Байгаль Орчин, Аялал жуулчлалын яамнаас агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар өнөөдөр /2022.11.07/ танилцууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Агаарын бохирдолтой холбоотой мэдээллийг иргэдэд нээлттэй өгөх ёстой. Аймгийн төв, суурин газарт ч агаарын бохирдол их болсон. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах гурван шатны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, богино хугацааны буюу сайжруулсан шахмал түлшний асуудал. Хоёрдугаарт, хагас коксын үйлдвэрийг Монгол Улсад байгуулах. Агаарын бохирдлыг үүсгэж буй эх үүсвэрүүд дээр яаралтай ажиллах шаардлага байгаа.
Өнгөрсөн хугацаанд яндан шүүгч, утаа шүүгчид хөрөнгө оруулалтууд олон хийсэн. Үүнд Байгаль орчны зөвлөлтэй хамтран шалгалтын ажлыг эхлүүлээд байна.
Агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөгдсөн мөнгө үр дүнтэй зарцуулагдсан эсэхийг шалгахаас өөр аргагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам утааны стандарт, хяналтыг тавьж байх чиг үүрэгтэй. Улаанбаатарт Тавантолгой түлш компанийн хоёр үйлдвэр ажиллаж байгаа. Үйлдвэрүүдэд шинэ технологи нэвтэрч чадаагүй. Хуучин технологиор явж байгаа тул чийгшил, дэгдэмхийг буулгах стандартыг мөрдөнө. Агаар, хөрс, ус, дотоод орчны бохирдлын хэмжээг хэмжиж, олон нийтэд танилцуулдаг байх ёстой. Ингэснээр бусад холбогдох байгууллагуудад хариуцлагын арга хэмжээ авна.
Мөн нийслэлд байгаа нам даралтын зуухуудыг хяналтын төхөөрөмжтэй болгон, бохирдол стандартаас давсан тохиолдолд мэдэгдэж, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж арга хэмжээг авдаг болно.
ӨДӨРТ ГУРВАН УДАА АГААРЫН БОХИРДЛЫГ ХЭМЖИЖ, ДҮНГ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛНЭ
БОАЖЯ-наас Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанар хэмжигч төхөөрөмж байршуулжээ. Өмнө нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг азотын давхар исэл, хүхэрлэг хий гэсэн хоёр үзүүлэлтээр хэмжиж байсан бол уг төхөөрөмжийг хэрэглэснээс долоон үзүүлэлтээр хэмжих боломж бүрдсэн байна. Тухайлбал,
- Тоосонцрын гурван төрөл болох PM1.0; PM2.5; PM10;
- Хүхрийн давхар исэл SO2;
- Азотын давхар исэл NO2;
- Нүүрстөрөгчийн дутуу исэл CO;
- Озон O3 үзүүлэлтүүд багтана.
“Хай Пэймэнт Солюшнс” ХХК 2022 оны гуравдугаар сараас эхлэн агаарын бохирдлыг хянах төхөөрөмжүүдээ туршилтаар суурилуулсан бөгөөд одоогоор Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Хайлааст, Богд хааны музей, Арт хаус /Туул рестораны хажууд/ гэсэн таван байршилд есөн төхөөрөмж ажиллуулж байна. Цаашид Улаанбаатар хотын хэмжээнд нийт 20 төхөөрөмж байршуулах ба бусад төхөөрөмжийг 21 аймаг, сумдад суурилуулахаар төлөвлөжээ. БОАЖЯ-ны дэргэд агаарын бохирдлыг хянах ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд өдөрт гурван удаа агаарын бохирдлыг хэмжиж, дүнг олон нийтэд мэдээлж байхаар болсон байна.
Холбоотой мэдээ