тооцоолоогүй байна. Энэ тодорхойгүй байдал нь оросуудтай эдийн засаг, нийгмийн интеграцтай холбоотой стратеги боловсруулах, улс төр, аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэхэд хүндрэл учруулж буй.

Оросууд Казахстанд олноороо ирсэн гээд тэндээ удаан хугацаагаар үлдэж суурьшина гэсэн үг биш юм. Тухайн нөхцөл байдалд хилээр нэвтрэх журам нь хамгийн хялбар улсуудын нэг бол Казахстан байсан. Мэдээж олонхид нь цаашдын өөр төлөвлөгөө бий. Дүрвэж буй оросуудын ярианаас харахад Казахстаныг Гүрж, Турк зэрэг Төв Азийн бусад орон руу, цаашлаад Европ руу гарах эхний зогсоол гэж үздэг байна. Сүүлийн үеийн мэдээллээс харахад, Казахстанд өдөрт 8-9 мянган хүн орж ирж буй бол түүнээс арай олон буюу 10-11 мянган хүн тус улсаас гарч байна. Үндсэндээ орж ирж буй оросуудын тоо цөөрч, өмнөх үзүүлэлт рүүгээ буцаж байгаа аж.

Шалтгаан нь ОХУ-ын ерөнхийлөгч Путин Казахстаны ерөнхийлөгч Токаевтай хэлэлцээр хийж, тэднийг нутагт нь буцаах вий гэсэн айдас юм.

КАЗАХСТАНД ҮЛДЭХ ШАЛТГААН

Орос хэлний тархалт болон нийгмийн ижил төстэй байдал нь Казахстанд удаан хугацаагаар үлдэх нэг хүчин зүйл болж буй. Мөн Казахстаны эрх баригчид улсынх нь эдийн засагт 300 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн хүмүүст 10 жилийн виз олгох хуулийн төсөл боловсруулж буй зэрэг хүчин зүйл ч бий.

Хамгийн сонирхолтой нь Казахстаны засгийн газар болон иргэд Оросын цагаачдын эсрэг харьцангуй эерэг, найрсаг хандлагатай байсан явдал юм. “Сүүлийн өдрүүдэд Оросоос олон хүн манай руу ирж байна. Тэдний ихэнх нь найдваргүй нөхцөл байдал дунд ингэхээс өөр аргагүй байна. Бид тэдэнд анхаарал тавьж, аюулгүй байдлыг нь хангах ёстой. Энэ бол улс төр, хүмүүнлэгийн асуудал” гэж ерөнхийлөгч Токаев мэдэгджээ. Засгийн газар хямралыг намжаах, цагаачдыг саадгүй нэвтрүүлэх тал дээр эрчимтэй ажиллаж байна. Сайн дурын бүлгэмүүд цагаачдын байрлах байрыг түргэн шуурхай зохион байгуулж, хоол хүнс тарааж, унаа тэрэг хүртэл зохицуулж өгчээ.

Гэвч нөгөө талд Оросын цагаачдад туслахыг эсэргүүцэгсэд бас бий. “Тэд Украинчуудтай адилгүй, тэдэнд туслах гэж ийм их хүчин чармайлт гаргах шаардлагагүй” гэж олон хүн бухимдаж байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж