БАЙР СУУРЬ: Гэр бүл нь анхаардаггүй хүүхэд сэтгэлзүйн дархлаагүй байдаг

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Гэр бүл нь анхаардаггүй хүүхэд сэтгэлзүйн дархлаагүй байдаг

БАЙР СУУРЬ: Гэр бүл нь анхаардаггүй хүүхэд сэтгэлзүйн дархлаагүй байдаг

Монгол Улсад салбар бүрд мэргэшсэн сэтгэлзүйчийн хэрэгцээ шаардлага өндөр байдаг. Тэр дундаа боловсролын салбарт сэтгэлзүйчийн хүрэлцээ хангалтгүй байдгаас үүдэж өсвөр насны болон бага насны хүүхдүүдэд тулгамддаг сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсдэг билээ. Тиймээс мэргэшсэн боловсролын сэтгэлзүйчид ерөнхий боловсролын сургуульд яагаад хэрэгтэй, ямар ач холбогдолтой талаар сэтгэлзүйчдийн байр суурийг хүргэж байна.

СЭТГЭЛЗҮЙЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ ХУГАЦААНД ОНОЛЫН ХАЖУУГААР ПРАКТИКИЙГ ХОСЛУУЛАХ НЬ ЧУХАЛ

Баянгол дүүргийн лаборатори Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сэтгэлзүйч Ө.Цэлмэгсайхан:

-Манай сургууль 6200 гаруй сурагчтай. Сургуулийн хэмжээнд хоёр сэтгэлзүйчтэй. Миний хувьд анхны жилдээ ажиллаж байгаа. Ачааллын хувьд их боловч боловсролын салбарт ажиллах болсон шалтгаан нь хүүхэдтэй ажиллах их дуртай. Ерөнхий боловсролын сургуульд сэтгэлзүйчийн орон тоог гаргаж өгсөнд их олзуурхаж байгаа. Хүний анхдагч хэрэгцээг хангаж байж хоёрдогч хэрэгцээний асуудал яригдана.

Сэтгэлзүйн боловсролд анхаарч эхэлснээр сурч боловсрох, хөгжих хэрэгцээнүүд хангагдаж эхлэх боломжтой. Харин сургуульд энэхүү мэргэжлийн орон тоо байхгүйгээс олон жил хүүхдийн сэтгэлзүйн асуудлыг хойш тавьсан санагддаг.

Айдас, түгшүүртэй, сэтгэлзүйн ямар нэгэн асуудалтай хүүхэд өөрт төрж байгаа мэдрэмжээс үүдэж өөрийгөө тусгаарлах, хичээл номондоо анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх тохиолдол бий. Тиймээс сэтгэлзүйчид бид багш, нийгмийн ажилтан, гэр бүл гээд хамтарсан багаар хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн зөвхөн сурагчидтай биш багш, эцэг эхтэй ч хамтран ажилладаг.

Үе хоорондын ялгаанаас үүдэлтэй харилцаа, сэтгэлзүйн асуудлаас шалтгаалж хүүхэд дотогшоо болох, асуудлаа бусдад хуваалцахгүй хадгалах, өөрөө шийдвэрлэхийг оролдох зэрэг нь өдөр тутамд тохиолддог.

Тэгэхээр сэтгэлзүйчдийн хувьд аль болох тухайн хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг тогтоож, судалж байж харилцан ярилцаж дэмжлэг тусламж үзүүлдэг байгаа. Мөн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүй өвөрмөц онцлогтой байдаг. Миний хувьд сургуулиа төгсч дөнгөж ажлын байран дээр гарахад туршлага их дутсан. Тиймээс цаашид  боловсон хүчин бэлтгэх тал дээр онол, практикийг хослуулах нь зүйтэй санагдсан. Эцэг, эхчүүдийн хувьд ажлын цагийн байдлаас шалтгаалж хүүхдийнхээ сургуульд байнга ирж оролцох байдал хязгаарлагдмал. Мэдээж хүн бүр ажил амьдралтай ч хүүхдэд нь сэтгэлзүйн хувьд асуудал гарсан мэт ажиглагдаж л байвал эцэг, эхчүүд сургуулийн сэтгэлзүйчтэй ирж уулзаж, зөвлөгөө авах нээлттэй. Бид ажлын ачааллаас шалтгаалж тэр бүр хүүхдүүдийн асран хамгаалагчтай холбогдож амждаггүй. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөө хандвал бид хэрэгтэй зөвлөгөөг өгөх боломжтой байдаг.

ГЭР БҮЛИЙНХЭНДЭЭ ОРХИГДСОН ХҮҮХДҮҮДТЭЙ АЖИЛЛАХАД ХҮНДРЭЛ ИХ ГАРДАГ

Баянзүрх дүүргийн 79 дугаар сургуулийн сэтгэлзүйч Ц.Энхбат:

-Боловсролын салбарын сэтгэлзүйчид сургуулийн удирдлагууд, багш нарын дэмжлэг их хэрэгтэй байдаг. Манай сургуулийн хувьд өрөө болон анхан шатны бусад хэрэглэгдэхүүнээр бүрэн хангаж өгсөн. Сургуулийн сурагчдын хувьд гэр бүлийн асуудал их тулгамддаг. Хүүхдүүдтэй ажиллахад сэтгэлзүйчийн мэргэжлийн ур чадвар, харилцах арга техник хамгийн чухал. Тухайлбал, гэр бүл, анги бүлгийн болоод ганцаарчилсан сургалтуудын үр дүн өндөр.

Аав, ээж, гэр бүлийнхэн нь ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй орхигдсон хүүхдүүдтэй ажиллахад л хүндрэл их гардаг.

Манай сургуулийн тухайд 2973 сурагч, 112 багш, ажилчид, нэг сэтгэлзүйчтэй. Ачааллын хувьд мэдээж их. Ангиудад 40 минутаар хоёр удаа, өдөрт нийт гурван удаагийн сэтгэлзүйн сургалт ордог. Сэтгэлзүйн зөвлөгөөний цаг өдөрт тогтмол таван цаг байдаг. Тухайн цагтаа багтааж хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллана, тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг.

Сэтгэлзүйн асуудалтай хүүхэдтэй ажиллахад эхний 1-2 удаагийн уулзалтад оношилгоог хийдэг. Түүний дараагаар цаашид хэдэн удаагийн уулзалт хийж, сэтгэл заслын ямар үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөг гаргадаг байгаа.

Өмнө нь хүүхдүүд нэгнээ сэтгэлзүйчийн зөвлөгөөний өрөөнөөс гарахад “энэ хүүхэд мэдрэл муутай болчхож, сэтгэлзүйн асуудалтай юм байна” гэж гадуурхах, шоглох тохиолдол их байсан. Одоо бол өөрчлөгдсөн. Хүүхдүүд хүн бүрд асуудал байдаг гэдгийг таньж мэддэг болсон.

Сэтгэлзүйчид хамгийн их ханддаг хүүхдүүд бол 7-11 дүгээр ангийнхан. Бага ангийнхны хувьд гэр бүлээр нь дамжуулж харилцах нь илүү оновчтой байдаг.

Дэлхийн жишгээр бол 500 хүүхдэд нэг сэтгэлзүйч ногдох ёстой. Гэхдээ монголд энэ нь одоогоор боломжгүй. Тиймээс боловсролын салбарт сэтгэлзүйч, сэтгэл заслын эмч гээд багийг бүрдүүлж хамтарч ажиллах нь өнөөгийн нөхцөлд илүү оновчтой. Байгууллагын боломж, хүний нөөцөд тулгуурлаж шийдлийг эрэлхийлнэ гэх үү дээ. Ингэснээр хүнд чиглэсэн үйлчилгээ маань илүү хүртээмжтэй болж чадна.

Сошиал хөгжсөн өнөө үед үе тэнгийн дарамт шахалт, маргаан зэргийг цахим хуудаст шууд нийтлэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд хохирогч болоод холбогдогч талын аль алиных нь сэтгэлзүйг бодож үзэх хэрэгтэй.

Энэ мэт тохиолдлуудад ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө илүү хэрэгтэй байдаг. Сэтгэлзүйгээс гадна хүний эрх, ёс зүй гээд олон асуудал хөндөгддөг учир сэтгэлзүйчийн ур чадвар их нөлөөлдөг. Тиймээс Монгол Улсад боловсролын салбарын мэргэшсэн сэтгэлзүйчийн хэрэгцээ өндөр байна.

ОРОН НУТГИЙН АЛСЛАГДСАН СУМЫН ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛЗҮЙД АНХААРАХ НЬ ӨВӨРМӨЦ ОНЦЛОГТОЙ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн сэтгэлзүйч н.Мөнхзаяа:

-Орон нутгийн хүүхдүүд сэтгэлзүйн болоод боловсролын зарим сургалтуудаас хоцрогдох тохиолдол гардаг. Манай сургууль нийт 1300 гаруй сурагчтай. Өвөрхангай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн таван сэтгэлзүйчтэй. Нэг сэтгэлзүйч зөвхөн нэг суманд биш 5-6 сумын 6000 гаруй хүүхэдтэй харилцдаг. Хүүхдүүдийн хувьд сэтгэлзүйчид өөрөө хандах хувь ихэссэн. Гэхдээ шууд хандаад тусламж авахад бусад хүмүүсийн хандлага их нөлөөлдөг. Үе тэнгийнхэн, найзууд нь шоглохгүй ойлгож хүлээж авснаар харилцаанд асуудал үүсэх нь багасдаг.

Орон нутгийн сурагчдын хувьд хөдөө гэрээсээ ээж, ааваасаа хол айлд эсвэл дотуур байранд байгаа үед харилцан нээлттэй ярилцах хүн байдаггүй. Тиймээс малчдын хүүхдүүд буюу бидний нэрлэдгээр гэрээсээ хол алслагдсан сум, багийн хүүхдүүтэй  харилцахад сэтгэлзүйн өвөрмөц онцлогт нь тулгуурлаж зөвлөгөө өгөх шаардлагатай болдог.

Боловсролын салбарт сэтгэлзүйчийн хэрэгцээ жил ирэх бүрд өсч байна. Дэмжлэгийн хувьд сургуулийн удирдлагууд, орон нутгийн боловсролын газар гээд хэрэгцээтэй тусламжийг үзүүлдэг. Бидэнд хамгийн их тулгамддаг асуудал бол сурч хөгжих боломж. Улаанбаатар болоод бусад аймаг, сумдын сэтгэлзүйчтэй мэдлэгээ хуваалцах, туршлага судлах, олон улсын практикийн талаар мэдээлэл авах зэрэг нь их ач холбогдолтой санагддаг. Гэвч хүний нөөц бага байгаагаас тэр бүрд сургалтад хамрагдаж, өөрсдөдөө цаг зарцуулах боломж бага.

Орон нутгийн сэтгэлзүйчдийн хувьд малчдын хүүхдэд зөвхөн сэтгэлзүйн тусламж үзүүлэхээс гадна эрүүл мэндийн тусламж, дотуур байр, асран хамгаалагч, багш, сургуулийн нийгмийн ажилтантай холбон зуучлах гээд бүхий л алхмуудыг төлөвлөгөөний дагуу шат дараатай хийж гүйцэтгэдэг.

Мэдээж хүүхэд бүр өөр, өөрийн онцлогтой. Зарим нь асуудлаа нээлттэй хуваалцаж чаддаг байхад өөр нэгэн нь дотогшоо хаалттай төрлийнх байдаг. Эдгээр тохиолдлуудад сэтгэлзүйчийн ур чадвар чухал. Тиймээс боловсролын салбарын сэтгэлзүйчид эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн удирдлагууд гээд бүхий л талын дэмжлэг шаардлагатай байдаг. Ингэснээр нэг баг болж ажиллаж, хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг сууриар нь шинжилж, асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж