Нар, дэлхий, сар гурав нэг шугамд зэрэгцэн сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орох үзэгдлийг сарны бүтэн хиртэлт хэмээн нэрлэдэг билээ. Сар бүтэн хиртэх нь тийм ч ховор үзэгдэл биш бөгөөд маргааш /2022.11.08/ 2022 оны сарны хоёр дахь бүтэн хиртэлт болох гэнэ.
Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаач Б.Нямсүрэнгээс тодруулахад "Сар бүтэн хиртэлт болно. Улаанбаатар хотод тэнгэр цэлмэг байвал оройн 19:00 цагийг орчимд зурвасхан ажиглагдана. Сарны хиртэлт жилд хоёроос дөрвөн удаа болдог. Монголд тод ажиглагддаг сарны хиртэлт ч олон байдаг" гэв.
Энэ удаа дэлхийн бөмбөрцөг сарыг нарны гэрлээс бүрэн халхлах тул хэсэг хугацаанд хүрэн улаан өнгөтэй харагдах аж. Сарны бүтэн хиртэлт Ази, Австрали, Номхон далай, Америк тивийн нутгаар ажиглагдана. Сар дэлхийн сүүдрийн хойд хэсгийг дайрч нэг цаг гучин минут орчим үргэлжилнэ. Сарны бүтэн хиртэх хугацаа нь нэг цаг 24 минут ажээ.
Холбоотой мэдээ