Валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

Валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж

Валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж

Монгол Улсын валютын албан нөөц өдгөө 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байна. Олон Улсын валютын сангийн Ажлын хэсгийнхэн сүүлийн арав гаруй сарын турш буурсан валютын нөөц ирэх онд ч буурах төлөвтэй байгааг анхааруулсан.

Алт үйлдвэрлэлийн салбар өнөөдрийн байдлаар шороон ордоос үндсэн орд руу шилжиж буй. Иймд ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой алтны төслүүдийг яаралтай эхлүүлж, экспортыг нэмэгдүүлэх нь валютын нөөцийг тогтвортой өсгөх нэг боломж болохыг салбарынхан онцолж байна.

УИХ өдгөө Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл болон Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж буй. Эрх баригч нам төсвийн төслийг хэлэлцээд, алтны экспортыг 30 тоннд хүргэх боломжийг дутуу “үнэлж”, 20 тонноор бууруулж оруулж ирсэн гэж шүүмжилж буй юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2022 онд 25 тонн алт олборлохоор төлөвлөжээ. Гэвч Төв банкны шинжээчид энэ онд 20-22 тонн алт олборлох боломжтой гэсэн төсөөлөл хэлж байна.

Алтны үнэ 2023 онд 1830 ам.доллар орчимд хүрэх төлөвтэй байгаа ажээ. 2023 оны төсвийн төсөлд дэлхийн томоохон банкууд бодлогын хүүгээ өсгөх, дэлхийн эдийн засгийн удаашралаас үүдэн алтны үнэ ирэх онд бага зэрэг багасах төлөвтэйг тэмдэглэжээ.

Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын алтны экспорт 131 сая ам.доллар буюу 29 хувиар өсөв. Биет хэмжээний хувьд алтны экспорт өмнөх оны мөн үеэс 25.5 хувиар нэмэгдсэн байна.

Монголбанк 2022 оны аравдугаар сард 2,196.8 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 17.2 тонн үнэт металл худалдан аваад буй юм. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5 хувиар буурсан үзүүлэлт. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2,260.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,234.3 кг үнэт металл тус тус худалдан авсан. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны аравдугаар сард дундаж үнэ 189,179 төгрөг байв.

Алт олборлолтын нөхцлийг саармагжуулж буй гол хүчин зүйл нь алт олборлолтын түүхий эдийг импортоор авдаг явдал. Тухайлбал, Монгол Улс цианитыг гаднаас импортолдог. Хил гаалийн саатал, геополитикийн маргаант нөхцөл байдлын улмаас цианитын нийлүүлэлт буурсан талаар алтны салбарынхан хэлж байна.

Үүний зэрэгцээ Монгол Улс мөнгөн усны Минаматагийн конвенцод нэгдэн орж, мөнгөн усны хэрэглээг бууруулах үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд planetGOLD төсөл хэрэгжиж буй. Энэхүү төсөл нь алтны бичил уурхай дахь мөнгөн усны далд хэрэглээг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд мөнгөн усны ялгарлаас үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм.

Дэлхийн зах зээл дээр Мягмар гариг (2022.11.07)-ийн байдлаар алтны спот үнэ 0.5 хувиар буурч, унц нь 1672 ам.доллар болжээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг огцом нэмэхгүй гэсэн хүлээлтээс үүдэн ам.долларын ханш хоёр хувиар суларч, алтны ханш гурван хувиар чангарсан байна. АНУ-ын алтны фьючерс 1,676.10 ам.долларт хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж